Украин улс ОХУ-аас авдаг байгалийн хийн төлбөрийнхөө
үлдэгдэл 20 гаруй сая долларыг төлөөгүйгээс болж, оросууд байгалийн хийн
цооногоо хаахаа мэдэгдсэнээс үүдэн өнгөрсөн хавар багагүй маргаан дэгдсэн
билээ. Өмнөх жилийн өвөл нь мөн л Украин төлбөрөө төлөөгүй гэдэг шалтгааны
улмаас Зүүн Европ бүхэлдээ хөлдөхөд хүрч байлаа. ОХУ Зүүн Европ болон Европын
ихэнх улсыг байгалийн хийгээр хангадаг болохоор тэдэнд санасан үнээ тулгаж, хүлээж
авахгүй бол хийн хоолойгоо хаачихдаг
зантай. Европын адил манай улс ч гэсэн ОХУ-аас шатахууны хувьд бүрэн
хараат улс. Энэ нь сүүлийн 20 жилд л хараат болчихоод байгаа юм биш. Анх газрын
тосны бүтээгдэхүүн хэрэглэж эхэлсэн цагаасаа л эрхшээлд нь орчихсон хэрэг.
Бид газрын тосны бүтээгдэхүүн хэрэглээд 92 жилийн нүүр үзэж
байна. Бас ч гэж дотооддоо бага сага түүхий нефть олборлож, газрын тосны
бүтээгдэхүүн гаргаж авч байсан туршлага бий. 1949 онд Зүүнбаянгийн орчмоос
нефть илрүүлж, багахан хэмжээний түүхий нефть олборлож эхэлсэн түүхтэй.
1950-иад оноос түүхий нефть нэрж, шатахуун, дизелийн түлш, мазут, кокс гэсэн 4
бүтээгдэхүүн гаргаж авч байж. Үүгээр дотоодынхоо хэрэгцээний 20-30 хувийг 20
орчим жил хангаж байсан гэдэг юм билээ. Гэвч Зүүнбаянгийн нефтийн нөөц ч дуусч,
үйлдвэр хаагдсанаар Орос ах нараас 100 хувь нефтийн бүтээгдэхүүнээ авдаг болсон
юм.
1960-аад оны дундуур Оросын удирдагч Брежневийг Монголд
айлчлахад нь манайхан нефтийн нэмэлт хайгуул хийж, боловсруулах үйлдвэр шинээр
барихад туслаач гэж хүссэн ч зөвшөөрөөгүй аж. Сибирьт их хэмжээний нефть олсон.
Тэндээс та нарын хэрэгцээг өлхөн хангана хэмээн Брежнев лүндэгнэчихээд яваад
өгчээ.
Манай улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээ өсөхийн хэрээр
1970-1980-аад онд дотооддоо нефть боловсруулах үйлдвэр барихаар багагүй
хөөцөлдсөн байдаг. Гэвч Оросын геологичид Монголд нефтийн томоохон орд байхгүй
гэсэн тайлбар тавьж, удирдагчид нь болохоор Монголд үйлдвэр барих талаар ганц ч
үг ганхийлгүй байсаар өдий хүрчээ. Үүнийг манай мэргэжилтнүүд улс төрийн бодлогоор
боловсруулах үйлдвэр барьж өгөөгүй хэмээн харддаг юм билээ. Оросуудын хувьд
социалист системийн орнуудад нэр нөлөөгөө алдахгүйгээр тэднийг хазаарлаж байх
гол хэрэгсэл нь байгалийн хий, нефть, нефтийн бүтээгдэхүүн учир стратегийн гол
“зэвсэг”-ээ хадгалж үлдэх нь чухал байсан биз. Украин тэргүүтэй Зүүн Европын
улсууд шиг оросуудын ааш хөдлөхөд орон
даяараа бужигнадаг улсуудын нэг нь манайх.
Олон жишээ дурдаж болох ч сүүлийн 3 жилийн үйл явдлаас бүх
зүйл тодорхой харагдана. 2008 онд нефтийн үнэ нэмэгдэхэд, хоёрхон сарын өмнө
Орост дотоодын шатахууны хомсдол үүсэхэд манай улс хөл толгойгоо олохгүй
бужигнаж байлаа. 5, 10 доллараар ч гэсэн хямд шатахуун авахсан, ядаж
шатахуунаар тасалдуулахгүй хангаач гэж гуйн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар маань
хойд хөрш рүү нисдэг уламжлал тогтоод удлаа. Оросууд тэр бүрт “окей” хэмээн
хэлдэг ч араас нь заавал нэг захидал илгээдэг нь гэм биш зан болчихсон. Олон
нийтэд ил мэдэгдэж байгаа нь шатахуун түгээх станц 100-г барих зөвшөөрөл
өгөхийг хүссэн “боловсон захидал” л байна. Түүний цаана өөр юү хүсч, шаардаж
байгааг хэлэхэд бэрх.
Хятад дэлхийгээр нэг тэнэн газрын тос хайж байна. Харин бид?
Хойд хөршөөс улбаатай шатахууны хомсдол манайд арайхийн
намжих үед урд хөршид маань нэгэн онцгой үйл явдал болж өнгөрөв. Өнгөрсөн сарын 17-21-ний хооронд БНХАУ-ын
Ерөнхий сайд Вэнь Зябаогийн урилгаар Ирак улсын Ерөнхий сайд Наури аль-Малики
анх удаа тус улсад айлчиллаа. Дайны хөлд бүрэн сүйдсэн Ирак улс шинэ бүтээн
байгуулалт өрнүүлэхэд асар их хөрөнгө мөнгө хэрэгтэй байгаа. Хятад улс энэ тал
дээр гар татахгүй тусалж чадна гэсэн бодлыг ноён Наури аль-Малики тээж явсан нь
тодорхой болсон. Харин Хятад хариуд нь газрын тос хамтран ашиглах санал тавихад
тэр татгалзаж чадаагүй. Иракийн газрын тос олборлох үйлдвэртэй Хятадын компани
хамтран ажиллах болсноор гурван жилийн хугацаанд өдөрт 25 мянган баррель газрын
тос олборлох болсон нь Иракийн газрын тосны үйлдвэрүүдийн сүүлийн хэдэн
жилийнхээс давсан үзүүлэлт аж. Энэ бол манай өмнөд хөршийн газрын тосны
хангамжаа нэмэгдүүлэхийн тулд хийж байгаа олон ажлын ердөө ганц жишээ. Угаас Хятад дэлхийгээр нэг тэнэж
газрын тос хайж байна. Саяхан Хятадын
төрийн мэдлийн газрын тосны CNOOC фирм Канадын газрын тос үйлдвэрлэгч OPTI-ийг
2,1 тэрбум ам.доллараар худалдан авлаа. Үүнээс гадна ОХУ, Дундад Ази, Өмнөд
Америк гээд дэлхийн газрын тосны нөөцийн дийлэнх нь байгаа бүс нутгууд руу
Хятадын компаниуд мөнгөө цүнхлэн нисэцгээж байна.
Хятадын газрын тосны нөөц тийм ч бага биш. 20.35 гигабаррель
нөөцөөрөө тэд дэлхийд эхний 15-д ордог. Гэхдээ олборлолт, боловсруулалтаараа
жижиг улсуудыг эс тооцвол сүүл мушгиж байгаа. Мөн дотоодод боловсруулдаг газрын
тосноосоо ганц ч дуслыг экспортолдоггүй. Тийм ч учраас өнгөрсөн сард Д.Зоригт
сайд яриа хэлэлцээр хийж байж сардаа 10 мянган тонн шатахуун авахаар болсныг
Хятадын хэвлэлүүд багагүй онцолсон. Товчхондоо бол Хятад аж үйлдвэржилт, эдийн
засгийн хурдацтай өсөлтөө хангахын тулд газрын тос гэлтгүй бусад олон төрлийн
ашигт малтмалын бүтээгдэхүүнийг нөөцөлж, олон эх сурвалжаас авахыг зорьж байна.
Наад зах нь л тэд Монголын Тамсагийн сав газарт бараг 1.5 тэрбум гаруй долларын
хөрөнгө оруулалт хийсний дүнд жаахан газрын тос олоод түүнийгээ бага гэж
голохгүй зөөсөөр байна. Хятадын “Петро Чайна Дачин Тамсаг”, “Доншен” компани
1996 оноос хойш нийтдээ 821.5 мянган баррель газрын тос олборлосноос 795 мянган
баррелийг нь Хятад руу экспортолсон тооцоо бий. Үнэндээ Хятадын хэрэглээний
хувьд өчүүхэн бага гэж чамлалгүй,
далайд дусал нэмэр гэгчээр олборлосоор байгаа юм.
Хятадтай харьцуулахад манай улс байгаадаа эзэн болж чадахгүй
суугаа нь дэндүү сул доройн илрэл гэлтэй. Жаахан нөөцөө бага гэж голохгүй, хэр
хэмжээнд нь таарсан боловсруулах үйлдвэр бариад ашиглаад байх боломж бүрэн бий.
Ядаж л улсынхаа нийт хэрэглээг хангаж чаддаггүй юм гэхэд үйлдвэржилтийн бүс
нутгаа хангаад байх боломжтойг мэргэжилтнүүд баталдаг. Цаашлаад дотооддоо бага
ч гэсэн үйлдвэрлэдэг болчихвол бид хойд хөршийнхөө барьцаанд орох дарамт бага ч
атугай хөнгөрнө.
Эдийн засгийн үсрэнгүй өсөлтийн ирээдүйг хүлээн суугаа энэ
цаг үед шатахууны хараат байвал эдийн
засгийн бие даасан байдлыг хангаж чадахгүй. Өнөө л шатахууны үнэ нэмэгдэж, төр
засгийнхан маань хойд хөрш рүү хүлгийн жолоо залдаг уламжлал хадгалагдах болно.
Ийм нөхцөл удвал нөгөө их бүтээн
байгуулалт, уул уурхай үйлдвэржилтийн том төслүүд гадны сонирхолд ороогдох нь
гарцаагүй. Дэлхийд томд тооцогдох Оюутолгой, Тавантолгой, 21 дүгээр зууны
бүтээн байгуулалт гэсэн өргөмжлөлийг цаасан дээр авчихаад байгаа Сайншандын аж
үйлдвэрийн цогцолборын ажил ид өрнөж байх үед дахиад хойд хөршийн харшил хөдөлбөл бид яах вэ.
Европын улсууд өнөөдөр ОХУ-ын байгалийн хийн хараат байдлаас
ангижрахын тулд жижиг гэж голохгүйгээр арга саам хайж байна. Тэд Дундад Ази,
хойд Африкийн орнуудаас байгалийн хий, газрын тос олборлох, импортлохыг зорьж
байна. Болгар улс гэхэд жилдээ 2,5 тэрбум куб.метр байгалийн хий хэрэглэдгээс 2
тэрбумыг нь ОХУ-аас авдаг. Өнгөрсөн сарын 7-ноос тэд ОХУ-аас авах байгалийн
хийн хэмжээгээ эрс багасгаж, өөр эх үүсвэрүүдээс авахыг хичээж байна. Дотооддоо
байгалийн хийн хайгуул, олборлолт явуулж, яваандаа Оросоос авах хэмжээгээ 500
сая куб.метр болтол багасгахаар төлөвлөж байгааг нь Оросын хэвлэлд бичжээ.
Украин ч мөн ялгаагүй байгалийн хийгээ багасгах талаар чармайлт тавьж байгаа.
Бид ч бас ОХУ-ын шатахууны хараат байдлаас ангижрах арга ухаан хайх цаг болсныг
хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа биз ээ.
Цаасан дээрх үйлдвэрүүд хаана явна вэ?
Манай улсын шатахууны хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж
байна. 2010 онд 800 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэсэн бол энэ
жил нэг сая тонн бүтээгдэхүүн хэрэглэх төлөвтэй. Энэ тоо 2015 онд 1.5 сая, 2020
онд 2 сая тонн болно гэсэн прогнозыг мэргэжлийн байгууллагууд гаргажээ. Харин
энэ хэрэглээг яаж хангах вэ гэдэг дээр
олон талын байр суурь сонсогдох боллоо. Ямар ч байсан холбогдох яамны зүгээс
хэд хэдэн боловсруулах үйлдвэрийг ойрын жилүүдэд барьж, 2015 он гэхэд дотоодын
хэрэглээнийхээ 70 хувийг өөрсдөө хангадаг болно гэсэн тооцоо хийжээ. Одоогийн
байдлаар тогтоогдсон болон Улсын эрдэс баялаг, нөөцийн санд бүртгэгдээд байгаа
200 сая тонн газрын тосноос 20-30 сая тонн бүтээгдэхүүн гаргаж, 20-30 жилийн
дотоодын хэрэгцээг хангах боломжтой гэсэн үг. Мөн Казахстан, Кувейт зэрэг
улстай түүхий нефть экспортлох талаар хэдийнэ тохирчихсон учир Монголд газрын
тос боловсруулах үйлдвэр байгуулах суурь нь тавигдчихсан гэсэн үг. Харин энэ
тосыг боловсруулах үйлдвэр нь хаана явна вэ?
Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹008 (034) дугаараас уншина уу.
C.Болд-Эрдэнэ