Дэлхийн яруу найрагчдын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр ЯРУУ НАЙРАГ-ГЭРЭЛ ЗУРАГТ үзэсгэлэн Монголын театрын музейд нээлтээ хийлээ. Ирэх баасан гариг буюу гуравдугаар сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжлэх үзэсгэлэнг “Зохист Дорно” хэвлэлийн газар болон Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. Яруу найрагч, зохиолчдоос гадна шүлэг найрагт дуртай уран бүтээлчид хуран чуулсан энэ өдөр мөн хамгийн хүндтэй зочид гэрэл зурагчид байлаа. Тэдний урих нэгэн шалтгаан бий. Учир нь Дэлхийн яруу найрагчдын өдрийг угтан гэрэл зураг, яруу найргийн өгүүлэмжээр дамжуулан Монгол орны эх орныхоо үзэсгэлэнт байгаль, эх нутгийг бүтээлээрээ олон нийтэд түгээх ажлын ийн зохион байгуулжээ. “Яруу найраг-Гэрэл зурагт” үзэсгэлэнд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны гэрэл зурагчид, мөн үе үеийн 21 яруу найрагч оролцсон юм. Энэхүү уран бүтээлийн үзэсгэлэнд Соёлын Гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин С.Цацралт, Соёлын Гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин Н.Бөхдамбий, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн, Ардын уран зохиолч, Соёлын Гавьяат зүтгэлтэн Тангадын Галсан, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхай зэрэг Монголын үе үеийн төлөөлөл болсон 21 яруу найрагч, 21 гэрэл зурагчдын хамтарсан бүтээлийн болон хөрөг зургийн үзэсгэлэнд дэлгэгдлээ.
Дэлхийн яруу найрагчдын өдөр Монголын театрын музейд нээлтээ хийсэн “ЯРУУ НАЙРАГ-ГЭРЭЛ ЗУРАГ” үзэсгэлэн энэ сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.
Энэ удаагийн үзэсгэлэнд Т.Галсан, Ц.Хулан, А.Эрдэнэ-Очир, Дан.Нямаа, Б.Ичинхорлоо, Ш.Лхамноржмоо, Р.Эмүжин, Л.Ганзул нарын 21 найрагчийн бүтээлийг 21 зурагчин өөрсдийн бүтээлээрээ амилууллаа.
ЗУРАГ, ЯРУУ НАЙРАГ ХОЁР ТӨСӨӨЛЛӨӨР ХОЛБОГДДОГ
Зураг, яруу найраг хоёр төсөөллөөр холбогддог. Нэг талаасаа дүрслэх урлагийн нэг өнцөг нь байгаа юм. Ямар ч яруу найрагчын шүлгээс уул усаа дээдэлж, ухаарлаа хүртэл дүрсэлж, дүрсний хэлээр өгүүлж бичсэн тийм шүлгүүд төрдөг шүү дээ. Түүнтэй адил гэрэл зурагчид орчлон ертөнцийг дүрслэх урлагийн орчин үеийн хэллэгээр илэрхийлж чаддаг. Түүнийгээ урлаг болтол нь хөгжүүлж авч явж байгаа уран бүтээлчид байдаг. Шүлэг яруу найраг, зургаараа ижилсэж байгаа нь өнөөдрийн энэ арга хэмжээний онцлог юм болов уу гэж харж байна. Аливаа урлаг гэдэг нэг ертөнцийн есөн өөр өнгө юм. Бүх урлаг хоорондоо адил болон төстэй, ялгаатай талуудтай байдаг. Адил, төстэй талуудаа харж, цаашдаа хамтарч ажиллах юм бол манай урлагийнханы дунд байдаг тус тусдаа, эсвэл бие биенээ дэмждэггүй, би гэдэг өвчнөөс хэт өвчилдөг гаж үзэгдлүүд алга болох болов уу гэж бодож байна. Хамтарсан, нэгдсэн сайхан бүтээлүүд цаашдаа төрөхийн болов уу. Урлаг хэмээх агуу сав шим ертөнцийн нэгэн эд эс гэдгээ бас мэдэрч, ойлгож, түүгээрээ бахархах болов уу гэж бодож байна.
НАЙРАГЧИД, ГЭРЭЛ ЗУРАГЧДЫН ХАМТАРСАН АНХНЫ БҮТЭЭЛ БОЛЖ БАЙНА
Энэхүү хамтарсан үзэсгэлэн гарах саналыг “Зохист Дорно” хэвлэлийн газрын ерөнхий редактор Б.Төгсжаргал өнгөрсөн намар бидэнд тавьж байсан юм. Тухайн үед бид маш сайхан хүлээж авсан. Өнөөдөр Дэлхийн яруу найрагчдын баярын өдөр. Энэ өдөр яруу найрагчдаас гадна гэрэл зурагчид ч баяртай сайхан байна. Бидний ажлыг хүндэтгэж, ийм сайхан арга хэмжээг зохион байгуулж буй “Зохист Дорно” хэвлэлийн компаний хамт олонд талархаж байна. Анх 30 гаруй яруу найрагчдын бүтээл, гэрэл зурагчид оролцохоор болж байсан. Үүнээс 21 яруу найрагч, гэрэл зурагчдыг сонгож, үзэсгэлэнд хамрууллаа. Яруу найрагчын сонгосон бүтээлд гэрэл зурагчид зургаа сонгох байлаа. Мөн гэрэл зурагчид тухайн сонгосон яруу найрагчийн хөргийг авах боломж олдсонд талархаж байна. Цаашдаа энэхүү ажил улам өргөжиж, олон олон яруу найрагчид, зурагчдын хамтын бүтээл гарна гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.
Ингээд Монголын театрын музейд дэлгэсэн "Зохист Дорно” хэвлэлийн газар болон Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж буй ЯРУУ НАЙРАГ-ГЭРЭЛ ЗУРАГТ үзэсгэлэнгийн агшнаас хүргэж байна.
Ч.БОЛОРЧУЛУУН