Трамп НАТО-гийн чуулганд оролцоно

Хуучирсан мэдээ: 2017.03.23-нд нийтлэгдсэн

Трамп НАТО-гийн чуулганд оролцоно

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сард Брюссүль хотноо болох НАТО-гийн дээд хэмжээний чуулганд оролцоно хэмээн Цагаан ордон мэдээллээ. Чуулган тавдугаар сарын 25-нд болох юм.

"Чуулганы үеэр Ерөнхийлөгч НАТО-гийн түншүүдтэйгээ АНУ болон НАТО-гийн хамтын ажиллагаа, мөн тус эвсэлд тулгараад байгаа асуудлуудын талаар ярилцах юм” хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер хэлжээ.

Чуулга уулзалтаас өмнө дөрөвдүгээр сарын 12-нд Трамп НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй уулзах ажээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтод оролцохоо больж, ОХУ руу айлчилна гэсэн мэдээ сүүлийн үед гарсан нь НАТО-гийнхны санааг зовоож байгаа юм.

Шинэ Ерөнхийлөгч Дональд Трамп НАТО-д шүүмжлэлтэй хандаж байгаагаа нэг бус удаа сонгуулийн сурталчилгааныхаа үеэр илэрхийлж байсан. “Энэ байгууллага үеэ өнгөрөөсөн” хэмээн Трамп тодорхойлсон.

НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга өнжих нь тун ховор тохиолдол юм. Өмнө нь ганц удаа тохиолдож байсан нь америкийн цэргүүд Иракт нэвтэрсэн  2003 онд юм. Тухайн үеийн Төрийн нарийн бичгийн даргаар Колин Пауэл ажиллаж байсан.

НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт дөрөвдүгээр сарын 5-6-нд Брюссельд болох товтой. Сүүлийн мэдээгээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргыг оролцуулах үүднээс уулзалтын товыг өөрчлөх талаар НАТО ярьж байгаа ажээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж