Чехийн Элчингийн өмнө монголчууд жагсав

Хуучирсан мэдээ: 2017.03.22-нд нийтлэгдсэн

Чехийн Элчингийн өмнө монголчууд жагсав

Монголд суугаа Чехийн Элчин сайдын яамны өмнө Монголын иргэд цугларав. Учир нь, Чехийн Элчин сайдын яамнаас долоо хоног бүрийн лхагва гаригийн 14.00-16.00 цагийн хооронд иргэдтэй уулздаг байна. Харин эдгээр иргэдийн нэр нь цуцлагдаж, уулзах цагтаа орж чадахгүй болсон талаар хэлж байв. Ажлын гэрээний визэнд орох цаг нь хойшлогдож, хүлээлгийн жагсаалтанд орсон иргэд Элчин сайдын яамны гадаа цуглаж эсэргүүцлээ илэрхийлжээ. “Яагаад визэнд орох цаг хойшлогдож, зарим нь цуцлагдсаныг тодруулах гэсэн юм. Бид өргөдлөө өгөх гэтэл авах хүн гарч ирэхгүй байна. Тиймээс энд цуглаж байна” гэсэн тайлбарыг иргэн Х.Буяннэмэх өгч байна. Чехийн Элчин сайдын өмнө Сүхбаатар дүүргийн цагдаа нар ирж, зохицуулалт хийж байлаа.

Чехийн арьс шир, бүс, суудлын бүрээс зэрэг үйлдвэрээс монгол ажилчин авч ажиллуулах санал ирүүлдэг аж. Эсэргүүцлээ илэрхийлэхээр ирсэн иргэдийн дунд сарын өмнө сонголт нь ирээд гэрээгээ авахыг хүлээсэн нэгэн байхад хоёр жилийн өмнө сонгогдсон ч одоо хүртэл явж чадаагүй эмэгтэй ч байв. Хэрвээ тухайн үйлдвэрт ажиллахаар сонгогдсон иргэн 1,6 жилийн хугацаанд очиж чадаагүй бол үйлдвэрийн зүгээс дахин сонголт явуулахад хүрдэг аж.

Чехийн элчинд цаг авч орохын тулд иргэний зүгээс 650 евро төлдөг байна. Мөн дээр нь ажлын гэрээгээ авахын тулд 750 евро төлдөг аж. Тиймээс өч, төчнөөн мөнгө төлчихөөд визэнд орж чадахгүй хасагдаж байгаад иргэд бухимдалтай байна. Энэ талаар Чехийн Элчин сайдын яамнаас тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж