Үндсэн хууль үүргээ гүйцэтгэж байгаа юу?

Хуучирсан мэдээ: 2017.03.22-нд нийтлэгдсэн

Үндсэн хууль үүргээ гүйцэтгэж байгаа юу?

Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай юу гэдэг асуудал өмнөх парламентын үед яригдаж, ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, дүгнэлтээ гаргасан ч өөрчлөлт оруулж чадаагүй.

Шинэ УИХ байгуулагдсаныхаа дараахан дахин УИХ-аас ажлын хэсэг байгуулсан, ажиллаж байна.

Эл асуудлыг тойроод Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Засаглалын тогтолцоогоо сууриар нь засаж авъя гэвэл гарц нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэсэн байр суурийг нэг хэсэг нь барьж буй. Харин нөгөө хэсэг нь “Үндсэн хууль ач холбогдлоо алдаагүй. Улс төрийн намууд гаргасан алдаагаа тохох эзэн олдохгүй болохоор Үндсэн хууль руу чихэж байна. Хуулиа мөрддөггүй, хэрэгжүүлдэггүй нь хөгжилд чөдөр болж байгаагаас Үндсэн хууль үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон юм биш” хэмээн тайлбарлаж буй.

Энэ долоо хоногийн “VS” буландаа УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нарын байр суурийг онцоллоо.

М.ОЮУНЧИМЭГ

 

Ж.БАТ-ЭРДЭНЭ

Манай Үндсэн хууль бол маш сайн боловсруулж, удаан хугацаанд ажиллаж, олон хүний оролцоотойгоор батлагдсан хууль. Хэрвээ Үндсэн хуулийн зүйл, заалт бүрийг нь мөрдөж чаддаг бол голохооргүй хууль гэж үздэг шүү дээ. Гэхдээ улс төр, нийгэм, эдийн засгийн бодит байдлаас харахад эх хуульдаа зарим нэг зохицуулалт хийхгүй бол болохгүй нь гэх дүгнэлтийг олон нийт хийгээд байгаа. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвын эрх мэдэл, зааг, хариуцлага, үүрэг, эрх нь ямар төвшинд байх ёстойг тодорхой болгохгүй бол хариуцлага хүлээх болохоор хэн нь ч эрх мэдэлгүй юм шиг ойлгомжгүй болчихоод байна гэдэг.

Угтаа одоогийн мөрдөж буй Үндсэн хуулиар УИХ нь Ерөнхий сайддаа, Ерөнхий сайд нь Засгийн газрынхаа гишүүдэд хариуцлага тооцох заалттай. Гэтэл эдгээр заалт амьдрал дээр хэрэгжихгүй байна. Ийм нэг ойлгомжгүй байдал үүсээд байгаа учраас л Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв гэж үзээд байгаа юм. Гэхдээ ард түмнээсээ асуух ёстой.

Үндсэн хуулийг батлалцсан болон хуулийн салбарт мэргэшсэн боловсон хүчин, судлаачдын үгийг сонсох нь зүйтэй. Гол нь хууль өөрөө нийгмийн шаардлага хангахгүй байгаа юм уу, Үндсэн хуулийнхаа зүйл заалт бүрийг мөрдөхгүй байгаагаа олж харахгүй, өөрчлөх шаардлагатай гэж үзээд байна уу гэдгийг нарийн судлах шаардлагатай.

 

 

 

 

 

 

Үндсэн хууль бол бүх хуулийн эцэг шүү дээ. Энэ утгаараа үүргээ сайн гүйцэтгэж ирсэн. Улс орон, эдийн засаг хөгжихийн хэрээр нийгмийн бүтэц зохион байгуулалт, хөгжилтэй холбоотойгоор хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага гарч байгаа.

Үүнийг нийгмийн шаардлага гэж ойлгох хэрэгтэй. Өмнөх парламентын үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санаачлага гаргасан ч цаг хугацааны хувьд амжихааргүй болоод больсон л доо. Нэгэнт л эх орон, ард түмнийхээ өмнө хууль тогтоох үйл ажиллагаанд чин сэтгэлээр хандана гэж тангараг өргөсөн гишүүдийнхээ хувьд хэний, ямар Засгийн газрын үед юм уу аль нам хэдүүлээ байна гэдгээс үл хамааран хуулиа шинэчилж, өөрчлөх, сайжруулах шаардлагатай бол хийгээд л явах хэрэгтэй.

Тэгээд ч нам олонх боллоо гээд улс орон уруудсан түүх гэж байхгүй. Бүгд л тангараг ергөөд УИХ- ын гишүүн болдог учраас энэ утгаар нь авч үзэх хэрэгтэй. Төр, засаг бохир боллоо, улстөрчдөд итгэх итгэл алдагдсан гэж байна. Харин энэ бүхэн маань эргээд сонгуультай холбоотой болчихоод байна шүү дээ.

Тэгэхээр нийгмийн байгуулалтаа зөв болгох. Үүнээс үүдэлтэйгээр сонгуулийнхаа системтэй уялдуулаад улс төрийн институцээ зөв, цэвэр байлгах талаас нь уялдуулж, Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах ёстой.

Ингэснээр нийгэм урагшлах, наанадаж төрийн институцээ зөв ажиллуулах нөхцөл бүрдэх юм.

 

 

 

 

 

 

БЭЛТГЭСЭН Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж