Энэ сарын 23-ны өдөр буюу өчигдөр өдөр Киев хотын төвд ОХУ-ын Төрийн ДУМ-ын гишүүн асан Денис Вороненков амиа алдсан байна. Тэрээр сарын өмнө Украины иргэн болсон аж.
Украины Засгийн газар болон Киев хотын аюулгүй байдлын албаныхан дээрх халдлагыг оросын тусгай тасаг гүйцэтгэсэн хэмээн мэдэгджээ. Учир нь Денис Вороненков оросын нууц мэдээлэл тэрдундаа Виктор Януковичтай холбоотой мэдээллийг задруулна хэмээн оросууд айсан тул дээрх халдлагыг үйлдсэн гэв.
Денис Вороненков Киев хотын хамгийн үнэтэй зочид буудлын нэг болох “Премьер-палас”-ийн хаалгаар хамгаалагчтайгаа гарч байхдаа амиа алджээ. Түүний хамгаалагч халдлага үйлдсэн этгээдийг шархдуулсан гэнэ. Улмаар улстөрчийн хамгаалагч, халдлага үйлдсэн этгээд эмнэлэгт хүргэгджээ. Гэхдээ Украины цагдаагийн байгууллагаас хэн буудсан, биеийн байдал нь ямар байгаа, ямар эмнэлэгт хэвтэж байгаа талаар тодорхой тайлбар өгөөгүй байна.
Харин Украины Дотоод Хэргийн Сайдын зөвлөх Илья Кива шархадсан хүмүүс амьд үлдэх ч тэдний мэдээлэлд итгэж болох эсэх нь тодорхойгүй байна хэмээн сэтгүүлчдэд тайлбарлажээ. Украины Засгийн газар, аюулгүй байдлыг албаныхан бүгд энэ халдлагын талаар нэг байр суурьтай байна. Ийм үзэгдэл тус улсад ховор тохиодог гэнэ. Тус улсын Дотоод Хэргийн Яамны төлөөлөгч Артем Шевченко: “Энэ халдлага Орост ашигтай. Орос Киевийн эсрэг ил болон далд дайн зарласан” хэмээн мэдэгджээ. Харин Ерөнхий Прокурор нь “Энэ бол гэрчийг устгаж буй арга” хэмээн хэлжээ. Тэрээр цааш нь “Вороненков маш чухал мэдээллийг аль хэдийнээ Украинд өгчихсөн, улс төрийн тусгай ажиллагаа чинь оройтчихлоо. Мөн Вороненков оросын улстөрчдийн дундаас цор ганц гэрч биш” хэмээн оросын талд хандан хэлжээ.
Денис Вороненковоос гадна оросын улстөрч асан Илья Пономарев Киевт суурьшиж байгаа билээ. Одоогоор Украины Ерөнхий Прокурорын газар гэмт үйлдлийг мөшгөж байгаагаас гадна Пономарев болон Янукович хэрэгтэй холбоотой шүүхийн ажиллагаанд оролцох бусад хүмүүсийн хамгаалалтыг нэмэгдүүлэхээр болов.
Харин энэ үхэл нь Януковичийн хэргийг шүүхэд Киев Москваг буруутгахад ашигтай байж болох юм. Энэ бол Украины ээлжит явуулга хэмээн мэдэгджээ. Учир нь Вороненков төрийн ДУМ гишүүн байхдаа хар тамхи, үл хөдлөх хөрөнгийн луйвар зэрэг олон гэмт үйлдэлд шалгагдаж байсан. Магадгүй түүнтэй холбоотой гэмт хэрэгтнүүд алсан байхыг үгүйсгэхгүй гэжээ. Мөн Вороненков Виктор Януковичтай ойр дотно байсан нь бас эргэлзээтэй гэв. Учир нь тэрээр нэгэн сэтгүүлчийн асуултанд: “Би Януковичийг мэдэх шаардлагагүй, удахгүй Виктор Януковичийн нээлттэй шүүх хурал болно. Тэнд би юу ярихыг сонсоорой” гэж хариулж байжээ.
Денис Вороненков нь 2016 оны арванхоёрдугаар сарын 5-аас Украины иргэн болсон ч үүнийгээ өнгөрсөн хоёрдугаар сард зарлажээ. Түүний энэ мэдэгдэлтэй холбоотойгоор Украины хэвлэл мэдээлэл, судлаачдын дунд дээрх үйл явдалтай төстэй байж болохуйц таамаглалыг дэвшүүлж байжээ.
БЭЛТГЭСЭН: Э.УРАНЦЭЦЭГ