-ТУСГАЙ ОЛИМП: АМЬДРАЛД ТОХИОХ НЭГЭН УЧРАЛ-
Нийтлэлч: Марку Датлер
15.03.2017
Вена хот
“Сайн байцгаана уу, бид Монголоос ирсэн” гээд хөгжилтэй инээлдэж, гараа даллах хүүхдүүд. Зарим нь харсан сонин зүйлийнхээ зургийг дарж байна. Тэдний ихэнх нь анх удаа гадаадад зорчиж байгаа. Харин багийн сэтгүүлчид тэднийхээ зургийг авч, бичлэг хийх үүрэгтэй. Сэтгүүлчдийн хэлснээр, тэд эх орондоо Тусгай Олимпын тухай мэдээлэхийн гол зорилго нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст олон нийтийн анхаарлыг хандуулах явдал ажээ.
Олимпын түүх маш баялаг ч гэсэн ямар нэг ашиг орлогын төлөө байгаагүй. Энэ удаа ч гэсэн монголчуудын хэлсэн шиг нөхөрлөл ба хүмүүнлэг үзэл санааны зорилготой томоохон арга хэмжээнүүдээр дүүрэн байгаа. Тэд яаж амьдардаг, юунд дуртай юм бэ? Ямар гэр бүлд өссөн хийгээд ямар хувь заяа тэднийг хүлээж байна вэ… Энэ бүхэн бидний хувьд заавал мэдрэх ёстой зүйлс билээ.
Тэд Монголын Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудаас, мөн Завхан аймгаас иржээ. Хамгийн залуу нь 14 настай, хамгийн ахмад нь 25 настай. Багийнхны Австри орноос хамгийн их сонирхож байгаа нь Театр, Хөгжим, Хөлбөмбөгийн стадион, Шоколад. Алдарт Musikverein-д зочилж, тайзан дээр хийлийн дөрвөл тоглож байхад тэдний сэтгэл үнэхээр их хөдөлж байгаа нь илт. Сонгодог хөгжмийн дуугаралтаараа дэлхийд өрсөлдөгчгүй гэж хэлж болох эл тайзнаас Суут Иоханн Штраусын “Дунайн вальс”, агуу Вольфганг Амадэус Моцартын “Шөнийн бяцхан серенада” эгшиглэсэн юм. Заал гэрэлтэй байсан. Гэхдээ тэр хүүхдүүдийн зүрх сэтгэлээс цацрах гэрэл илүү ихээр мэдрэгдэж байв.
2017 оны өвлийн Тусгай Олимп Австрийн Грац, Шладминг болон Рамзау хотод зохион байгуулагдаж байна. Энэ удаа 107 орны 2700 гаруй тамирчин, 1100 дасгалжуулагч, тамирчдын гэр бүлийн төлөөлөл 5000 гаруй ирсэн юм. Энэ аварга арга хэмжээний анхны хөтөлбөр болох Зочин хотын арга хэмжээг Австрийн Ротари клуб зохион байгуулсан билээ. Энд монголчууд Гүйлтийн цана, Бөмбөгтэй хоккэй, Цасны гуталтай гүйлт гэсэн гурван төрлөөр анх удаа оролцож байгаа ч “Энэ нь зөвхөн оролцох төдий биш, харин бүхэл амьдралдаа дурсах том үйл явдал. Тэд ямар их эрч хүч, урам, сэдэл авч, эх орондоо очоод хүлээн зөвшөөрөгдөх илүү их боломжтой болох учиртай юм” гэж Багийн ахлагч В.Ганзориг хэлсэн.
Монгол Улсын хувьд Өмнөд Солонгосын Пёнчанг хотод 2013 онд болсон өвлийн 11-р Тусгай Олимпод анх удаа урилгаар оролцжээ. Тэрнээс дөрвөн жилийн дараа ийнхүү бүтэн баг бүрдүүлээд албан ёсоор энэ Тусгай Олимпод ирж байгаа нь том амжилт юм. Учир нь Тусгай Олимп нь өөрөө оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд хамгийн том арга хэмжээ, хөдөлгөөн юм.
Мэдээж өндөр амжилт гаргах эрмэлзэл бол олимпын салшгүй нэг хэсэг. Монголчуудын хувьд 2015 оны Лос Анжелесийн зуны Тусгай олимпод анх удаа оролцохдоо 12 медаль эх орондоо авчирсан. “Гэсэн ч үүгээр жишээлээд тамирчдаа шахаж болохгүй. Тэдэнд амжилт гаргахад нь дарамт болно шүү дээ” гэж багийн орчуулагч даруухнаар хэлж байна. Тэрээр цааш нь, “Ерөөс энэ олимпод гаргах амжилтаас илүүтэй энэ олимпод оролцож байгаа нь өөрөө эх оронд минь баяр баясгалан, итгэл найдвар авчрах учиртай” гэсэн юм.
ОРЧУУЛСАН Д.ТҮМЭН-ӨЛЗИЙ