Нүүрээ будахдаа гаргадаг 10 алдаа

Хуучирсан мэдээ: 2017.03.22-нд нийтлэгдсэн

Нүүрээ будахдаа гаргадаг 10 алдаа

Нүүрний будаг гэдэг гайхалтай эд шүү. Зөв техниктэй будвал илүү гоо үзэсгэлэнтэй харагддаг харин буруу будвал бүр долоон дор болох нь ч бий. Тиймээс нүүрээ будахдаа дараах зүйлсийг анхаараарай. 

Арьсандаа тохирсон кремээ нимгэн түрх 

Арьсныхаа өөг дарахын тулд крем, өө дарагчаа зузаан тавих нь бий. Хэт зузаан будах нь таныг 3-4 насаар ахимаг харагдуулдаг. Ялангуяа арьсандаа тохироогүй хэт цагаан эсвэл бор крем түрхэх нь нүүрний өө болон үрчлээ илүү тодордог. Тиймээс арьсныхаа өнгөнд тохирсон кремыг нимгэн түрхээрэй. 

Доод сормуусаа хэт будах хэрэггүй 

Гоо сайханчид сормуусаа будахдаа доод хэсгийг нь ч мартахгүй байхыг сануулдаг. Гэхдээ доод сормуусаа хэт будах нь нүдийг унжгар, уйтгартай харагдуулахаас гадна доод үрчлээг тодруулах сөрөг талтай. 

Уруулын будаг 

Уруулаа заавал тухайн улирал, чиг хандлагад тохируулан буд гэхгүй. Гэхдээ нимгэн уруултай бол бараан өнгөөр томруулж, зузаан уруултай бол гэгээлэг өнгөөр нимгэн харагдуулж болдог. 

Нүдэндээ сүүдэр тавих 

Бараан өнгийн тенээр хэт тод будах нь нүдийг том харагдуулна гэж эндүүрэх хэрэггүй. Харин ч таныг овортой харагдуулдаг. Тиймээс илүү залуу цэвэрхэн харагдмаар байвал нүднийхээ төгсгөл хэсэгт бараан өнгөөр тодруулаад урд хэсгийг цайвар өнгөөр будах хэрэгтэй. 

Доод зовхио хар контураар будах 

Доод зовхио тодруулж хараар будах нь нүдийг улам жижиг, хэлбэрийг нь эвдэж харагдуулна. Тиймээс доод зовхио хөнгөн сүүдэр гаргах төдийд л будах хэрэгтэй. 

Хацар өнгөлөгч 

Хэт тодоор буруу будвал таны хацар яг л алим шиг харагдах болно. Мөн хацрын дээд хэсэгт биш дунд хэсэгт нь өнгөлөгчөө түрхэх хэрэгтэй. Хамартайгаа хэт ойртуулан будаж болохгүй. Тоорын ягаан, бүдэг ягаан, байгалийн мэт өнгөөр будвал илүү гэрэлтсэн, залуу харагддаг. 

Хөмсгөө будах 

Хөмсөг гэдэг нүүрийг сайхан харагдуулах чухал хэсэг. Хөмсгөө будахдаа хэт тод, өргөсгөн будах хэрэггүй. Нүдний сүр сүлдийг дарахаас гадна овортой харагдуулдаг. Тиймээс хөнгөн, нимгэн, цэвэрхэн харагдахаар будах ёстой анхаараарай. 

Үргэлж дутуу үлдээдэг зүйл 

Нүдний доогуур хар хүрэн, цэнхэрдүү туяа татсан байдаг. Энэ нь ахимаг настай харагдуулах бас нэгэн шалтгаан. Үүнийгээ нэмж далдлахгүйгээр нүүр будалтаа дуусгах нь олонтаа. Тиймээс нүднийхээ доогуур цайвар цагаан өнгөөр өөг нь дарж өгвөл илүү залуу харагдахаас гадна нүдний гоо сайханг илүү тодотгож өгдөг учиртай. 

Уруул хүрээлэгч 

Нэг хэсэг уруулаа байгалиар нь эсвэл бүдэгхэн өнгөлөгчөөр өнгөлөх төдийхөн будаж байсан бол одоо тодоор будах цаг үе иржээ. Уруул хүрээлэгч бол уруулын хэлбэрийг улам тодруулж сайхан харагдуулах сайн талтай ч хэт бумбагар харагдах гэж уруулынхаа гадуур хүрээлэх нь тун буруу. Тэр дундаа уруулын будгаасаа тод өнгөөр хүрээлэх нь ахимаг настай харагдуулдаг. Тиймээс уруулын будагтай ууссан аль болох бүдэг өнгөөр хэлбэрийг нь гаргаж өгөөрэй. 

Нунтаг энгэсэг түрхэхдээ 

Кремээ түрхээд гадуур гарахаар элдэв тос шороо наалдах, бохирдохдоо амархан байдаг. Тиймээс нунтаг энгэсэг түрхэх учиртай. Харин энгэсээ хэт зузаан будаж болохгүй. Учир нь таны нүүрний үрчлээг тодруулдаг . Тиймээс порлондоо энгэсэгээ түрхээд гарын шуу дээрээ ч юм уу зузаан хэсгийг нь багасгаад нимгэн тавих хэрэгтэй гэдгийг санаж аваарай. 

Г.СУВД

ЭХ СУРВАЛЖ: EMEGTEICHUUD.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж