-Эрх мэдлийн төлөө зодолдож буй Монгол ардын нам болон дотоодын хэрүүл талцал нь хэв хэвээрээ байгаа Ардчилсан нам хоёрт улаан, цэнхэр тугнаас өөрөөр ялгарах юм ингэхэд юу үлдсэн юм бэ?-
Уламжлал ёсоор дөрөвдүгээр сарын эхээр нээлтээ хийх хаврын чуулган хүртэл эдийн засаг тэг зогсолттой байна. Хэдийгээр хугацаа тулсан өрийн дарамт суларч, эдийн засагт ассан улаан гэрэл унтарсан гэх ч бодит амьдрал дээр хямрал улам гүнзгийрч, энэ нь аж ахуйн нэгж, айл өрх, хувь хүн дээр илүү тод ажиглагдаж буй юм. Хямралыг эмчлэхийн тулд Монголын Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдана гэдгээ зарлаад сар гаруй хугацааг өнгөрөөв. Сангийн сайд Б.Чойжилсүрэн гуравдугаар сард ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэнэ хэмээн мэдэгдсэн боловч олонхийн бүлгийн олонх ингэх хэрэггүй гэж үзсэн бололтой, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулаагүй юм.
МАН муу байна
Олонх муу ажиллаж байна гэх хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН-ын рейтинг улам доошилсоор. Хэдийгээр дотоод хэрүүл зодооноо нууж буй ч үнэндээ тэдний хагарал, тэмцэл Ардчилсан намын өнгөрсөн дөрвөн жилийн үл ойлголцлоос дээрдэх зүйл алга. Засгийн газрынхаа бодлого болгоныг бойкотолсоны эцэст Ардчилсан нам гудамжинд хөөгдөж гарсан түүхийг давтаж мэдэхээр байна.
Засгийн газар, тэр тусмаа Сангийн яам ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах сонирхол асар их байгаа ч ээлжит чуулганаар эрх баригч намын бүлэг санал нэгдэнэ гэж хэлэхэд эртэднэ. Учир нь, тэтгэврийн насыг нэмэх, нийгмийн даатгалын шимтгэлийг өсгөх гээд Засгийн газрын нэрлэсэн долоон төрлийн татварт өөрчлөлт оруулбал Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН-ын рейтинг унана гэх байр суурьтай гишүүн олонх дотор цөөнгүй байна.
Ялангуяа өнгөрсөн УИХ-ын сонгуулийн амлалт дээр сөрөг хүчин тоглолт хийгээд эхэлбэл, иргэдийн бодол хаашаа ч эргэж мэднэ. Үндсэндээ ээлжит чуулганаар хэлэлцэх 2017 оны төсвийн тодотголоор зөвхөн долоон төрлийн татвар ярих уу, эсвэл Ерөнхий сайдын илгээлтэд дурдсанчлан төр ачааны хүндийг үүрч, төсөв захиран зарцуулагчдын хангамж, тансаглалыг хумих уу гэдгийг иргэд анхааралтай ажиглаж байна.
МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН Ж.ЭРДЭНЭБАТААС ӨӨР ТӨРИЙГ ЦОМХОН БОЛГОЁ ГЭЖ ДУУГАРАХ ДАРГА ҮНЭНДЭЭ ЦӨӨХӨН БАЙНА. ОЛОНХИЙН ОЛОНХОД АХ, ДҮҮ, ХАМААТАН САДАН, АЯЛДАН ДАГАГЧДААРАА ДҮҮРГЭСЭН ТӨРИЙН АЛБАА ЦОМХОН БОЛГОХ ЭР ЗОРИГ БАЙГАА ЭСЭХ НЬ Ч ЭРГЭЛЗЭЭТЭЙ. ХЭРЭВ ИНГЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ “ЭРДЭНЭТ”-ЭЭР УЛСТӨРЖИЖ УНАГАСАН МАН-ЫН РЕЙТИНГ УЛАМ Л УРУУДАХ ЮМ.
МАН-ын засгийн танхимд ч эдийн засгийн хямралд санаа зовж буй сайд Ж.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэнгээс өөр байна уу. Эрх баригчид дунд тэднээс өөрөөр хэн ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн тухай ярьж байгаа юм бэ. Шадар сайд У.Хүрэлсүх өдөр, шөнөгүй зөвхөн өөрийнхөө л ажлыг рекламдаж суугаа бол Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь сурагчдын амралтыг нааш цааш нь болгохоос хэл ам татлаад байгаа Төрийн их дээд сургуулийнхаа асуудлыг зохицуулж чадахгүй л байна даг. Тэгвэл Тавантолгой гэж шинэ оны өмнө ганц удаа дуугарсан Ц.Дашдорж юу хийгээд байгааг мэдэх хүн алга. Засгийн газраас “Алт II” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зарласнаас хойш салбарын яам энэ чиглэлээр юу хийв ээ?! Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийн хувьд энэ гээд рекламдчих ажлаар тун маруухан суугаа. Энэ мэтээр эрх баригчдаас өө хайвал олдох сэв ч олон. Гэтэл эдийн засаг ярьж байх ёстой МАН намрын чуулганы сүүлийн өдөр "Эрдэнэт"-ийг 100 хувь төрд авах шийдвэр гаргаснаас хойш сар шинэ, март, цэргийн баяр тэмдэглээд завгүй. Нөгөө "Сүх далайтал үхэр амгалан" гэдэг шиг. Баяраас баярын хооронд байдгаа гөвсөн иргэд одоо л ам нь "ангалзаж" эхэлнэ гэж мөрийцсөн ч болно.
АН муухай байна
С.Эрдэнээр овоглох болсон Ардчилсан намд ялсан ч, ялагдсан ч дотоод хэрүүл нь зогсохооргүй болжээ. Шинэчлэлийн хүрээнд хийгдсэн намын даргын сонгууль нь ч, намын Үндэсний бодлогын хорооны сунгаа ч яг л нөгөө хуучнаараа фракциудынхаа хэрүүл тэмцэл дор явагдаж буй нь хэн хүнд ил харагдах болсон. “Хүн дийлэхийн аргагүй татвар тавих нь цөөн хүний гарт намыг оруулна” гэж Ц.Оюунгэрэлээс эхлээд сануулах хүн олон байгаа ч С.Эрдэнийн фракц энэ шаардлагыг эрүүлээр хүлээн авч чадсангүй. Намын дотоод сунгааг тойрсон дэнчин мөнгөний асуудал хурцдахын хэрээр хоородын зөрчил нь Ардчилсан намыг шүүхийн хаалга ч татуулж мэдэхээр байна. Учир нь, Дотоод сонгуулийн хороо хүчээр сонгууль явуулдаг юм аа гэхэд Улсын Дээд шүүхэд бүртгэлгүй дүрмээр сонгууль явуулсныхаа хариуцлагыг Ардчилсан намын шинэ дарга нар хүлээх хэрэгтэй болж таарна.
АРДЧИЛСАН НАМ ФРАКЦИАСАА ТАТГАЛЗАЖ, БОДЛОГЫН НАМ БОЛЖ БАЙГААГАА МЯНГАН УДАА ХЭЛЛЭЭ Ч БОДИТ БАЙДАЛ ДЭЭРХ ГАЗАР, ТЭНГЭР ШИГ ЗӨРҮҮ НЬ АРДЧИЛСАН НАМЫГ МУУХАЙ ХАРАГДУУЛСАН ХЭВЭЭР. ЭНЭ БАЙДЛААРАА БОЛ ЁСТОЙ Л ЭНЭ НАМ С.ЭРДЭНЭТЭЙГЭЭ ХАМТДАА ХАМГИЙН ДООД ЦЭГТЭЭ УНАЖ БАЙЖ Л ЭРГЭН СЭРГЭЖ МАГАДГҮЙ ЮМ.
Үндэсний бодлогын хороонд өрсөлдөж буй жагсаалтыг харахад Ардчилсан нам “өв залгамжлагчид”-аар үеэ шинэчлэхээр болжээ. Энэхүү жагсаалтыг харахад өнгөрсөн 26 жил Монголын ардчиллыг өмчилж, ардчиллаар овоглож ирсэн Ардчилсан намд ардчилал улам хумигдсаар. Хэн мөнгөтэй нь “дуугаа захиалдаг” бизнесийн зарчим Ардчилсан намд үйлчилж эхэлсэн нь харамсалтай. Тиймээс Ардчилсан намын шинэчлэлийн эргэн тойронд болж буй үйл явдал, өрнөлөөс хийсэн нэг дүгнэлт бол цаашдаа тус намд мөнгөтэй хүн эрх мэдэлтэй болно гэсэн ганцхан ойлголт.
Өмнө нь МАН-ыг өв залгамжлагчдын нам гэж өөлж явсан Ардчилсан нам үнэндээ ах коммунистуудтайгаа алхам тутамдаа адилхан болсоор байгаа. Учир нь, эрх мэдлийн төлөө зодолдож буй Монгол ардын нам болон дотоодын хэрүүл талцал нь хэв хэвээрээ байгаа Ардчилсан нам хоёрт улаан, цэнхэр тугнаас өөрөөр ялгарах юм ингэхэд юу үлдсэн юм бэ?