Португалийг аврах эцсийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Португалийг аврах эцсийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэллээ

ОУВС болон Европын холбооны мэргэжилтнүүд өнгөрөгч даваа гаригт уулзалт зохион байгуулж Португалыг аврах төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэллээ. Португалийн Засгийн газарт эдийн засгаа сэргээх, хямралаас гарахад нь хэрхэн туслах талаар тус уулзалтын үеэр мөн ярилцсан байна. Өнгөрөгч тавдугаар сард Европын холбоо Португал улсад эдийн засгаа сэргээхэд нь зориулж 78 тэрбум еврогийн тусламжийг үзүүлсэн билээ. Харин өнгөрөгч даваа гаригт болсон уулзалтын үеэр дараагийн шатны тусламжийг үзүүлэх дээр санал нэгдсэн байна. “Дараагийн арга хэмжээ одоо эхэлж байна. Одоо бид Португалийн засгийн газартай хамтран тухайн нөхцөлд учирч болох бэрхшээл, өмнө нь хийсэн алдаа болгоныг нь ярилцана. Тэгж байж бидний туслалцаа амжилттай хэрэгжих юм” гэж Европын холбооны хэвлэлийн төлөөлөгч Шантал Хьюйс мэдэгдлээ. Ийнхүү европ тивийн улсуудаас Европын холбооны тусламжийг хоёр дахь удаагаа авсан хоёр дахь улсаар Португаль тодорлоо. Үүнээс өмнө Грек улс хоёр дахь шатны тусламжаа аваад байсан юм. “Одоо Португальд үзүүлж байгаа тусламж нь илүү богино хугацааны зээл байх болов уу гэж бодож байна. Учир нь өмнөх өрөө яаж төлөх талаар ярилцаагүй байгаа нөхцөлд урт хугацааны зээл олгох нь эрсдэлтэй” гэж Citi on London компанийн эдийн засагч Жиад Жиани мэдэгдсэн юм. Португалийн шинээр томилогдсон засгийн газар эдийн засгийн шинэчлэлтүүд болон үндэсний санхүүгийн чадамжийг хэрхэн нэмэгдүүлэх зэрэгт анхаарч ажиллаж байгаа бөгөөд хөдөлмөрчид, хувийн хэвшлийнхэнд татаас олгох бодлогыг баримталж ажиллаж байгаа ажээ. Европын холбооноос Португалид өгсөн зээлийн гэрээнд жилийн эдийн засгийн нийт өсөлт нь 2 хувьтай байх шаардлагыг тавьсан юм.

Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж