2.7 их наядын алдагдалтай төсөв өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2017.03.24-нд нийтлэгдсэн

2.7 их наядын алдагдалтай төсөв өргөн барилаа

Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2017.03.24/ УИХ-ын дарга М.Энхболдод Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн барилаа.

Засгийн газар 2017 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6.1 их наяд буюу ДНБ-ийн 23.1 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8.7 их наяд буюу ДНБ-ийн 33.7 хувьтай байхаар тооцжээ. Ингэснээр төсвийн алдагдал 2.7 их наяд буюу ДНБ-ийн 10.6 хувьтай тэнцэхээр байгаа аж.

2017 оны төсвийн тодотголд орлогыг тогтворжуулах нэмэгдүүлэхэд дараах зургаан арга хэмжээ авахаар төлөвлөөд байна. Үүнд:

  • Архи тамхины Онцгой албан татвар /ОАТ/, импортын тамхины гаалийн албан татварыг нэмэгдүүлэх

  • Авто бензин, Дизель түлшний татварыг хуульд заасан хэмжээнд нэмэгдүүлэх

  • Суудлын авто машины ОАТ-ыг нэмэгдүүлэх

  • Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох

  • Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх

  • Нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмэгдүүлэх

Зарлага талдаа долоон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлнэ

Үүнд:

  • Эм эмнэлгийн хэрэгслийн үр ашгийг дээшлүүлснээр 10-15 хувийн хэмнэлт гаргах

  • Тэтгэвэрт гарах насыг эрэгтэй 2026 оноос 65 настай гарна/ жилд 6 сараар тэтгэврийн насыг нэмэгдүүлнэ/

  • Эмэгтэйчүүд 2036 он хүртэл тэтгэврийн насыг зургаан сараар нэмэгдүүлнэ /2037 оноос 65 насандаа тэтгэвэрт гарна/

  • Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ/хөдөө аж ахуйн салбарт мах, сүүний анхдугаар аян, атрын III аян хэрэгжүүлнэ/

  • Төрийн албан хаагчийг цомхотгохоос зайлсхийж, одоо авч буй цалинг 2017, 2018 онд нэмэгдүүлэхгүй /эдийн засаг тогтворжоод ирэхээр цалинг нэмнэ/

  • Тэтгэвэрт хязгаарлалт тогтоогоогүй.

  • Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлж, 40 хувийг нь хоолны талон хэлбэрээр олгоно

  • Зарим хуулийг буцаана. Тухайлбал, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар төсвийн орлогыг жилдээ 50 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр заалт орсныг түдгэлзүүлэх шаардлага үүссэн байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж