Өчигдөр буюу 3-р сарын 23-ны өдөр Монгол Эм Импэкс Концерн, Монголын Гастроэнтерологийн холбоо, Чех улсын Промед компани хамтран “Архины болон архины бус шалтгаант элэгний эмгэг- тулгамдсан асуудал” сэдэвт бага хурлыг зохион байгууллаа.
Сургалтад улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллагын 200 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагдсан байна. Манай улс зуун мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийн дундаж үзүүлэлтээс 8 дахин их байдаг гэсэн харамсалтай судалгаа байдаг. Энэ нь дан ганц элэгний В, С, D вирусийн халдвар бус бусад эрсдэлт хүчин зүйлс элэгний өвчлөл, нас баралтад нөлөөлж байгааг харуулж байгаа юм. Монгол Эм Импэкс Концерны зохион байгуулж буй энэхүү симпозиум нь олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд вирусийн бус шалтгаант элэгний өвчлөлийг тодорхой хэмжээнд бууруулах, иргэдийнхээ эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэх, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Арга хэмжээнд ОХУ-ын анагаахын шинжлэх ухааны доктор Надинская Мария Юрьевна урилгаар оролцож Монголын эмч нарт эмчилгээний орчин үеийн чиг хандлага, арга барилын талаар зааж сурган, санал бодлоо солилцсон байна.