Тяньжин хүрэх анхны галт тэрэг хөдлөв

Хуучирсан мэдээ: 2017.03.24-нд нийтлэгдсэн

Тяньжин хүрэх анхны галт тэрэг хөдлөв

Олон-Овоо өртөөг өргөжүүлснээр сардаа 8 тэрбум 865 сая орчим төгрөгийн орлого УБТЗ-д орох боломж бүрдэнэ-

Монгол Улсаас БНХАУ-ын Тяньжин далайн боомт хүрэх нүүрс ачсан галт тэрэгний анхны цуваа өчигдөр /2017.03.23/ хөдөллөө. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг, Улаанбаатар төмөр замын гол замын 718 дугаар км-т байрлах Олон-Овоо өртөөнөөс анх удаа нээлттэй чингэлгээр нүүрс тээвэрлэх боломжтой болж байгаа нь энэ юм. эндээс ачсан нүүрс шууд Тяньжин боомтод очиж, түүхийн эдийн биржээс зарагдах юм. Өмнө нь нүүрс Эрээн боомт руу гардаг байсан бол энэ удаа замдаа буулгүйгээр шууд Тяньжинд очиж, зах зээлд зарагдана.

Улаанбаатар төмөр зам үйлчлүүлэгч түншүүдийнхээ хүсэлтийг биелүүлэх үүднээс нурмаг ачааны шинэ терминалыг барьж байгуулах бүтээн байгуулалтыг эхлүүлээд байна. Өдгөө Олон-Овоо өртөөгөөс хоногт 200-300 вагон нүүрс экспортод ачих захиалга ирэх болжээ. 

ШИНЭ ТЕРМИНАЛЫН II ҮЕИЙГ ИРЭХ ЗУРГАДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэх УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа:

-Олон жилийн өмнө Олон-Овоо өртөө биш зөрлөг байлаа. Эдийн засаг хөгжсөний үр дүнд уудам говьд Олон-Овоо үйлдвэрийн томоохон цэг болон хөгжиж байна. МАК цементийн үйлдвэр ажилдаа ороход бэлэн болжээ. Мөн 4-5 нүүрсний уурхайн компани нүүрсний экспортод өөрийн хувь нэмрээ оруулахад бэлэн болоод байна. Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд УБТЗ-ын ажилчид болон харилцагч байгууллагуудын төлөөлөл идэр есийн хүйтэнд 300-400 метр замын урттай хоёр терминалын барьж, нийтдээ 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Цаашдаа өргөжин тэлэх бөгөөд 5,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийх юм. Мөн ажилчдын 24 айлын орон сууцийг нээхийг зорьж байна. гэсэн юм.

“Олон-Овоо” өртөөнөөс БНХАУ-ын Тяньжин боомт руу аялах нүүрс тээврийн анхны галт тэргийг үдэх арга хэмжээн олон хүндтэй зочид хүрэлцэн ирсэн. Зам тээвэр хөгжлийн сайд, УБТЗ ХНН-ийн Монголын талын хөрөнгө оруулагч Д.Ганбат, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ян Чин Дун, ЗТХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, ерөнхий инженер М.А.Романович нар болон Дорноговь аймгийн нутгийн удирдлага, нүүрсний уурхайн төлөөлөл оролцлоо.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛД НҮҮРСНИЙ ҮНЭ ОГЦОМ ӨСЧ, ТӨМӨР ЗАМААР НҮҮРС ЭКСПОРТЛОХ ЗАХИАЛГА НЭМЭГДЛЭЭ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах “Олон-Овоо” өртөөнөөс 20 орчим км зайд байрлах Алагтолгойн нүүрсний орд газраас МАК ХХК, “Фрэндшип” ХХК, “Штанкойл” ХХК зэрэг компани олборлолт хийн дотоодын болон гадаадын зах зээлд эрчим хүчний нүүрс нийлүүлж байна. 2016 оноос БНХАУ-ын зах зээл дээр нүүрсний үнэ огцом өссөнөөр төмөр замаар нүүрс экспортлох захиалга эрс нэмэгдэж, хоногт 200-300 вагон нүүрс экспортод ачих захиалга ирүүлэх болжээ. Өнгөрөгч оны аравдугаар сараас эхлэн 2-3 сарын хугацаанд Улаанбаатар Төмөр замын ажилчид болон харилцагч байгууллагын төлөөлөл хоногт 300 вагон ачих хүчин чадалтай, тус бүр нь 400 метр урттай хоёр замтай нурмаг ачааны шинэ терминалыг ашиглалтад оруулжээ. Дараагийн үе шат буюу вагон жин, гаалийн бүрэн тохижилттой хяналтын талбай, зам талбайн өргөтгөл, ажилчдын байр зэргийг 2,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх бөгөөд ирэх зургадугаар сарын 15-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа аж. Терминал бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр хоногт 30 вагон буюу 19500 тонн нүүрс ачих боломжтой болох юм.

2016 онд “Олон-Овоо” өртөөнөөс БНХАУ руу 2847 вагон буюу 189 мянган тонн нүүрс ачиж байсан бол терминал ашиглалтад орсноор зөвхөн энэ оны эхний гурван сарын байдлаар 3780 вагон буюу 249 мянган тонн нүүрс ачаад байна. Терминал бүрэн хүчин чадлаараа ажиллах үед хоногт 300 хүртэл вагон нүүрс ачиж, сард 8 тэрбум 865 сая орчим төгрөгийн орлого УБТЗ-д орох боломж бүрдэх аж.

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гуравдагч орны зах зээлд гаргах ажлын хүрээнд тус өртөөнөөс төмөр замаар экспортлох нүүрсийг хагас вагоноос гадна энэ оны хоёрдугаар сараас нээлттэй чингэлгээр /open top/ тээвэрлэж байна. Энэхүү туршилтын журмаар 594 ширхэг 20 футын нээлттэй чингэлгээр 19600 тонн нүүрс Тяньжин боомт хүртэл тээвэрлээд байгаа аж.

ОЛОН-ОВОО ӨРТӨӨ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах Олон-Овоо өртөө 1975 онд 25 дугаар зөрлөг нэртэйгээр байгуулагджээ. Уг өртөө 1987 онд 3-р зэргийн өртөө, МАК компанийн нүүрсний тээвэрлэлт хийж, эхэлснээр 2009 онд ачилтын хоёрдугаар зэргийн өртөө болон өргөжсөн байна. Олон-Овоо өртөө нь жилд дунджаар 700 мянган тонн, хоногт дунджаар 170 вагон /элс, хайрга, чулуу, балласт, нүүрс/ ачих хүчин чадалтай өртөө юм. 2016 оны сүүлээр нурмаг ачааны шинэ терминалыг барьж, ашиглалтад оруулаад байна. Олон-Овоо өртөөнөөс 20 км зайнд байрлах тус бүр 10 сая тонны нөөцтэй гурван уурхайн үйл ажиллагаа идэвхжиж, хоногт 200-300 вагон нүүрс экспортод ачих захиалга ирүүлэх болжээ.

УБТЗ-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрт тусгаснаар Олон-Овоо өртөөний нурмаг ачааны хэсгийг 2018 онд өргөжүүлэхээр төлөвлөсөн ч ийнхүү ажлаа эхлүүлээд байна. Одоогоор энэхүү өртөөнөөс нэг компани экспортод нүүрс ачиж байгаа бөгөөд өртөөг өргөжүүлж, терминал байгуулснаар гурван компани хоногт 300 хүртэл вагон нүүрс вагон нүүрс ачвал сардаа 8 тэрбум 865 сая орчим төгрөгийн орлого УБТЗ-д орох боломж бүрдэх аж.

Олон-Овоо өртөөнөөс БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжуулан хэрэгцээт зах зээлд нь далайгаар тээвэрлэн шууд нийлүүлэх худалдааны томоохон гарцыг нээх анхны тээвэр замдаа гарлаа. Эдийн засаг сэргэж, нүүрсний экспорт нэмэгдэж байгаа энэ үед Улаанбаатар төмөр замчид болон нүүрсний уурхайн харилцагч байгууллагуудын ажил ийнхүү эхэллээ. Шинэ терминалын хоёрдугаар үе шатыг ирэх зургадугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж