Дэлхийн банкнаас эрхлэн гаргадаг “Түүхийн эдийн зах зээлийн тойм” тайланд аж үйлдвэрийн түүхийн эдийн үнэ 2017 онд өсөх төлөвтэй байгааг онцолжээ. Тухайлбал, газрын тосны үнэ энэ жилийн турш харьцангуй тогтвортой нэг баррель нь 55 ам.доллар байх буюу 2016 оныхоос 29 хувиар өснө гэж уг тайланд бичжээ. Зэсийн үнийн өсөлт хоёр оронтой тоонд байхаар, харин хөрөнгө оруулалтын эрэлт сул байгаагаас алтны үнэ найман хувь буурах төлөвтэйг дурдаад нэг тонн нүүрс дэлхий зах зээлд 70 ам.долларт байх тооцооллыг гаргажээ.
Тус тайланд дэлхийн эдийн засаг 2017 онд 2.7 хувь, 2018 онд 2.9 хувь өснө хэмээн тус Дэлхийн банкны мэргэжилтнүүд дурджээ. Харин 2019 онд дэлхийн эдийн засаг өсөхгүй, 2018 оны түвшнээ хадгалан үлдэнэ гэж таамаглажээ.
ХЭДИЙГЭЭР ДЭЛХИЙН БАНК АЖ ҮЙЛДВЭРИЙН ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ ӨСНӨ ГЭЖ ТААМАГЛАЛ ГАРГАЖ БУЙ Ч ЭНЭ НЬ УДААН ҮРГЭЛЖЛЭХГҮЙ ГЭДГИЙГ ОРОСЫН “ВЕСТИ” АГЕНТЛАГ ОНЦОЛЖЭЭ. УЧИР НЬ АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ДОНАЛЬД ТРАМП СОНГОГДСОН БОЛОН BREXIT ЗЭРЭГ ДЭЛХИЙН УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙГООР 2016 ОНД ЭДИЙН ЗАСАГ ЗАДАРЧ ЭХЭЛСЭН БӨГӨӨД ЭНЭ НЬ 2017 ОНД ҮРГЭЛЖЛЭХ ХАНДЛАГА БАЙГААГ ТУС АГЕНТЛАГИЙН ШИНЖЭЭЧИД ТОДОТГОЖ БАЙНА.
Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр нэг хүн ногдох байгалийн баялгийн нөөцийн хэмжээ багасч, улмаар ард иргэдийн орлого буурна. Гэсэн хэдий ч дэлхийн улс орны төр засаг зэвсэгт хүчний санхүүжилт болон төрийн өндөр албан тушаалтнуудын хөдөлмөрийн хөлсөнд зарцуулж буй зардлыг бууруулах бодолгүй байна гэж шинжээчид үзэж байна. Улмаар орлого нь амьдралд нь хүрэлцэхгүй байгаа ард түмэн муу хоол хүнс хэрэглэж эхлэх нь улс орныг аюулт тахал өвчинд нэрвэгдэхэд хүргэнэ. Эсвэл тус улсын Засгийн газар сүйрэх үйл явдал болох магадлалтай гэнэ.
Дэлхийн эдийн засаг иймэрхүү зарчмаар явж ирснийг шинжээчид хэлж. 1800 оноос дэлхийн хүн ам эрчимтэй өсч, улмаар аж үйлдвэрийн түүхий эдийн эрэлт нэмэгдэж эхэлсэн. Энэхүү эдийн засгийн зарчим нь 1970 он хүртэл хэвийн тогтвортой үргэлжилж, улмаар дэлхийн эдийн засаг өссөн билээ. Гэвч 1970 оноос хойш дэлхийн эдийн засгийн өсөлт маш удааширчээ. Үүний хажуугаар зардал өссөн байдаг байна. Энэхүү түүхэн туршлага нь бидэнд хямрал ойрхон байгааг сануулж байна хэмээн “Вести” агентлагийн шинжээчид онцоллоо.
Эдийн засгийн хямралыг даван туулахад ойролцоогоор 20-50 жил шаардагддаг байсан бол өнөөдөр дэлхийн улс оронд олон улсын санхүүгийн систем, олон улсын худалдааны систем, газрын тосны хэрэглээнээс ихэд хамааралтай байна. Энэ нь хямралын урт хугацааг багасгана гэв.
Дэлхийн эдийн засаг 2017 онд өөрчлөгдөнө
Энэтхэг, Хятад гэх мэт нүүрснээс хэт их хамааралтай улс орнуудын эдийн засгийн өсөлтийн хурд энэ жил саарах болон санхүүгийн асуудалтай нүүр тулгарах хүлээлттэй байна. Өнөөдрийн байдлаар 2016 оны нүүрсний хэрэглээний талаарх тоон мэдээлэл ил болоогүй аж. Гэхдээ зарим нэг улс орны мэдээлэлд тулгуурлан харвал нүүрсний хэрэглээний оргил үе 2014 он байсан гэдгийг харж болно.
Өөрөөр хэлбэл, дэлхий нүүрсний хэрэглээнээс байгалийн хийн хэрэглээ рүү шилжиж байна. Хятад улсад ашиггүй нүүрсний уурхайнуудаа хаасан мөн бусад уурхайн нь ажлын цагаа багасгасантай холбоотой нүүрний үнэ саяхан өссөн. Гэхдээ нүүрсний үнэ өссөн ч олборлолт нэмэгдэхгүй гэнэ. Хэрвээ нүүрсний нөөц багасч, бусад эрчим хүчний эх үүсвэрийн олборлолт өсөлттэй байвал 2017 онд эрчим хүчний хэрэглээ өмнөх түвшиндээ хадгалагдана.
Энэ бол харьцангуй өөдрөг таамаглал. Учир нь одоогийн байдлаар ихэнхи улс орнууд үнийг өсгөхийн тулд газрын тосны олборлолтыг багасгахыг хичээж байна.
2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал давтагдах уу?
Дэлхийн хүн амын тоо өсч, улмаар нэг хүнд ногдох эрчим хүчний хэрэглээ буурах таамаглалыг шинжээчид дэвшүүлж байна. Энэ нь дэлхийн эдийн засгийг уналтад хүргэнэ гэж шинжээчид үзжээ. Энэ нь 2007-2009 оны хямралын үед ажиглагдаж байсан түүхтэй.
Нэг хүнд ногдох баялгийн нөөцийн хэмжээ багассанаас үүдээд төр засаг хэцүү нөхцөлд орно. Улмаар импортын бараанаас түр хугацаагаар татгалзах улс орнуудын гадаад худалдааны бодлого эрчимжинэ, шинэ тариф бий болно гэсэн хүлээлттэй байна. Учир нь Засгийн газар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон түүгээр худалдан авч буй бараа бүтээгдэхүүний хэмжээг бууруулахыг хүсэхгүй. Иймээс улс орнууд энэ байдалд орохгүй байхыг хичээх болно. Нэг улсад үйлчилгээ бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөхөд нөгөө улсад энэ нь алдагдал авчирна. Гэхдээ улс орон бүр өөрийн эрх ашгаа хамгаална. Үүнтэй холбоотойгоор дэлхийн эдийн засаг глобалчлалаас протеционизм руу шилжинэ хэмээн Вести агентлагийн шинжээчид таамаглажээ.
Хятад дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч байхаа болино
Хятад улсын барилгын салбарт эрэлт муу нийлүүлэлт их байгаатай холбоотойгоор эдийн засгийн өсөлт нь саарах төлөвтэй байгаа аж. Үүнээс гадна ихэнх улс орон хятад улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний худалдан авагч байсан бол одоо хятадаас бараа худалдан авахгүй гэв. Үүнтэй холбоотойгоор хятадын эрчим хүчний нийт хэрэглээ буурна.
ХЭДИЙГЭЭР ОПЕК ОРНУУД ОЛБОРЛОЛТЫГ БАГАСГАЖ, ГАЗРЫН ТОСНЫ ҮНИЙГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙГАА Ч АРД ТҮМНИЙ ОРЛОГО НЭМЭГДЭХГҮЙ БОЛ ЦААШИД ГАЗРЫН ТОС, БАЙГАЛИЙН ХИЙН ҮНЭ БУУРНА ГЭСЭН ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙНА.
Энэ мэтчилэн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй байх төлөвтэй байна. Хэдийгээр оны эхэнд нөхцөл байдал сайжирч буй дүр зураг харагдаж байгаа ч ирэх жилүүдэд дэлхийн эдийн засаг 2008 оны хямралаас илүүтэй хямарна гэсэн хүлээлттэй байна. Хямрал хэр удаан үргэлжлэхийн таахын аргагүй. Ямартай ч 2017, 2018, 2019 онд дээрх нөхцөл байдал хадгалагдан үлдэнэ гэж шинжээчид тооцоолжээ.
БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ
ЭХ СУРВАЛЖ: WORLD BANK, VESTIFINANCE