Ардчилсан намын дотоод сонгууль дөрөвдүгээр сарын 2-нд болно. Энэ сонгуулиар АН-ын Үндэсний бодлогын хорооны 380 гишүүн, аймаг, нийслэл, дүүргийн намын дарга нар сонгогдоно. АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо нэрээ өөрчилж Үндэсний бодлогын хороо болж өргөжсөн. АН-ын дотоод сонгууль болон цаг үеийн зарим асуудлаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.
-Ардчилсан намын Үндэсний бодлогын хороонд нэр дэвшигчид тодорсон. Та яагаад ҮБХ-нд нэр дэвшсэнгүй вэ?
–АН-ын дотоодын сонгуулийн хорооны зохион байгуулж байгаа зарим асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа. Түүнээс болоод эсэргүүцэл илэрхийлээд, дэвшээгүй гэх үү дээ.
–Нэр дэвшигчдийн төлж байгаа хураамж, дэнчингийн мөнгө нь хэт өндөр байгаад АН-ын зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. Гэсэн хэдий ч нэр дэвшигчид бүгд л мөнгөө төлсөн байх?
–Хураамж, дэнчингийн мөнгө зөвхөн сонгуулийн зохион байгуулалтад зарцуулагдах ёстой. Гэтэл тийм өндөр дүнтэй хураамж авч байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Өмнө нь ийм өндөр дүнтэй хураамж авч байгаагүй учраас үүнийг илүү их эсэргүүцэж байгаа. Мэдээж тодорхой хэмжээний мөнгө авах ёстой. Гэхдээ хүссэн мөнгөө олдог нам гэж хаана ч байхгүй.
Манай нам улс төрийн үйл ажиллагаагаа зохион байгуулах хангалттай чадварлаг гишүүдтэй, татвар төлөгч гишүүдтэй. Гэтэл өнөөдөр татвар төлөгч нарынхаа төлдөг татварыг хэд дахин нэмсэнд би маш их шүүмжлэлтэй хандаж байгаа.
Жирийн гишүүдийнхээ төлдөг байсан татварыг хэд дахин нэмээд, огт төлдөггүй байсан мөнгийг төлж байгаа нь халааснаасаа мөнгө гаргахдаа ардчиллыг босгох гэж мөнгө төлөөд байна уу, эсвэл унагах гэж төлөөд байна уу гэдгээ хариуцлагатай бодох хэрэгтэй. Өмнө нь хэзээ ч байгаагүй хураамжийг авч байгаа нь зүгээр л манай намыг өөрийнх нь гараар өөрийг нь устгуулж байгаа хорлонтой үйл ажиллагаа гэж бодож байна.
-Үндэсний бодлогын хороонд нэр дэвшигчдийн жагсаалтыг харж байхад шинэ гишүүд маш их харагдаж байна. Шинэ гишүүд Үндэсний бодлогын хороонд нэр дэвших нь хэр зохимжтой вэ?
–Намын шинэ гишүүн, хуучин гишүүн ҮБХ-ны гишүүн болох ёстой гэсэн ойлголт байхгүй. Нэгэнт нэгдсэн журмаар зохион байгуулагдаж байгаа сонгуульд өөрийгөө илэрхийлээд оролцоно гэдэг бол хувь хүний эрх чөлөөний асуудал. Харин ч ҮБХ-нд шинэ хүмүүс орж ирж байгаа нь нөгөө талаар АН-д сайн ч зүйл байж болно.
Шинэ, залуу, эмэгтэйчүүдийг бодлогын хэмжээнд оруулж ирж байгаад шүүмжлэх зүйл бол алга. Гол нь би зохион байгуулалтыг хийж байгаа намын удирдлагуудад л шүүмжлэлтэй хандаж байгаа. ҮБХ-нд залуучууд, эмэгтэйчүүд их орж байгаа. Миний хувьд улс төрд орж байгаа залуу эмэгтэйчүүдтэй туршлага хуваалцах, дэмжих байдлаар ажиллана.
-АН-ын Үндэсний бодлогын хороонд нэр дэвшиж байгаа хүмүүсийг хараад МоАХ, “Шонхор” фракцын гишүүд их байна гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд байна. МОАН санаачилгынхан яагаад Үндэсний бодлогын хороонд орсонгүй вэ. МОАН санаачилга намын үйл ажиллагаанд хэр идэвхтэй оролцож байна вэ
-Үндэсний бодлогын хорооны гишүүдэд хүссэн хүн бүхэн л нэр дэвшсэн байх. Гишүүд намын үйл ажиллагаанд их идэвхтэй оролцож байгаа. Бид дотоод сонгуулийг шударгаар явуулах гэж ил, далд, олон мэдээлэл хийж, гишүүддээ сэрэмжлэх мэдлэг мэдээллээр хангаж ажилласан. Намын гишүүд эрхээ эдэлж байхдаа хууль ёсны дагуу байгаасай гэдэг үүднээс л энэ бүхнийг хэлж байгаа юм.
-Улсын дээд шүүх Ардчилсан намын даргыг бүртгэсэн ч намын шинэ дүрмийг бүртгэж авахаас татгалзсан. Тиймээс дотоод сонгуулийг хуучин дүрмээр зохион байгуулна гэдгийг намын удирдлага хэлсэн. Хуучин дүрмээр бол ҮЗХ-ны гишүүдийг УИХ-ын гишүүдээс бүрдүүлнэ гэж заасан байгаа. Ийм тохиолдолд дөрөвдүгээр сарын 2-нд болох сонгууль хүчин төгөлдөр болох боломжтой юу?
-Үндэсний бодлогын хороонд нэр дэвшээгүй бас нэгэн шалтгаан надад бий. Яг ийм тохиолдолд яах ёстой, улс төрийн намууд ямар шийдвэр гаргаж байсан жишгийг мэдэхгүй байна. Манай нам бол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй, дүрэмтэй. Гэтэл шинэ дүрмээр байгуулагдах институци байгуулах гэж байгаа нь эргэлзээтэй асуудал болж байгаа юм. Хамаг мөнгөө төлөөд энэ сонгуульд оролцлоо гэхэд сонгуулийн үр дүн эрх зүйн чадамжтай болж чадах уу гэдэг нь эргэлзээтэй байгаа юм. Энэ эргэлзээг намын удирдлага, Ерөнхий нарийн бичгийн дарга Улсын дээд шүүхээс бүртгэхээс татгалзсан заалтуудыг өөрчлөх, намын дотоод асуудлаа хурдан цэгцлэх ёстой. Дөрөвдүгээр сарын 2-оос өмнө энэ эргэлзээг арилгаж, тодорхой ажлуудаа яаравчлах шаардлагатай. Намын гишүүдийнхээ эргэлзээг тайлах ажлаа яаралтай хийх хэрэгтэй байна.
-Улсын дээд шүүхийн бүртгэж аваагүй шалтгааныг та юу гэж харж байна?
-Энэ талаар сайн мэдээлэлгүй байна. Шүүх хурлын үеэр манай зарим гишүүн орох гэсэн боловч оролцуулаагүй байсан. Тэгэхээр тодорхой мэдээлэл алга. Намын дүрмийн төсөлтэй ч танилцаж амжаагүй л явна.
-Дүрмийн бус аргаар сонгууль явууллаа гэхэд үүнийг баталгаажуулахгүй байх хууль зүйн үндэслэл байдаг юм болов уу?
-Манай улсын хуульд нэг аюултай зүйл байдаг. Тодруулбал, намын дотоод маргаан руу шүүх оролцохгүй гэдэг хуультай. Өөрөөр хэлбэл, нам яаж ч хэрэлдэж байсан дотооддоо л учраа ол. Шүүх үүнийг чинь тасалж өгөхгүй шүү гэдэг хуультай.
Манай улс төрийн намуудын тухай хуульд ч, тэр шүүх тогтолцоонд ч тэр “Олгой хагаравч тогоон дотроо” гэдэг хууль боловсруулчихсан юм. Тиймээс бид нам дотроо болж байгаа зүйлээ шүүмжилнэ, намын гишүүдтэйгээ ярилцана. Гэхдээ үүнийг шүүх хөндлөнгөөс хараад сууж байна гэсэн үг. Хуулийн нүдээр харвал манай намын дарга нар, дотоод сонгуулийн хороо, бид ч юм уу бүгд л гэмт хэргийн шинжтэй зүйл хийж байж магадгүй. Гэтэл хууль нь өөрөө ингээд батлагдсан болохоор хараад суухаас өөр ямар ч арга байхгүй. Шударга ёсыг тогтоох үлдсэн эцсийн арга нь дөрөв дэх засаглал болох хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх л болоод байна. Ер нь бол болдог юм болдгоороо болоод өнгөрнө гэдэг хэсэг бүлэг байхад болоод өнгөрлөө гэхэд намын зарчмын талаар бид ярьдаг зүйлээ ярьсаар л байх болно.
Ардчилсан намд зарчмын том алдаа гарч, татвар гувчуур нэмэгдэх гэнэтийн муухай үзэгдэл эхэллээ. Энэ нам гэнэт буруу зүйл рүү яваад эхэллээ шүү гэдгийг хэлэхээс өөр арга алга.
Ардчилсан намд зарчмын том алдаа гарч, татвар гувчуур нэмэгдэх гэнэтийн муухай үзэгдэл эхэллээ. Энэ нам гэнэт буруу зүйл рүү яваад эхэллээ шүү гэдгийг хэлэхээс өөр арга алга.
-Намын дүрмээ бүх гишүүдээрээ хэлэлцүүлж, танилцуулж байж Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн гэдгийг намын удирдлагууд хэлж байсан?
-Намын наймдугаар их хурлаар тарааж өгсөн дүрмийн төсөлтэй бүх гишүүд танилцсан. Гэхдээ их хурлын үеэр маш олон гишүүдээс санал, санаачилга гаргасан. Түүний тусгаад эцсийн байдлаар гаргасан дүрмийн төсөлтэй одоо болтол танилцаагүй байна.
Бид ямар дүрэм өргөн барьсан, дээд шүүх дээр яагаад ингэж удаад байгааг мэдэхгүй, таг харанхуй л байна. Тэгэхээр цэвэр хардах эрхээ эдлээд хардаж хэлэхэд намын их хурлаар батлагдсан шинэ дүрмийг батлагдсаных нь дараагаар хэсэг бүлэг хүмүүс зассан учраас бид нарт харуулахгүй байгаа юм болов уу л гэж бодож байна.
Өөрсдөдөө хэрэгтэй зүйлийг нэмж оруулаад, өөрт хэрэггүй зүйл батлагдсан бол тэрийгээ хасаж эрх мэдлийг цөөхөн хэдхэн хүний хүрээнд өөрчлөх үйл ажиллагаа явагдсан юм болов уу. Хаалттай байгаагийн цаана бохир зүйл байгаа болов уу гэсэн хардлага байна.
-Ардчилсан намын дарга С.Эрдэнэ томилогдоод багагүй хугацаа өнгөрч байна. Намын шинэ даргын хийж буй ажилд хэр сэтгэл хангалуун байна вэ
-Ер нь бол намын дарга томилогдсоноосоо хойш хийж байгаа анхны ажил нь дотоод сонгуулийг зохион байгуулах гэж байна. Энэ сонгууль дээр намын даргаа хоёр гараа өргөөд дэмжиж чадахгүй байна. Дотоод сонгуулийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, маш их мөнгөний асуудал, Улсын дээд шүүх намын дүрэм бүртгэхгүй байх, хугацаа алдах зэрэг нь дэмжих боломжгүй болгож байна. Намын даргад дүн тавь гэвэл сайн дүн тавьж чадахгүй.
-Ардчилсан намын ирээдүйг та юу гэж харж байна. АН шинэчлэгдэж чадахгүй нь гэсэн болгоомжлол байх шиг байна, зарим хүмүүст?
-Тийм болгоомжлол байна. Намын жирийн гишүүдийнхээ хэлж байгаа шүүмжлэлийг хэр зэрэг хүлээж авахаас бүх зүйл шалтгаална. Манай намын нэг давуу тал бол дутагдал гарвал тал талаас нь шүүмжлээд засаад авдаг нам. Шүүмжлэл их байна гэдэг нь нам аяндаа шинэчлэгдэх, өөрчлөгдөнө гэсэн үг. Нам өөрөө өөрийгөө засах тогтолцоо руу орж, гишүүдийнхээ үгийг сонсоод алдаагаа засаад явбал засрах боломжтой. Гишүүдийнхээ хэлж байгаа санал, шүүмжлэлийг сонсохгүй, энэ байдлаа засахгүй яваад байвал эрсдэлтэй.
-Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болно. Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэмжинэ гэж бодож байна, хувь гишүүний хувьд?
-Одоогоор тогтсон бодол алга. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн хэн өрсөлдөх вэ гэсэн өрсөлдөөний дүр зураг бүрэн гараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Магадгүй АН-аас ийм хүмүүс нэр дэвшинэ гэсэн дүр зураг гарсан тохиолдолд хэнийг дэмжих вэ гэдгийг тодорхой хэлж болох байх.
Ш.ЧИМЭГ