“Бид Британийн засгийн газрыг тэр чигт нь буруутгах, хоёр орны харилцаанд сэв суулгах гэж ирээгүй. Харин Лондоны шүүхээс гаргасан шийдвэрийг л эсэргүүцэж, асуудлыг дахин авч үзээсэй гэж энд ирсэн. Хүчтэй дайрч давшилсан жагсаал ч хийхийг зориогүй” гэж жагсаалд нэгдсэн хүмүүс ярьж байна. Хүмүүс нэмэгдэж, олны чимээ чангарах тусам ЭСЯ-ны хамгаалагчид нэмэгдэн гарч ирж байв. Тэд цугласан хүмүүсийн дунд орон зогсоод холбоогоор хоорондоо ярьж, зарим нь камер, зургийн аппарат барин тэдний жагсаалыг баримтжуулж байлаа. Хамгаалалтынхныг хэсэгтээ сандаргаад авсан жагсаал тийм ч удаан үргэлжилсэнгүй. Эхэлснээсээ хойш 30 орчим минутын дараа анх цугласан шигээ аажимхан тарж одов. Жагсгчдын шаардлага эзэндээ очих эсэх нь тодорхойгүй ч харийн нутагт Монгол иргэнийг ялласан шүүхийн ажиллагааг тэд чадах ядахаараа буруутгасан нь энэ.
Монголын Засгийн газар ч шүүх хурлын үр дүнд тааламжгүй байгаагаа илэрхийлээд амжсан. Тиймээс давж заалдан заргаа авахын тулд бололцоотой бүх ажлыг хийхээ амлаж, Английн талыг олон улсын шүүхэд энэ хэргийг шилжүүлэх боломжтойг мэдэгдээд байгаа. ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Б.Хурцыг өнгөрөгч оны есдүгээр сард Лондонд ажлын айлчлал хийхээр очиход нь Хитроу нисэх буудлаас Английн тусгай албад баривчилсан билээ. Түүнийг 2003 онд С.Зоригийн хэргийн сэжигтэн гэх Д.Энхбатыг Францаас Бельги, Германы нутгаар дамжуулан хулгайлсан хэрэгт буруутган баривчилснаас хойш 10 сар гаруйн хугацаанд Англид хоригдсон билээ. Харин өнгөрсөн долоо хоногт шүүхийн эцсийн шийдвэр гарч, Германы талд шилжүүлэхээр болсон юм.
Энэ тухай Гадаад хэргийн яам өнгөрөгч бямба гаригт мэдээлэл хийхдээ шүүхийн шийдвэр хоёр орны дипломат харилцаанд асуудал үүсгэхүйц шийдвэр байлаа гэдгийг тэмдэглэсэн. Сануулахад, өнгөрөгч тавдугаар сард Монгол Улсад айлчилсан Британийн төрийн сайд Жереми Браун “Манай хоёр орны найрамдалд харилцаанд сэв суухгүй. Харин ч манай улс танай улсыг ирээдүйтэй Азийн улс хэмээн хардаг” гэсэн билээ.