Дональд Трамп “ядуурчээ”

Хуучирсан мэдээ: 2017.03.21-нд нийтлэгдсэн

Дональд Трамп “ядуурчээ”

Дэлхийн баячууд 2017 онд өөрийн хөрөнгө ойролцоогоор 16 хувиар өсгөсөн бол Дональд Трамп хөрөнгө 22 хувиар буурчээ.

2017 онд Forbes сэтгүүл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хөрөнгийг 3.5 тэрбум доллар гэж үнэлжээ. Энэ нь Дональд Трампыг сонгуульд оролцохоос өмнөх үнэлгээнээс 200 сая доллараар бага байгаа юм. Гэхдээ Дональд Трамп нь АНУ-ын ерөнхийлөгч болсон нь түүний бизнест ашиг авчирсан. Тодруулбал, түүний Палм-Бич клубын гишүүнчлэл хоёр дахин нэмэгдсэн. Мөн хүмүүс Вашингтон хотод байрлах Трамп зочид буудлын нэг хоногийн төлбөрт 18 мянган доллар өгдөг гэнэ. Хэдийгээр Дональд Трампын бизнес улам өргөжсөн ч тэрээр дэлхийн хамгийн баян хүмүүсийн чансааны 544-т бичигджээ. Үүнээс гадна Трампын хөрөнгө жилийн дотор нэг тэрбум доллараар багассан байна.

2016 онд Forbes түүний хөрөнгийг 4.5 тэрбум доллараар үнэлж байжээ.

Тэрбумтны санхүүгийн алдагдал нь “Trump Organization”-тэй холбоотой гэж Forbes үзжээ. Учир нь үл хөдлөх хөрөнгийн салбарын савлагаа АНУ-ын ерөнхийлөгчийн болон түүний гэр бүлийн хөрөнгөд нөлөөлсөн гэв.

Дональд Трампын хөрөнгийн 40 хувийг бүрдүүлж буй Trump Tower-ийн цэвэр орлого жилийн дотор буурчээ. Мөн Nike компани Трампын мэдэлд байдаг Niketown-д оффис түрээслэхээ больсон нь санхүүгийн алдагдалд хүргэсэн гэж Forbes үзэж байна.

Үүнээс гадна АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль түүний халаасыг шавхсан гэнэ. Тэрээр ерөнхийлөгч болохын тулд хувиасаа 66 сая доллар зарцуулсан юм байна. Энэ түүний хөрөнгийн 19 хувийг бүрдүүлж байна. Тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа бүх хувьцаанаасаа татгалзжээ. Иймээс Трамп сонгуульд ялалт байгуулсан ч ямар нэгэн ашиг хүртэж чадаагүй гэнэ.

БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ: FORBES

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж