Хуучирсан мэдээ: 2017.03.22-нд нийтлэгдсэн

Нэг л замаар явах мөртөө өдөр нэг өөр, шөнө нэг өөр санагдах юм. Өдөр нь хамгийн дөт ойр зам мэт мөртөө шөнө нь зүглэхийн аргагүй аймар санагдах юм. Оройтохоороо гэр лүүгээ явдаг явган хүний гүүрээр явж чадахаа байгаад жил гаруй боллоо. Таксинд бас л нилээн их мөнгө зарцуулж байна даа.

Үхсэн хүнээс биш амьд хүнээс айж яв гэдэг ч миний хувьд бол эсрэгээрээ юм шиг байна.

Greathistory.blogspot.com гээд нэг гоё блог байдаг юм байна. Энэ блогийг хөтөлдөг хүний Fb дээр байсан Достоевскийн "Хүний оршихуйн нууц нь зөвхөн амьд байхад биш, харин төлөө нь амьдах зүйлээ олоход буй" гэсэн ишлэл маш их таалагдсан. Ядарч унаталаа хийсэн ч огтхон ч ядарснаа мэдрэхгүй улам л шунан дурлан хиймээр тэр зүйлээ алдчихсан болохоор дахиж тэгж хийх хүсэл эрмэлзэл төрүүлэхээр зүйлээ олоогүй болохоор сэтгэл нэг л хоосон мэт оргиж тэр нь цаанаа өлсөөд ч байгаа юм шиг санагдаж өлсгөлөнгөө дарахын тулд элдэв янзын амттан хоол идсээр байгаад таргалж сэтгэлээр унаж ирсэн бололтой. Орлуулах, нөхөх зүйлийг ололгүй өөрөө өөртэйгээ зөрчилдөж тэмцсээр одоо байгаа энэ сэтгэлийн амар амгаланг олсон юм шиг байна. Их цаг хугацаа зарцуулсан ч юм шиг эсвэл бага ч байж болно.

Ямар ч байсан сэтгэл тайван байхаар эргэн тойрон бужигнаж байсан ч тоохгүй сайхан байна. Эдийн засгийн байдлаас болоод хэмнэлтийн горимд байгаа ч эндээс олон зүйлийг ойлгосон. Урьд нь зайлшгүй шаардлагатай бус зүйлд их мөнгө зарцуулдаг байснаа хэрэв тэдгээрийг хуримтлуулсан бол гэж бодсон ч хүн болж төрснийх бас авмаар байгаагаа авч байсан үе байх нь зүгээр юм шиг санагдаж байна. Хойшдоо амьдралын ямар хэв маягаар амьдрахаа ч ер нь шийдсэн. Өндөр хэрэглээтэй гэж лав өөрийгөө хэлэхгүй юм байна. Дундажаас ч доогуур ч байж болох юм. Ийм байлаа гээд бусдаас дутсан доогуур орсон юм шиг санагдахгүй байгааг бодвол энэ байдал надад таалагдаж байгаа бололтой. 

Энэрэл гээд эмзэг бүлгийн өндөр настан хүмүүсийг харъяалал энэ тэр гэлгүйгээр үнэ төлбөргүй оношилж үзэж хэвтүүлж эмчилдэг эмнэлэг байдаг юм байна. Үнэгүй гэчихээд тэрэндээ таарсан биш үнэхээр эмчилгээ үйлчилгээ сайтай гэгдэж хүмүүсийн дунд нэр хүндтэй эмнэлэг байдаг гэдгийг мэдлээ. Сайндаа ч биш муу өвөө минь энд хэвтэнэ гээд Сэлэнгээс ирэхэд нь мэдлээ. Улсаас болон дотоод гадаадын тусламжын байгууллагууд санхүүжүүлдэг гэсэн. Тэгээд бодсон юм. Ирээдүйд одоо байгаагаасаа хамаагүй сайхан амьдарч санхүүгийн боломжтой байх юм бол иймэрхүү эмнэлэгт байнга хандив өгч байнаа. Ядарсан хөгшид хүүхэд багачуудын эм тарианд жаахан ч гэсэн нэмэр болж байвал. Бодоод байсан мөнгөн тусламжын хандив барагтай л бол өгч байгаагүй юм байна. Харин эд материал бол их өгч байжээ. Ээж маань бидний өмсөхөө хэрэглэхээ больсон ч гайгүй эдэлж хэрэглэсэн хувцас хунар, эд зүйлсийг ажлын тэр хавийнхаа эмзэг хүмүүст тараагаад өгчихдөг. Зарим хүмүүс хэзээ нэгэн цагт хэрэг болно гээд л хураагаад хуримтлуулаад байдагийг ерөөсөө ойлгодоггүй. Магадгүй манайх хэзээ ч өндөр үнэтэй юм авч байгаагүй болохоор боломжийн үнэтэй эдэлгээ, загвар сайтай зүйлс авдаг болохоор тэрийгээ ч цэвэрхэн гамтай хэрэглээд цаг нь болохоор өөр хүнд өгөхдөө горойж бирд царайлдаггүй байх л даа.

Яаж олсон мөнгөөрөө авсан зүйл билээдээ яаж бусдад зүгээр өгдөг юм гэсэн бодол дотроос нь хатгаад байдаг болохоор зарим хүмүүс нарийн байдаг байх л даа.

Авах гээхийн ухаанаар юманд хандаж бай гэж зөндөө л сонсож байсан ч үүнийг нээх ойлгодоггүй байж. Юуг өөртөө байлгах вэ, юуг өөрөөсөө явуулах вэ. Бусдад байгаа юм надад заавал байх ёстой юу, бусдад хэрэггүй зүйл надад ч бас хэрэггүй юу, бусдын сайн гэсэн нь сайн, муу гэсэн нь муу юу гэдгийг сайн тунгааж өөрийнхөө тархины жинхэнэ эзэн нь бай гэсэн үг юм байна.

Эрчүүдийн төлөө эмэгтэйчүүдийн дунд чимээгүй дайн болдог гэдгийг саяны цэргийн баяраар яруу тод мэдэрлээ. Гэхдээ бүх эр хүйстэнд энэ хамаарахгүй л дээ. Зөвхөн чадвартай мундаг лаг сайн залуу гэсэн үгийг хүртдэг эрчүүдэд л хамаарна. Тийм эрчүүд нь даанч цөөхөн юм даа. Хүйсийн тэнцвэр нээх алдагдаад байгаа зүйл байхгүй боловч тэр мундаг лаг залууд 2-3 эмэгтэй оногдоод байгаад л асуудал байгаа юмдаа.

Гэдсээрээ жаахан тураад бэлхүүсээ нарийсгаад өгзөгний дасгал хийж өгзөгөө хэлбэржүүлээд нүүрээрээ бага зэрэг турчихвал махлаг мөртөө тачаангуй харагддаг бүсгүй шиг болох хүслээ биелүүлэх гээд байна шүү.

inga2inga.blog.gogo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж