Хамгийн өглөгч тэрбумтан нас эцэслэжээ

Хуучирсан мэдээ: 2017.03.21-нд нийтлэгдсэн

Хамгийн өглөгч тэрбумтан нас эцэслэжээ

Дэлхийн анхны долларын тэрбумтан, АНУ-ын газрын тосны магнат Жон Рокфеллерийн ач хүү Дэвид Рокфеллер 102 насандаа нас нөгчлөө. Тэрбээр Нью Йорк хотын ойролцоох хувийн эдлэндээ унтаж байхдаа амьсгал хураажээ.

Дэвид Рокфеллер 1915 онд Нью-Йорк хотод төрсөн. Тэрээр гэр бүлийн бизнес болоод урлагийн буяны ажлыг үргэлжлүүлэн хийж байсан юм. 100 насныхаа төрсөн өдрөөр тэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй залгаа байсан хувийн газраасаа дөрвөн ам метр талбайг улсдаа бэлэглэж байжээ.

Бага наснаасаа юугаар ч дуталгүй өссөн. Нью Йоркийн тавдугаар өргөн чөлөөнд тэдний ах дүү нар роликоор гулган наадах үед ядрах үед нь суулгах лимузин араас нь дагаж явдаг байсанн гэдэг. Гэхдээ эцэг эх нь хүүхдүүдээ мөнгөнд хүндэтгэлтэй, гамтай хандах ухаанд сургаж байдаг гэдэг. Өдөрт хүүхдүүдэд 25 центийг халаасны мөнгө гэж өгдөг ч хүүхдүүд энэ мөнгөнөөсөө хадгаламж хуримтлуулахаас гадна бусдад өглөг өгөх ёстой байжээ.

Дэвид Рокфеллер Харвардын Их сургууль дүүргэж, дараа нь Чикагогийн Их сургуульд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед армид орж, тагнуулчаар ажиллаж, ахмад цол хүртэл дэвшжээ.

Дайны дараа гэр бүлийн бизнесдээ хувь нэмэр оруулж, олон жилийн турш Chase Manhattan Bank-ийг тэргүүлжээ. Энэ банкны хувьцааны тавхан хувийг Рокфеллерийнхэн эзэмшдэг ч хүмүүс энэ банкийг Рокфеллерийн банк гэж нэрлэжээ.

Тэр буяны үйлд их хөрөнгө зарцуулдаг. Хэдэн зуун саяар нь хандив өгдөг зартай.

"Америкийн капитализм хүн төрөлхтөний түүхэнд байсан ямар ч тогтолцооноос илүүтэйгээр хүмүүсийн амьдралд тус хүргэсэн” гэж тэр ярьдаг байжээ.

Тэр ядуу буурай орныг туслах дэмжих чин хүсэлтэй нэгэн байсан. Учир нь, ядуу буурай улс өсөн дэвжих нь америкийн бараа таваарын эрэлтийг нэмэгдүүлнэ гэж үздэг байсан.

АНУ-ын бусад баячуудтай харьцуулахад тэр хэзээ ч татварыг муулж байгаагүй.

Ээжийнхээ 1929 онд үүсгэн байгуулсан Нью Йоркийн Орчин цагийн урлагийн музейн Удирдах зөвлөлийг олон жил толгойлж, мөнгөтэй том компаниудыг урлагт хөрөнгө оруулах, урлагийн бүтээлийг худалдан авахыг ухуулдаг байжээ. Түүний хувийн архивт байгаа урлагийн бүтээлүүд нь 500 сая ам.доллараар үнэлэгдэнэ.

Амьдралынхаа туршид дэлхийн 200 гаруй удирдагчтай уулзаж байсан нэгэн.

АНУ-ын иргэдэд олгодог дээд шагнал болох Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медалиар 1998 онд шагнагдсан.

Эхнэр Маргарет нь 1996 онд таалал төгссөн бөгөөд тэд зургаан хүүхэдтэй.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж