
Яагаад нэг нь ингэж тунирхаж, нөгөө нь гуйж гуйвших дээрээ тулдаг гээч. Түүгээр явсан гайг үүгээр дуудав гэгчээр төр гээч нь өөрөө нийтийн тээврийн хэрэгсэл гээчийг үнэ, үйлчилгээ рүү дайрч орж бужигнуулсан болохоороо… Зүгээр л өөрсдийнхөө хуулиар амьдраад байж болох байсан салбарынханд ард түмнээ хэтэрхий их хайрладаг төрийнхөн заримыг нь үнэтэй, заримыг нь үнэгүй зорчдог байх “зохион байгуулалт” хийж бужигнуулсан. Өнгөн дээрээ татаас өгч гийгүүлж байгаа мэт боловч тэрхүү хэдэн тэрбум төгрөг нь харин ч хэрүүлийн алим, хямралын үүр болж энэ салбарын “эрүүл мэнд”-ийг улам бүр муутгаж байна.
Уг нь жилд 30 орчим тэрбум төгрөгийг энэ салбарынханд “хаядаг”. Ердөө саяхан буюу 2008 онд нийслэлийн хэмжээнд 60 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх буюу зарлага гаргахаас 30 тэрбумыг нь илгээдэг байсан бөлгөө. Одоо ч мөн адил, зөвхөн хотын захиргааны бус салбар сайдынх нь хариуцсан хөрөнгөөс гаргах болгож өөрчилсөн болохоос/Тодруулгаас харна уу/. Дээр нь энэхүү мөнгийг өгөхгүй удаж, компанийг өр ширэнд баглуулсан, буруу зөв хуваарилсан гэх мэт хэрүүл гомдол ч байнга дагалддаг. Нөхөн олговор хэмээх энэ мөнгө нь заримдаа компаниудад бүр лай болох нь ч бий гэж үглэх захирал байдаг юм билээ. Хэдийгээр улсаас нэг оюутан өдөрт хоёр удаа автобусанд зорчино гэх мэтээр дундажлаад үнийн дүнг гаргаж нөхвөр олгодог ч амьдрал дээр бол тэс ондоо байдгийг та бид мэднэ. Дээрээс нь төрөөс өгч байгаа гэж тунхаглах мөнгөө хугацаа хожигдуулж компани засвараа ч хийж чадахгүй, банкнаа зээлийнхээ өрөнд ч баригдаад бүр нэрмээс болдог ч гэдэг юм билээ.
… Яльгүй халамцсан бололтой хэсэг бусаг хүмүүс автобусны хаалгаар шуугилданхан орж ирлээ. Нэг нь “Ах нь салбарын тэргүүний авлаа шүү дээ. Дандаа манайхан явж байгаа” гэх нь автобус компанид ажилладаг нэг салбарынхан бололтой. Кондуктор бүсгүй дуугайхан толгой дохино. Араас нь орж ирсэн гурван охин оюутан гэдэг нь харваас тодорхой. Сандал дээр хоёр хөгшин ёхлон сууна. Дараагийн буудалд хоёр шар хантаазтан чимээгүйхэн орж ирээд шатны гишгүүр дээр шүүрээ барин зогсч байгаад дараагийн буудалд дэгдээд буучихав. Албаны хүмүүсийн тодруулснаар “Тохижилт үйлчилгээний компани”-ийн ажилтнууд автобусаар үнэгүй зорчих ёстой гэсэн ямар нэгэн дүрэм журам байдаггүй, зүгээр л тэднээс мөнгө нэхдэггүй “заншил”-тай юм байна. За тэгээд цаашаагаа цагдаа ах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд автобусны “эзэд” олон бий. Тэдний зардлыг төр даадаг юм. Ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад нь төрийг ийн өөрийнх нь автобусанд мөнгөө төлөх “эрх”-ийг нь өөртөө авчихаач ээ гэж гуйгаагүй л байх. Өндөр настнуудын чамгүй хувь нь автобусаар явахаасаа явахгүй нь их. Зарим нь мөнгийг нь тэтгэвэр дээр нь нэмээд олгочиход буруутах зүйлгүй л гэдэг юм билээ.
Автобус компанийнхны өмнөө барих дуртай хамгийн том үндэслэл бөгөөд тайлбар нь нэг хүний зардал 590 төгрөг гэсэн өөрсдийнх нь гаргасан тооцоо. Чингэхдээ мэдээж хэрэг дээр дурдсан автобусны “эзэд”-ийн төлөөгүй тасалбарын зардлыг ганц мөнгөө төлсөн Баатарт үүрүүлчихсэн л байгаа л даа. Анхнаасаа л хүн болгон тасалбараа аваад ижил тэгш эрхтэйгээр үйлчлүүлээд явж байсан бол автобус компанийнхан ч айлгаж тунирхахгүй, төр гээч нь ч байсхийгээд л тэднийг уруул дэвсэн гуйхгүй л байх сан.
Ачаалал харьцангуй багатай цагуудаар заримдаа хоосон автобуснууд хойно хойноосоо уралдан давхиж харагддаг. Учир нь дээр дурдсан тэрбум тэрбумын татаасыг автобусны рейс буюу эргэлтийнх нь тоогоор тараадаг учраас хоосон ч байсан хамаагүй сүнгэнэж байгаа нь тэр. Харин оргил цагаар бол ямархан байдгийг та бид мэднэ. Гэхдээ энэ ч бас төрийн гар сарваганаж орж ирснээр яаж бизнесийг эвдэлдгийг бас харуулж байгаа биз. Хэрвээ тэд ямар нэгэн татааст найддаггүй байсан бол ийн хоосон явах эсэхээ ч яв цав нарийн тооцоолох л байсан шүү дээ.
Ер нь Монголын нийтийн тээврийн гэлтгүй салбарууд ч сонин төр хувийн хэвшлийнхэнтэйгээ нийлээд байлдчихдаг. Төрийн байгууллага нь ашгийн төлөө бус алдагдлын төлөө гэсэн хачин уриатай мөртлөө үйлчилгээний салбарт ажиллаад байдаг. Нийтийн тээврээр жишиж үзвэл ард түмнийхээ амьдралыг бодож хувийн хэвшлийнхний “ачаа”-наас үүрэлцэж, үйлчилгээг нь хэтэрхий үнэ хүргэхээс сэргийлдэг юм уу даа. Бүх юм үнэгүй, нийтийн байх ёстой гэж сурталчилдаг байсан үеэсээ мултраад удаагүй байгаа болохоор нийтийн тээврийг ч үнэгүй л байх ёстой гэсэн сэтгэлгээ бас байдаг. Үүнээс нь салгахгүй зууралдуулаад байхыг ч төр нь хүсдэг юм шиг. Харамсалтай нь, үнэгүй юм гэж үгүй. Байдаг бол үнэгүй шигээ үнэ цэнээ алдсан байдаг гэдгийг хэлүүлэх юун.
Харин яагаад эх орны гэрэлт ирээдүй энгийнээр бол хөгжлийг чирж явах ёстой оюунлаг анги давхаргынхан байх ёстой оюутнуудыг ингэж үнэгүй юманд сургах гэж улайран зүтгээд байдгийг ойлгох аргагүй. Автобусанд үнэгүй явуулахгүй л бол хичээлдээ очихоо больчихно гэж айдаг юм уу, ном, сурах бичигнээс илүү автобусаар чөлөөтэй явдаг байх нь л чухал гэж боддог юм болов уу, ёстой мэдэхгүй. Үнэхээр оюунтай ирээдүй болох оюутнуудаа дэмжье гэвэл эрдэм номдоо шамдах анги танхим, сургалтын техник, технологи гээд дутагдаж байгаа зүйл юу эс гэх вэ дээ? Үгүйдээ л гэхэд оюутны дотуур байр барихад тэднийг автобусаар тэнүүлэхийн төлөө мөнгө зарцуулж байхаас л илүү хэрэгтэй шиг. Ер нь тэгээд манайхан ч оюутнуудаа “зүйл бүр”-ээр дэмждэг дээ. Эх орны хишиг хэмээн сургалтын төлбөртөө 500 мянган төгрөг нэмэрлэсэн, автобус үнэгүй, одоо дахиад цалинтай болох гэж байгаа гээд л…
Ер нь тэгээд эцэст нь оюутнуудад хандаад хэлчихэд хааш хаашаагаа алхаад алхаад нэг цаг гаруй ч болохгүй хотод амьдарч байж эртхэн босоод алхаад сургууль руугаа оччих хэрэгтэй ш дээ.
