“Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт үндэсний хоёрдугаар хурал өнөөдөр /2017.03.21/ Туушин зочид буудалд болж өнгөрлөө.
Улсын хэмжээнд 400 гаруй сая шоометр хатсан, унасан ойн мод бий. Эдгээрийг цэвэрлэж шинэ ой мод үүсэх байгалийн тогтолцоог дэмжих шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг “Эдгээр хатаж унасан моднууд нь байгальдаа хэрэгтэй. Тэгэхээр бид гуравны нэг, гуравны хоёр гэсэн зарчмаар цэвэрлэж авах шаардлагатай байгаа. Ингэж байж байгаль өөрөө өөрийгөө нөхөн сэргээх процессийг дэмжиж шинэ залуу ой бий болох нөхцлийг бүрдүүлдэг. Улс даяар хяналтын үүрэгтэй 40 гаруй ойн анги ажиллаж байна. Өргөн уудам нутагтай учир хүн хүчний хүрэлцээ бага байдаг” гэсэн юм.
Манай улс жилдээ 10-15 сая шоометр мод бэлтгэдэг. Үүний хажуугаар хулгайгаар мод бэлтгэдэг иргэд олон бий. Хуульд зааснаар зөвшөөрөлгүй мод тээвэрлэсэн машиныг шууд хурааж улсын орлого болгож дуудлага худалдаагаар оруулдаг. Харин мэдээлэл өгсөн иргэнд орлогын 15 хувийг олгодог ажээ. Маш олон хүмүүс хуулиа мэдэхгүйгээс болж эрүүгийн хуулиар шийтгүүлдэг гэдгийг албаныхан санууллаа.
Г.ТҮШИГ