Төв аймгийн Жаргалант сумын малчны гэрт өнгөрсөн сарын 31-нд насанд хүрээгүй охиныг буудаж, амийг нь хөнөөсөн тухай орон нутгаас мэдээлэл ирлээ. Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн боловч ийм дуудлага хоёр хоногийн өмнө ирснийг үгүйсгэсэнгүй. Хэргийг нь шалгахаар хүүхдийн байцаагч, мөрдөн байцаагч нар хэргийн газар луу явсан байна. Харин албан бус эх сурвалжийн мэдээлснээр Жаргалант сумын малчин айлд гадны дөрвөн зочин ирж, архи ууж байгаад муудалцан айлын эзнийг толгой руу нь лоомдсон байна. Толгойгоо лоомдуулсан гэрийн эзэн уурандаа буу авч дээрхи хүмүүс рүү дайрсан аж. Гэтэл түүний дүү 11-р ангийн охин болиулах гэж байгаад бууны суманд өртөж амиа алдсан байна. Толгойдоо лоомдуулсан гэрийн эзэн эмнэлэгт хүргэгдсэн хойноо нас баржээ. Харин энэ хэргийн талаар албаны эх сурвалжууд тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Ш.ЧИМЭГ