-Хэрэвзээ шинэ хэлэлцээ албан ёсоор эхэлсэн тохиолдолд Чалкогийн өрийг дарсан гэх мессеж Тавантолгойн үнэлгээнд эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй-
Хуучин /2016/ оны арванхоёрдугаар сарын 21-нд албан ёсоор эхэлсэн Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрийн сураг чимээ одоогоор нам жим байна. Хэдийгээр салбарын сайд Ц.Дашдорж шинэ оны өмнө “Шинхуа” группын төлөөллийг хүлээн авч уулзахдаа Тавантолгой эдийн засгийн халуун сэдэв байх болно хэмээн мэдэгдэж байсан нь 14 дүгээр Далай ламын айлчлалтай холбоотой урд хөршийн таагүй хандлагыг зөөлрүүлэх гэсэн тактик болох нь тодорхой болжээ.
Учир нь улс төрийн томоохон сонгуулийн өмнө галаар наадах зоригтой нам эвсэл байхгүй л болов уу. Тэр тусмаа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө.
Алтан унжлагат тахиа жил эдийн засагт “алтан өндөг” харамгүй хайрлаж магадгүй байна. Хэрэвзээ Монголын бодлого боловсруулагчид зөв хөдлөх юм бол эдийн засгийн хямралаас гарах гарц хонгилын үзүүрт харагдаж эхэллээ.
Ялангуяа өнгөрсөн дөрвөн жил сайн мэдээгээр ховор байсан уул уурхайн салбарт эерэг хүлээлт бий болсны нэг нь “Эрдэнэс Тавантолгой” өрнөөсөө салахаар болсон гэх мэдээлэл.
Энэ талаар Даваа гаригт төрийн байгууллагынхантай уулзахдаа Ерөнхий сайд “Энэ сардаа багтаад БНХАУ-ын “Чалько” компанид Монгол Улс удтал төлж ирсэн нүүрсний сунжирсан өрийг бүрэн барагдуулж дуусгана.Ингэснээр Монголын ард түмнийг хэдэн арван жил тэжээх Тавантолгойн ордын өрөм нь болох Зүүн Цанхийн нүүрс Монгол Улсдаа, Монголын ард түмний мэдэлд эргэн ирж байна” гэсэн шинэ мэдээг дуулгасан юм.
Гэхдээ Чалкогийн өрийг дарсан ч, Тавантолгойн зүүн Цанхийн нүүрсийг давуу эрхтэйгээр тус компанид худалдахыг 2011 онд байгуулсан гэрээнд заасан байдаг билээ.
Одоогоос таван жилийн өмнө буюу 2011 онд С.Батболдын Засгийн газар иргэн бүртээ “Эх орны хишиг” тараахын тулд Хятадын төрийн өмчит хөнгөн цагааны үйлдвэр Чалко компанид Тавантолгойн зүүн Цанхийн нүүрсийг нийлүүлэх гэрээ байгуулж, жилийн 3-5 хувийн тогтмол хүүтэй 350 сая ам.долларыг зээлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Чалко компаниас авсан нийт 350 сая ам.долларын нүүрсний урьдчилгаа мөнгөний дийлэнхи буюу гуравны хоёр нь УИХ, Засгийн газрын шийдвэрүүд, Сангийн яамны шахалтын үндсэн дээр Хүний хөгжлийн санд шилжиж, иргэдэд сар бүр хорин нэгэн мянган төгрөг болж очсон нь хэдийнэ "үзвэл үнс, харвал хальс" болжээ. Уг нь энэ мөнгөөр "Эрдэнэс Тавантолгой" компани баяжуулах үйлдвэр барьсан бол ядаж л эдийн засагт ирэх дарамтгүй байлаа.
УГ ЗЭЭЛИЙГ ТӨЛӨХИЙН ТУЛД “ЭРДЭНЭТ ТАВАНТОЛГОЙ”-Н МЭДЭЛД БАЙХ ЗҮҮН ЦАНХИЙН КОКСЖИХ НҮҮРСИЙГ ЗУРГААН ЖИЛИЙН ТУРШ ЗӨӨСӨН. НЭГ ЖИЛД ЗҮҮН ЦАНХИАС ЭКСПОРТОЛСОН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ 4-4.5 САЯ ТОНН ГЭВЭЛ НИЙТДЭЭ 30 САЯ ТОНН НҮҮРСЭЭ ЧАЛКОД ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЭС ХЭД ДАХИН ХЯМДХАН ӨГСНИЙ ЭЦЭСТ 350 САЯ АМ.ДОЛЛАРЫГ ХҮҮТЭЙ НЬ ИЙНХҮҮ ТӨЛЖ ДУУСЧ БУЙГ ЕРӨНХИЙ САЙД МЭДЭЭЛЭЛДЭЭ ОНЦОЛСОН ЮМ.
Чанар, нөөцөөрөө дэлхийд нэгдүгээрт ордог нүүрсний ордоо Монгол Улс барьцаанаас гаргаснаар Тавантолгойн ордын үнэлгээ өснө. Өнгөрсөн хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" компани олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргаж чадахгүйд хүрсэн шалтгаан нь Чалкогийн өр.
Тавантолгойн баруун Цанхид олборлолтын үйл ажиллагаа явуулж буй TTJVO компанийн олборлолтын зардлын хөлс өсч, тэдэнд төлөх Монгол Улс өр нэмэгдээгүй бол шүү дээ. Чухамдаа шинэ оны дараахан авсан мэдээллийг харахад зүүн Цанхийг барьцаанд авсан Чалкогийн өр буурсан сайн мэдээг дагаад баруун Цанхид олборлолт явуулж байгаа TTJVO-гийн ажлын хөлс өссөн гэх яриа ч дуулдаж байсан юм.
Газрын дороо 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, гангийн үйлдвэрт ашигладаг хамгийн сайн нүүрстэй гэгдэх Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь Монгол Улсын олон жилийн мөрөөдөл болж байна. Гэсэн хэдий ч Монголын Засгийн газар ямар хувилбараар, хэнтэй хамтарч Тавантолгойн нүүрсийг олборлох борлуулах, мөн төмөр зам барих вэ гэдгээ одоо ч шийдэж чадаагүй, энэ асуудал яригдах бүрт эрх ашиг нь давхар хөндөгддөг улстөрчид ч, компаниуд ч бий.
Шинэ засагт Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах гурван ч хувилбар байгаа гэх. Гэхдээ Тавантолгойг яаж ашиглах вэ, хэнээр ухуулж, хэнээр төмөр замаа бариулах вэ гэдэг дээр олонхын бүлэг, тэр тусмаа Засгийн газрын танхимын гишүүд нэгдсэн тохиролцоод хүрч чадахгүй байгаа юм.
Тиймээс Тавантолгойн хувь заяа энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуулиас хамаарахаар болж байна. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуульд аль намын хэн ялахаас Тавантолгой хөдлөх үгүй нь шийдэгдэнэ. Хэрэв Ардчилан нам ялбал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар хүчтэй Гүйцэтгэх засаглалтай болсон тохиолдолд Тавантолгой төлөвлөсөн ёсоор 2018 онд хөдөлж магадгүй. Учир нь Тавантолгойг 2018 оноос хөдөлгөнө гэдгээ Мэргэжлийн Засгийн газар тов тодорхой зарласан.
Одоогоос долоон жилийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” компани Лондон, Хонконгийн хөрөнгийн биржид гурван тэрбум ам.долларын IPO гаргах хэлэлцээг эхлүүлсэн ч С.Батболдын засгийн үед тавьсан өрийн асуудлаас болоод энэ ажил үр үр дүнд хүрээгүй байдаг. Тус компанийн IPO хийх тендерийг Монголын Засгийн 2010 онд зарлаж, мөн оныхоо арваннэгдүгээр сард Голдман Сакс банк, Дойче банк, “BNP Парибас “ болон “Маквайер групп” шалгаруулсан ч тодорхой хэмжээний хөлс мөнгөний зарлага гаргаад л өнгөрсөн билээ.
ТЭГВЭЛ ЧАЛКОГИЙН ӨРИЙГ ДАРСАН ГЭХ МЕССЕЖ ТАВАНТОЛГОЙН ҮНЭЛГЭЭНД ЭЕРЭГЭЭР НӨЛӨӨЛӨХ НЬ ДАМЖИГГҮЙ. УЧИР НЬ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ"-Н ӨРИЙГ ДАРСНААР ТУС КОМПАНИ ӨӨРӨӨ ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД IPO ГАРГАЖ, ХӨРӨНГӨ ТАТАХ БОЛОМЖ НЭЭГДЭЖ БАЙНА.
Энэ тохиодолд улстөрч болгоны амны уншлага болсон "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 ширхэг үхмэл хувьцаа амь орно гэсэн үг.
Ж.ЭРХЭС