Өнгө өнгийн хээ хуартай хувцас хэрэгсэл, ширмэл ширдэг, сургуулилттай бүргэд гээд үндэснийхээ уламжлал хэв маягийг хадгалсаар ирсэн казах түмний “Науриз” буюу Нарны баяр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн гуравдугаар сарын 22 буюу өдөр, шөнө тэнцэх энэ өдөр казахууд өвлийг өнтэй давсны баяраа тэмдэглэдэг.
Баян-Өлгийн аймгийн Засаг дарга А.Гылымхант бидний хэдэн сэтгүүлчдийг дагуулсаар Баян-Өлгийн аймгийн Сагсай сумын баяр дээр очлоо. Тэнд домборын ая эгшиглэж, үнэгэн дахтай бүргэдчин залуу өөрийн эд хавыг гайхуулна.
Том гэрт ширээн дээр чанасан сүүж, каз, гурил будаа, чихэр жимс, боорцог цацсан байв. Энэхүү идээ будааг дастархан гэдэг аж. Нутгийнхны хэлж буйгаар дастарханы голлох идээг баварсаг буюу боорцог эзэлдэг гэнэ. Гэрийн эзэгтэй буржгар идээгээр бааварлаг сүүтэй цай чанаж, ирсэн зочдоо цайлахаас гадна Наурызын гол хоол болох көже аягалж өглөө. Көже буюу Наурызын шөлийг бэлтгэхдээ долоон төрлийн идээ, будаагаар /мах, давс, ус, аарц, будаа, буудай, сонгино/ амталдаг аж. Лалын шашинтай ард түмэн 300 жилийн өмнөөс тэмдэглэж ирсэн энэхүү баярт оролцож буйгаа хүн бүр Наурызын шөлийг цадталаа уух ёстой аж. Энэ нь ирж буй жилдээ цатгалан явахын бэлгэдэл ажээ. Нэг үгээр хэлбэл, Цагаан сараар айл болгон бууз хийдэг бол Наурызаар казах айл болгоноос шөл ууна гэсэн үг.
Баян-Өлгий аймгийн Сагсай сумын иргэн Ш.Алмагаас Наурызын бэлтгэл ажлын талаар тодрууллаа. Тэрбээр Наурызын баярт жилийн турш бэлтгэсэн аж. Намрын цагт аарц, ааруулаа бэлтгэж хадгалаад, бусад цагт нь гэрийн аравч, ширмэлээ хатгаж, камзолоо гоёсон байна. /Камзол гэдэг нь хээ хуартай өвдөгнөөс доош татсан пиджактай ижил хувцас/ Энэхүү хувцсыг 50 наснаас дээш эмэгтэй өмсдөг байна. Ш.Алма энэ жил 51 нас хүрч байгаа тул камзол өмссөн гэж инээмсэглэл тодруулан ярилаа.
Ингээд зочдоо идээ ундаагаар дайлсны дараа настан босч ерөөл айлтган, үр хойчдоо сайн сайхныг хүсч, бусад хүмүүс нь хоёр гарынхаа алгыг дээш харуулан сонслоо.
Наурызын баярын сайшаалтай нэг зүйл бол архи дарс огт хэрэглэдэггүй, тэр тусмаа ахмад настнуудын дэргэд архи үнэртүүлэхийг хатуу хориглодог байна.
Баян-Өлгий аймгийн Сагсай сумын иргэн О.Жания хэлэхдээ “Наурыз көжег 40 айлд орж амсах ёстой гэж үздэг. Яагаад гэвэл казахууд 40-ийн тоог эрхэмлэдэг. Тухайлбал, казахууд 40 настай эр хүнийг эрийн цээнд хүрсэн гэж үздэг. Учир нь, 40 ерөөл сонссоноор нэг нь ч гэсэн биелнэ гэж үздэг” гэлээ.
Үүнээс гадна казахууд гуравдугаар сарын 21-ний өдөр бурхан бууж ирээд, цэмцийсэн цэвэрхэн айлд орж ирвэл тэр жилдээ өвчин зовлонгүй, гай гамшиггүй сайн сайхан амьдардаг гэж бэлгэддэг гэнэ. Тиймээс гэр орон, эд хогшил, орчин тойрноо цэвэрлэдэг байна.
Ийнхүү Алтай таван богдын өвөрт нутаглах баян-өлгийчүүд зуу зуун жилийн тэртээгээс уламжлагдан ирсэн Наурыз баяраа өргөн дэлгэр тэмдэглэж байна.