Б.Батжаргал: С.Зоригийн амь насыг дөрвөн хүн хөнөөсөн

Хуучирсан мэдээ: 2017.03.23-нд нийтлэгдсэн

Б.Батжаргал: С.Зоригийн амь насыг дөрвөн хүн хөнөөсөн

Б.Батжаргал: С.Зоригийн амь насыг дөрвөн хүн хөнөөсөн

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэмээн Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт анхан шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял оноосон. Давж заалдах шатны шүүх мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. Олны анхаарлыг татсан хэргийн талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих Нэгдүгээр хэлтсийн хяналтын прокурор Б.Батжаргалтай ярилцлаа.


-Эхний асуулт. Шүүх хурал хаалттай явагдсан нь олон нийтэд эргэлзээ төрүүлсэн. Хэргийн зарим материалыг нууцын зэрэглэлээс гаргаж, ил болгох боломж байгаагүй юм уу?

Төрийн нууцыг задруулах нь хуулиар хориотой. Нууцыг төрийн хамгаалалтаас гаргах асуудлыг Төрийн нууцын тухай хуульд заасан байдаг. Тухайлбал, тухайн хуулиар УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Ерөнхийлөгч ил болгоно гэж зохицуулсан. Энэ заалтын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн нууцыг хамгаалалтаас гаргах асуудлыг шийдвэрлэж, хэргийн тодорхой хэсгийг ил болгож байгаа юм. Тиймээс ч бид өнөөдөр ярилцаад сууж байна.

-С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг яагаад захиалагч, гүйцэтгэгч гэж тусад нь шалгасан юм бэ. Тусад нь шалгасан явдал олны дунд эргэлзээ төрүүлсэн байх?

-830142 гэсэн дугаартай хэргээс мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэрэг хийснийг тогтоож, ял шийтгэл оноосон. Гэтэл захиалагч гэх хүмүүсийг тогтоох, нотлох баримтуудыг шалгах шаардлага байгаа учраас Ажлын хэсэг үргэлжлүүлэн, захиалагчийн хэргийг шалгах үйл ажиллагааг явуулж байна. Өөрөөр хэлбэл, Т.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын хэрэг хийсэн нь тогтоогдсон, харин тусгаарласан шалгаж байгаа хэрэг дутуу, бүрэн нотлогдоогүй учраас захиалагчийн хэргийг тусад нь шалгаж байгаа.

-Саяхан Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн. Энэ нь өөрөө захиалагчийн хэргийг одоо л шалгаж эхэлж байгаа мэт ойлгогдсон байх. Захиалагчийг тогтоох Ажлын хэсгийн ажлын явц хэр удаан үргэлжлэх вэ?

Энэ хэргийн шалгах, мөрдөх үйл ажиллагаа 18 жилийн турш тасралтгүй үргэлжилж ирсэн. Хэргийн мөрдөн байцаах явцад хийх ажиллагаанаас хамаараад зарим нэг мэргэжлийн хүмүүс хэрэгтэй байсан учраас Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг сая шинэчилсэн. Ажлын хэсгийн ажиллагаа үргэлжилж байгаа.

-Захиалагчийн хэргийг шалгаж байгаа. Энэ хэрэг бас төрийн нууцад хамаарч байгаа юу?

-Захиалагчийн хэрэгт авагдаж байгаа нотлох баримтад өмнөх Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын хэргийн нотлох баримтууд орж байгаа учраас төрийн нууцад хамаарч байгаа. Тэгэхээр захиалагчийн хэрэгт мөн адил төрийн нууцад хамааралтай нотлох баримт байгаа гэж ойлгож болно. Хэрэг шалгах явцад захиалагчийг нь илрүүлсэн тохиолдолд тэр бол төрийн нууцад хамаарахгүй.

-Т.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нар өөрсдөө энэ хэргийг үйлдсэн гэдгээ хүлээсэн юм уу. Т.Содномдаржаа хэргээ хүлээгээгүй гэдэг яриа байдаг?

Т.Содномдаржаа мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэргийн талаар, мөн хэн хэн, ямар оролцоотой байсан талаар өмгөөлөгчийн хамт мэдүүлсэн. Байцаан шийтгэх хуульд сэжигтэн, яллагдагч өөрөө мэдүүлэг өгөх, өгөхгүй байх эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу мөрдөн байцаалтын ажиллагааны явцын дунд өмгөөлөгчтэйгөө зөвшилцсөний үндсэн дээр мэдүүлэг өгөхөөс татгалзаж эхэлсэн. Т.Чимгээ ч мөн адил эрхээ эдлээд, мэдүүлэг өгөөгүй. Гэхдээ хэрэг үйлдсэн гэдгийг нь нотлох хангалттай баримт, гэрчүүдийн мэдүүлэг бий.

-Ц.Амгаланбаатар, Т.Содномдаржаа нар хэргээ хүлээсэн юм байна. Т.Чимгээ огт хүлээгээгүй юм уу, эсвэл явцын дунд мэдүүлэг өгөхгүй байгаа юм уу?

-Т.Чимгээгийн хувьд мөрдөн байцаалтын ажиллагааны явцад энэ хэрэгт оролцоогүй гэж мэдүүлдэг. Гэхдээ хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотолж байгаа. Тухайлбал, гэрчүүд Т.Чимгээгийн царай, төрх зэргийг маш сайн таньж байгаа. Мөн Ц.Амгаланбаатар, Т.Содномдаржаа нар Т.Чимгээг хамт хэрэг үйлдсэн, удирдсан гэдгийг хэлдэг. Т.Чимгээ өөрөө хэргийн талаар мэдүүлэг өгөхөөс татгалзсан ч бусад нотлох баримтуудаар хэрэг хийсэн нь тогтоогдсон. Өөрөө ч бас зарим нэг зүйлийг ярьсан.

-Энэ хүмүүсийг хэрэг хийсэн гэдгийг яг хэзээ мэдсэн бэ гэдгийг тодруулж, асууж болох уу? Ц.Амгаланбаатарын мессежээс эхлэн шалгаж эхэлсэн гэсэн яриа байдаг?

-Ц.Амгаланбаатар мессеж бичихээс хоёр жилийн өмнө Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Б.Отгонбаатар зэрэг хүмүүс энэ хэргийг үйлдсэн гэдгийг тогтоосон байсан.

-Хэрэгтнүүд буюу Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар, Т.Содномдаржаа нар болон нас барсан гэгдэх хүн хоорондоо ямар холбоотой хүмүүс юм бэ?

-Т.Чимгээгийн нөхөр Бямбасүрэн нь Цэвэлмаатай эгч, дүүсийн хүүхдүүд. Харин Цэвэлмаа нь Ц.Амгаланбаатарын өргөж авсан ээж. Т.Содномдаржаагийн хувьд энэ хүмүүстэй төрөл биш ч хашаанд нь хамт амьдарч байсан юм билээ. Ер нь бол энэ дөрвөн хүний гэр ойролцоо амьдардаг байсан. Т.Чимгээ, Т.Содномдаржаа хоёр нэг хашаанд амьдардаг байсан бол талийгаач Б.Отгонбаатар урд талын гудамжинд амьдардаг байсан байгаа юм. Тэд бие биенээ сайн мэддэг хүмүүс байсан.

-Энэ хүмүүс хэрэг хүлээх чадвартай, эрүүл хүмүүс үү?

-Бүгд эрүүл гэдгийг нь холбогдох байгууллага тогтоосон.

-Энэ дөрвөн хүн тухайн үед ямар ажил эрхэлдэг байсан юм бол?

-Энэ хүмүүс тухайн үед ямар ч ажил, хөдөлмөр эрхэлдэггүй байсан. Харин талийгаач Б.Отгонбаатар нь ахтайгаа хамт арьс, шир худалдаж авдаг байсан юм билээ. Т.Содномдаржаагийн ар гэрийн зүгээс мал маллаж байсан гэдэг яриа өгдөг ч түүний аав 18 үхэр, цөөн тооны тугалтай байсан нь тогтоогдсон.

-Тэгвэл гэр бүлийн хамт шатаж, нас барсан гэгдэж байгаа Б.Отгонбаатар хэрэг үйлдсэн дөрөв дэх хүн мөн үү?

Энэ хэргийг дөрвөн хүн үйлдсэн. Түүний нэг нь Б.Отгонбаатар буюу Паар /Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар, Т.Содномдаржаа нарын дууддаг нэр/. Тэд дээр хэлсэнчлэн бие биеэ таньдаг, ойролцоо амьдардаг хүмүүс. Б.Отгонбаатар 2004 онд эхнэр, хоёр хүүхдийн хамт гэртээ шатаж, нас барсан байдаг.

Ц.АМГАЛАНБААТАР МЕССЕЖ БИЧИХЭЭС ХОЁР ЖИЛИЙН ӨМНӨ Ц.АМГАЛАНБААТАР, Т.ЧИМГЭЭ, Т.СОДНОМДАРЖАА, Б.ОТГОНБААТАР ЗЭРЭГ ХҮМҮҮС ЭНЭ ХЭРГИЙГ ҮЙЛДСЭН ГЭДГИЙГ ТОГТООСОН БАЙСАН

-Тухайн үед гаргасан галын шалтгааныг цахилгааны утаснаас болсон гэсэн байдаг шүү дээ?

-Ажлын хэсэг шалгах явцад С.Зоригийг хөнөөсөн гэмт этгээдүүд хоёр биш дөрвөн хүн байсан нь тогтоогдсон. Дөрвөн хүн хэн байв гэдгийг шалгах явцад Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг тогтоосон боловч нэг сэжигтэн нас барсан байсан. Ингээд түүнийг яаж нас барсан, хэргийг хэрхэн шийдвэрлэснийг шалгах явцад Ц.Амгаланбаатар, Т.Содномдаржаа нар Б.Отгонбаатарыг гэр бүлийн хамт шатааж, амь насыг нь хөнөөсөн гэдгээ мэдүүлсэн байдаг. Мэдүүлгийн дагуу ажиллагаа хийж явах үед галын нотломж цахилгаанаас гарсан гэж үзсэн байсан. Ц.Амгаланбаатар “Т.Содномдаржаа бид хоёр канистртай бензин авч очоод, үүдний амбаар руу нь цацаж, гал тавьсан” гэж мэдүүлсэн. Тухайн үеийн галын нотломж гаргасан байцаагч нараас мэдүүлэг авахад, “Бид нарыг очиход үүднээсээ эхэлж гал гарсан шинжтэй, үүдний амбаар нь шатаад дуусчихсан, гэрийн зүүн хэсэг галд автсан байсан” гэж мэдүүлсэн байдаг. Мөн хохирогчийн ар гэрийнхэн гадны нөлөөтэй гал гарсан байхад цахилгаанаас болсон гэсэнд гомдолтой байна гэж шүүхэд хандах мэтээр хөөцөлдөж байсан юм билээ. Тухайн үеийн хэргийн баримтыг Гамшгаас хамгаалах газрын шинжээчдээр дахин шинжлүүлэхэд, “Санаатайгаар буюу гаднаас шатаасан гэдгийг нотолж чадахгүй байна. Гэхдээ гал үүдний амбаараас эхэлж гарсан нь тогтоогдсон” гэсэн дүгнэлт гаргасан байдаг.

-Т.Содномдаржаагийн ар гэрийнхэн түүнийг хэрэг гарах үед хотод байгаагүй гэдгийг хэлдэг?

-Хэрэг илрүүлэх олон арга байдаг. Тухайлбал, энэ хүмүүсийг хэрэг гарсан газрын ойролцоо аваачаад, тухайн хэрэг гарсан байрыг ол гэхэд төвөггүйхэн яваад л олж байсан. Т.Содномдаржаа гэхэд байрыг олоод, орц нь довжоогүй байсан гэдгийг хэлсэн. Түрүүлж гараад, хаалгыг нь олоод орсон. Бидний мэдэхгүй байсан зүйлүүдийг хэлж байсан. Жишээлбэл, тухайн үед орцных нь хажууд аптек байсныг санаж байсан. Гэтэл хэрэг гарснаас хойш хоёр жилийн дараа тус аптек нүүсэн байдаг. Хэрэг гарахаас өмнө тэр орчмоор их эргэлддэг байсныг өөрсдөө ч, гэрчүүд ч хэлдэг. Т.Содномдаржаа өөрөө “Бид энд ийм өнгөтэй, ийм хийцтэй сандал дээр сууж байсан” гэдгээ хэлж байсан. Хэргийн мөрдлөгийн явцад Т.Содномдаржаагийн ярьж байсан сандал тухайн үеийн СӨХ болон гэрчүүдээс асууж, тодруулсантай таарсан. Тухайн үеийн СӨХ байрныхаа тохижилт хийх үедээ зургийг нь баталгаажуулсан гэрэл зураг олдсон. Энэ зураг дээрх сандал Т.Содномдаржаагийн хэлсэнтэй яг таарч байсан. Үнэхээр хот мэдэхгүй, хэрэг гарах үед тэнд байгаагүй хүн тэр байрыг төөрөхгүйгээр олоод, тэнд сандал байсан гэдгийг мэдэх боломжгүй. Энэ мэт нотолгооны баримтууд олон бий.

Энэ хэргийг хэн нь үйлдэж, хэн нь зохион байгуулсан юм бэ? Олон нийтэд үзүүлсэн бичлэгээс харахад, Т.Содномдаржаа бол Т.Чимгээг бүгдийг зохион байгуулсан гэж хэлсэн байна лээ. 

-Мөрдөн шалгах явцад гэрийн гадаа хүн ирэхийг хүлээж байсан хүн буюу яг аллага гардаж үйлдээгүй нэг хүн нь талийгаач Б.Отгонбаатар. Тиймээс энэ хүнд гэмт буруутай нь нотлогдсоноор бага ял авах нөхцөл байсан. Тийм ч учраас Ц.Амгаланбаатар ч тэр, Т.Содномдаржаа ч тэр эхнээсээ өөрсдийгөө “Гадаа, үүдэнд байсан” гэж мэдүүлж байсан. Гэхдээ хэргийг шалгах явцад аллага үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдох үед тэд хэргээ хүлээж эхэлсэн. Хэрэг үйлдэх үед Т.Чимгээ 29, Т.Содномдаржаа 25, нас барсан Б.Отгонбаатар 22, Ц.Амгаланбаатар 16 настай байсан. Ерөнхийдөө хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэгт буюу Б.Булганы анхны мэдүүлэгт “Эмэгтэй нь нэгийгээ захирангуй, зандрангуй байдлаар харьцаж байсан” гэж мэдүүлсэн байдаг. Ц.Амгаланбаатар, Т.Содномдаржаа хоёр ч “Т.Чимгээ хэргийг удирдаж, зохион байгуулсан” гэж мэдүүлсэн.

-Эмэгтэй хүн энэ хэргийг үйлдсэн гэдэгт маш олон хүн эргэлзэж байсан. Т.Чимгээг энэ хэргийг голлон удирдсан гэдгийг нотлох өөр баримт байгаа юу?

-Т.Чимгээ хэрэг гарсан шөнө Нарны гүүрний баруун талд байсан “Хан хараацай” зочид буудалд очиж, хоносон байдаг. Буудлын үйлчлэгч тэднийг таньсан. Одоо тэр буудал нь байхгүй, түүний оронд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны байр байдаг. Тухайн үед буудалд ажиллаж байсан эмэгтэй Т.Чимгээг гэрэл зургаар нь таньсан. Дараа нь шүүх хурал дээр нүүрэлдүүлэхэд, “Хувилаад тавичихаагүй л юм бол энэ хүн ямар ч эргэлзээгүй мөн байна” гэж мэдүүлсэн. Тэрбээр мөн “Хоёр хүн шөнө орж ирээд, үүрээр гарсан. Тэдний хажуугийн өрөөнд хүмүүс зодолдсон. Би очоод “Цагдаа дуудлаа шүү” гэхэд тэр хоёр хүн өрөөнөөсөө гарч ирээд, “Цагдаа дуудах гэж байгаа юм уу” гэж асуусан. Хэсэг хугацааны дараа нөгөө хүмүүс дахин маргалдахаар нь очтол нөгөө хоёр хүн зөрөөд гараад явсан. Үүрийн 04.00 цагийн үед” гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Харин Ц.Амгаланбаатар энэ талаар “Нэгдүгээр сургуулийн ойролцоогоос такси барьж, “Хан хараацай” зочид буудлын хоёр давхрын өрөөнд унтаж байгаад, үүрээр гараад явсан” гэж мэдүүлсэн нь бий. Ц.Амгаланбаатарыг “хаана хоносноо заагаад өг” гэхээр одоогийн нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны байрны тэнд очоод гацчихдаг. “Яг л энд байх ёстой” гэж “Хан хараацай” зочид буудал байсан газрыг заадаг. Т.Чимгээ ч гэсэн энэ бүгдийг үгүйсгэдэггүй.

-Бусад гэрчүүд хэрэгтнүүдийг таньж байгаа юу?

Гэмт хэрэгтнүүд хэрэг үйлдэхээсээ өмнө тодорхой хугацаанд отолт хийсэн гэдгээ мэдүүлсэн. С.Зориг агсны байрны хоёр давхрын айлд ирдэг хүн 1998 оны есдүгээр сарын 30-ны өдөр Т.Содномдаржаатай орцонд таарсан байдаг. Тэр үед Т.Содномдаржаа орцонд таарсан хүнээс “Зоригийн гэр хаана байдаг вэ” гэж асуухад нь “Энэ байрны 4 билүү 5 давхарт байдаг” гэж хариулсан байдаг. Хэрэг гарсны дараа анхны ам зургийг олон нийтийн телевизээр гаргасны дараа тэр хүн зурагт үзэж байгаад, ам зургийг харсан байдаг. Ингэхдээ өөрөөс нь С.Зоригийн гэрийг асууж байсан хүн мөн гэдгийг таньсан байсан. Энэ талаараа цагдаад очиж, мэдүүлэг ч өгсөн. Энэ мэдүүлэгтээ “Намайг орцонд явж байхад С.Зоригийн гэр хаана байдаг вэ гэж асуусан хүн энэ ам зурагтай яг таарч байна. Надаас тэр гэрийг нь асуусан” хэлсэн байна. Тэр гэрч СУИС-ийн Хөрөг зургийн ангийн оюутан байсан. Хэрэг шалгах явцад бид гэрчийг дахин дуудаж, зураг таниулах ажиллагаа явуулсан. Зураг таниулахын тулд 16 төстэй зургийг дэлгэж байгаад “Тухайн үед харсан хүн чинь аль нь вэ?” гэж асуухад Т.Содномдаржааг зааж, таньсан. Тэр гэрчээс “Цаг хугацаа өнгөрсөн байна, чи яагаад өөртөө ийм итгэлтэй хариулж байна” гэхэд “Би хөрөг зургийн анги төгссөн. Тийм учраас сайн таньж байна” гэсэн хариулт өгдөг. Ц.Амгаланбаатар, Т.Содномдаржаа нарын ам зураг болон фото зургийг тухайн байранд амьдардаг байсан хүмүүст харуулж, тодруулахад гэрчүүд бүгд “мөн” гэдгийг баталж байгаа.

-Энэ хэргийн гол гэрч бол талийгаачийн хамтран амьдрагч Б.Булган гэж олон нийт үздэг. Гэтэл Б.Булганыг хэрэгт холбогдуулан хэд хэдэн удаа шалган, хорьж байсан. Яагаад Б.Булганыг шалгах болсон юм бэ?

Хэрэг гарсан өдөр Б.Булганаас тайлбар авч, хохирогчоор тогтоогоод явсан байдаг. Харин мөрдөн байцаалтын явцад С.Баяр, С.Оюун нарыг хохирогчоор тогтоосон. Нотлох баримтуудыг авч үзээд, Б.Булганыг хэрэгт холбогдуулан, сэжигтнээр тооцож, шалгасан. Тухайн үед өгч байсан гэрчүүдийн мэдүүлгээр төөрөгдүүлсэн, нуусан, эргэлзээтэй зүйл байсан, түүнийг сэжиглэн шалгах үндэслэл бүхий баримт тогтоогдсон учраас сэжигтнээр тооцон, шалгаж байсан. Дараа нь Ажлын хэсгээс Б.Булганыг сэжигтнээр тооцон, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгасан. Хэрэгт авагдсан баримтуудаар түүнийг яллагдагчаар татан шалгах үндэслэл байсан учраас шалгасан. Харин түүний гэм бурууг шүүхээр хэлэлцүүлэх хэмжээний нотлох баримт бүрэн цуглараагүй учраас Б.Булганд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн.

Гэрч, хохирогч, хэрэгт холбогдогч… Тэгвэл цаашид Б.Булган хэн байх вэ?

-Захиалагчийг шалгах мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Б.Булган хэн ч болж болно.

-Б.Булган гэрч биш, хохирогч биш учраас Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар, Т.Содномдаржаа нарын шүүх хуралд оролцоогүй юм уу?

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд “Хэрэгт холбогдолгүй, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан байдаг. Б.Булганыг сэжигтэн, яллагдагчаар татан шалгаснаас бус гэрчээр тогтоож байцаагаагүй. Нэг ёсондоо Б.Булган хуульд зааснаар хэрэгт холбогдолгүй гэдэгт дүгнэлт хийгээд, гэрчээр оруулах боломжгүй гэж үзсэн. Ийм учраас Б.Булганыг гэрчээр шүүх хуралд оролцуулах боломжгүй.

-Б.Булган анхны мэдүүлэгтээ хоёр хүн байсан гэж ам зураг гаргуулсан байдаг. Гэтэл хэргийг хоёр биш, дөрвөн хүн үйлдсэн байж таарлаа?

-Тийм. Б.Булган хэрэгт хохирогчоор мэдүүлэг өгөхдөө эмэгтэй, эрэгтэй хоёр хүн байсан, орж ирэхдээ нүүрэндээ маск зүүсэн байсан талаар мэдүүлдэг. Мөрдөн байцаалтын явцад “Тэр хүмүүс маскаа тайлсан” гэдгийг хэлсэн. Тиймээс мэргэжлийн зураач хүнээр гэмт хэрэгтнүүдийн анхны ам зургийг гаргуулсан байдаг.

-Анхны ам зураг болон хоёр хоногийн өмнө МҮОНРТ-ээр гаргасан ам зураг хоёр өөр зургууд уу. Ер нь ам зургийг хэзээ зурсан байдаг юм бэ?

Олон нийтийн сүлжээгээр гарсан хоёр ам зураг бол хэрэг гарсны дараа ажлын хэсгээс мэргэжлийн хүнээр зуруулсан зураг байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэрэгтнүүдийг Б.Булганы дүрсэлж хэлснээр зурсан зураг. Б.Булган 1999 онд өгсөн мэдүүлэгтээ “Миний хэлснээр тэр зураачийн зурсан зураг бол гэмт хэрэгтнүүдтэй маш адилхан болсон” гэсэн байдаг. Мөн 2015 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ ч ам зургийг гэмт хэрэгтнүүдтэй маш адилхан зурагдсан талаар дахин мэдүүлсэн.

-Д.Булган ер нь энэ хүмүүстэй уулзаж байсан юм уу. Тэднийг анх хараад таньсан уу?

Б.Булган гэрэл зургаар таниулахад гэмт хэрэгтнүүдийг “төстэй байна”, “шууд биш гэж хэлж чадахгүй”, “100 хувь мөн гэж хэлэхгүй” гэж мэдүүлж байсан. Хэрэгтнүүдийн царайтай төстэй маш олон аман зургийг нэг дор байрлуулж байгаад таниулах ажиллагаа явуулахад хэрэгтнүүдээс бусдыг нь шууд “Биш” гэж хэлдэг. Харин хэрэгтнүүдийн зургийг “Биш” гэсэн атлаа “Төстэй байна”, “Гэхдээ 100 хувь мөн гэж хэлж чадахгүй байна” гэх мэт зүйлийг ярьсан байдаг. Гэхдээ Ц.Амгаланбаатар мэдүүлэгтээ Б.Булгантай уулзаж байсан гэдгээ хэлсэн байдаг.

-МҮОНТВ-ээр гарсан бичлэгт “Эхнэрийг нь үлдээгээрэй” гэж гар утсаар ярьсан гэж байсан. Тухайн үед гар утас хэрэглэдэг хүн их ховор байсан санагдаж байна. Хэрэгтнүүд гар утастай байсан юм уу?

-Мобикомын сүлжээ 1997 онд Монголд орж ирсэн байсан. Хэрэгтнүүд дундаа нэг гар утастай байсан нь тогтоогдсон. Тэр гар утсаараа захиалагчтай холбогдсон гэж мэдүүлдэг. Хэрэг шалгагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Ц.Амгаланбаатар мэдүүлэгтээ Б.Булгантай уулзаж байсан гэж мэдүүлсэн гэж үү?

-Ц.Амгаланбаатарын тухайн өдөр юу болсныг мэдүүлсэн видео бичлэгийг та бүхэн харсан байх. Түүнээс гадна Ц.Амгаланбаатарын мэдүүлэгт нэг сонин зүйл байдаг. Тэр мэдүүлэгт “Хэрэг гарсан өдөр, аллага үйлдэхээс өмнө Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Б.Отгонбаатар бид дөрөв С.Зоригийн гэрт очсон. Тэгэхэд хоол хийсэн байдалтай байсан. Тэр хоолноос бид дөрөв идсэн. Одоо санаж байгаагаар мах чанасан байсан. Хоол идсэний дараа Б.Отгонбаатар гарч яваад, Т.Чимгээ, Т.Содномдаржаа бид гурав Б.Булгантай хамт тамхилсан. Б.Булган тамхи татдаг хүн байсан. Бид нар тамхиныхаа үнсийг будаатай аяганд хийсэн” гэж мэдүүлсэн байдаг. Тухайн хэргийн газраас олдсон нотлох баримтууд дунд тамхины үнстэй будаатай аяга олдсон.

-Тэгэхээр хэргийг захиалсан хүнтэй мөн гэмт хэрэгтнүүдтэй Б.Булган холбоотой байсан гэсэн үг үү?

Захиалагчийг шалгах хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж