Сонгуулийн хуулийг төрт ёсны аюулгүй байдлын талаас бодох ёстой

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийг төрт ёсны аюулгүй байдлын талаас бодох ёстой

УИХ-ын чуулган завсарласан ч Төрийн ордонд хуулиудын төсөл дээр ажиллах ажлын хэсгүүд үе үе хуралдаж байна. Ялангуяа Сонгуулийн хуулийн ажлын хэсэг шаргуу ажиллах шаардлагатай болжээ. Энэ талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн гишүүн Ж.Сүхбаатараас тодрууллаа.

-Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн явц байдал ямар байгаа вэ?

-Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахад пропорциональ, мажоритар тогтолцооны хувь хэмжээ ямар байх вэ гэдэг дээр УИХ дахь АН, МАН-ын бүлгийн санал зөрж байгаа. АН-ын бүлгийн хувьд пропорциональ давамгайлуулъя, эсвэл 38:38 гэсэн тэнцүү байдлаар оруулъя гэсэн. МАН-ын хувьд бүр анхандаа одоогийн мажоритар системийн элементийг хадгалаад пропорциональ системээр явуулъя гэж байсан. Сүүлдээ хүнээрээ сонгохгүй бол болохгүй юм байна гэсэн асуудал үүсч задраад дараагийн хувилбар руу шилжиж орсон. Тэгэхдээ хүнийг нь сонгоод үүнийг намд нь оруулж тооцъё. Өөрөөр хэлбэл хүнийг нь харж байж тухайн намыг тодорхойлдог тэр зүйлийг хийе гэсэн. Эндээс сонгогч санал өгөхдөө намыг дугуйлах уу, хүнийг дугуйлах уу, хүнийг дугуйлахдаа намыг тооцдог болох уу гэсэн асуудлууд гарч ирсэн.

Сонгуулийн тогтолцоог шинэчлэнэ гэдэг нь зөвхөн сонгуультай холбоотой асуудал биш. Улс төрийн намуудын цаашдын төлөвшилтэй холбоотой. Түүнийг дагаад төрийн тогтолцоонд ямар өөрчлөлт гарах вэ гэсэн асуудлыг дотроо агуулдаг. Тийм болохоор намын бүлгүүдийн санал зөрөлдөөнтэй байгаа нь хачирхалтай асуудал биш. Гэлээ гэхдээ одоо хувийн болоод намын ашиг сонирхлоо хойш тавьж, яавал Монгол Улсын сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох вэ, 2012 оны сонгуулиар Сонгуулийн хуульд ямар дэвшил гаргавал оновчтой болох вэ гэдэг талыг илүү харах ёстой.

-Намрын чуулганаар Сонгуулийн хуулийг баталж чадахгүй бол яах вэ. Тэгвэл ирэх жилийн сонгууль хуучин жижиг мажоритар тогтолцоогоороо явах уу?

-Хуучнаараа орчихвол ч яадаг юм гэж ярьж байгаа хүмүүс бий. Монголын төрт ёсны аюулгүй байдлын талаасаа энэ бол ихээхэн бодох ёстой асуудал. Хуучнаараа орох шиг амархан юм байхгүй. Гэхдээ 2008 оны сонгууль энэ Сонгуулийн хуулийг засч сайжруулахгүй бол болохгүй нь гэдгийг харуулсан. Бидэнд арванхоёрдугаар сарын 20 хүртэл Сонгуулийн хуулийг шинэчлэх хугацаа байна. Богино давчуу хугацаа байгаа учраас УИХ-д суудалтай намууд нийгмийн хариуцлага талаасаа ч, хууль зүйн хувьд ч хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж шийдэх ёстой.  Би байнгын хорооны даргын хувьд хууль гаргахыг намын бүлгүүдээс, гишүүдээс шаардаж ажиллана.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж