Амжилттай яваа эрийн ард эмэгтэй хүн байдаг гэлцдэг. Тэгвэл Ойрхи-Дорнодын хүчирхэг удирдагчдын нэг Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы арын албаны хүн буюу эхнэртэй нь танилцацгаая.
Туркийн тэргүүн хатагтай Эмине Эрдоган (Эмине Гулбаран). Дөрвөн хүүхдийн эх Эмине нөхрөөсөө дутахгүй нийгмийн идэвхтэй нэгэн. Тухайлбал, тэрбээр 2010 онд Пакистаны үерт өртсөн бүс нутагт биечлэн очиж, хохирогчдод туслах сан байгуулан ажилласныхаа төлөө ерөнхий сайдаас Пакистан мужийн одонгоор шагнуулсан байна.
Эмине 1955 оны хоёрдугаар сарын 21-нд Сийрт хотноо араб гаралтай гэр бүлд таван хүүхдийн бага нь болж мэндэлжээ. Тэрбээр бага насандаа Ускудар болон Стамбулд амьдарч байв. Эмине Туркийн Урлагийн дунд сургуульд суралцаж байсан ч төгсөөгүй. Өсвөр насандаа Эмине өгүүллэгийн ном уншиж, кинотеатрт очих дуртай байв.
Мөн алдартай жүжигчдийн зургийг цуглуулдаг хоббитой байжээ. Гэвч Эмине 15 настайдаа амиа хорлохоор оролдож байсан гэдэг.
Тухайн үед тэрбээр Истамбулын Охидын институтэд суралцаж байсан аж. Эрх дураараа зантай Эминед нэг өдөр ах нь исламын шашны дагуу хувцаслах ёстойг сануулсан аж. Ах нь түүнд “Бид хэрэв тосгонд амьдарч байсан бол чи заавал толгойн алчуур ороох шаардлагагүй. Гэтэл бид Стамбулд амьдарч байна. Тиймээс исламын шашны дэг жаягийг дагах ёстой” хэмээсэн аж. Үүний дараа тэрбээр сургуулиа орхиж, толгойдоо алчуур зүүж явах болжээ. Гэвч энэ нь Эминед ямар нэгэн хүлээс мэт санагдаж, дарамт мэдрэх болсноор шилжилтийн насандаа амиа хорлох тухай бодоход хүргэсэн аж.
Эмине бол Туркийн Идиалист эмэгтэйчүүдийн нийгэмлэгийг үндэслэгчдийн нэг бөгөөд Оюутны холбоо, Шинжлэх ухаан, соёл урлагийн эмэгтэйчүүдийн санд ажиллаж байсан нийгмийн идэвхтэй нэгэн. Гэтэл түүний нөхөр Режеп Тайип Эрдоган эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн идэвхийн эсрэг үзэл баримтлалтай. Режеп Тайип Эрдоган 2014 онд Туркийн ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараахан “Исламын шашны ёсоор эмэгтэй хүний хүрч болох хамгийн өндөр байр суурь бол ээж болох юм” хэмээснээр олон улсын шүүмжлэлд өртөж байсан билээ. Гэхдээ Эминегийн эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөөх үйл ажил нөхрийнх нь эсрэг гадаадынхны буруутгалыг саармагжуулдаг аж. Эмине Идиалист эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн зохион байгуулсан бага хурлын үеэр анх Эрдогантай танилцжээ. Тэд 1978 оны долдугаар сарын 4-нд гэрлэсэн аж. Үүнээс хойш тэрбээр Эрдоганы улс төрийн амбицад дэмжлэг үзүүлж, дэмжсээр иржээ. Тэд хоёр хүү, хоёр охинтой.
Түүний нөхөр Режеп Тайип Эрдоган өнгөрсөн онд гарсан цэргийн эргэлтийг богино хугацаанд дарж чадсанаараа нэр хүнд нь асар өссөн юм. Ард түмний итгэлийг хүлээснийхээ дараа тэрбээр Туркийн засаглалын системийг өөрчилж, эрх мэдлээ нэмэгдүүлэхээр хичээж байна. Турк засаглалаа өөрчилж, ерөнхийлөгчид эрх мэдэл төвлөрүүлэх эсэхийг ирэх тавдугаар сард бүх нийтийн санал асуулгаар эцэслэн шийдвэрлэнэ.
ТЭРГҮҮН ХАТАГТАЙ ЭМИНЭ ЭРДОГАНЫ НАМТАР
Эх сурвалж: www.tccb.gov.tr
Эминэ Эрдоган нь 1955 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Истанбул хотноо Жемал болон Хаяриеэ Гүлбараны гэр бүлд 5 дахь хүүхэд ба айлын ганц охин болж мэндэлжээ. Эминэ Эрдоганы гэр бүл Сийрт мужаас гаралтай бөгөөд тэрээр Истанбул хотын эмэгтэй оюутнуудын “Митхат Паша” мэргэжлийн хүрээлэнд суралцаж төгссөн байна. Тэрээр бага залуугаасаа олон нийтийн ажилд идэвхитэй оролцож иржээ. Эминэ Эрдоган “Идеалист эмэгтэйчүүдийн холбоо”-г байгуулж Үндэсний турк оюутнуудын холбоо болон тухайн үеийн Эмэгтэйчүүдийн шинжлэх ухаан, соёлын холбооны үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байв. Зохиолч хатагтай Шуле Юксэл Шэнлэртэй нөхөрлөсөн цагаасаа хойш амьдралдаа чухал шийдвэр гарган үзэл бодол, үйл хэрэгт тулгуурласан олон нийтийн ажилд өөрийгөө зориулжээ.
Рэжэп Тайип Эрдогантай 1978 оны 7 дугаар сарын 4-ний өдөр гэрлэжээ. Ийнхүү Туркийн улс төрийн түүхэн дэх хамгийн хүчтэй лидерүүдийн нэг болох Рэжэп Тайип Эрдоганы улс төрийн тэмцэл дэх хамгийн том хань түшиг нь болсон юм.
Рэжэп Тайип Эрдоган нь Истанбул хотын Хөгжлийн намын хорооны дарга байх үед Эминэ Эрдоган тус хорооны эмэгтэйчүүдийн зөвлөлийн үүсгэн байгуулагч гишүүнээр ажиллаж байсан бөгөөд Турк Улсад эмэгтэйчүүдийг улс төрд уриалсан түүхэн үйл хэргийг манлайлж байжээ. Тэрээр намын ажилд сэтгэлээ зориулсан нөхдийн хамтаар айл бүрээр явж эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг эхлүүлсэн нь Хөгжлийн намын сонгуулийн амжилтанд томоохон түлхэц болсон юм.
Тэрээр нөхөр Рэжэп Тайип Эрдоганыг Истанбул хотын даргаар сонгогдсоны дараа нийгмийн хариуцлагын олон төслийг хэрэгжүүлж байв. Шударга ёс, хөгжлийн намын удирдаж буй дүүргүүдэд одоог хүртэл хэрэгжсээр байгаа “Чинээлэг ба тарчиг иргэдийн ифтар зоог” санаачилгыг эхлүүлэн нийгмийн олон өөр давхарга хооронд эв нэгдэлийг бий болгож улмаар тусламжийн шугам бий болгоход хувь нэмрээ оруулж иржээ.
Хоёр охин, хоёр хүүгийн эх Эминэ Эрдоган нь нийгмийн болон улс төрийн амьдралд үргэлж идэвхитэй байсан бөгөөд нөхрөө Ерөнхий сайдаар томилогдоход ч тэр үйл ажиллагаагаа улам бүр нэмэгдүүлсээр ирсэн юм. Гэр бүлээсээ өвлөж авсан тусч хүмүүжлээ амьдралынхаа бүхий л үед хадгалж олон мянган хүнд тусламжийн гараа сунгаж байжээ. 2005 онд “Нийгмийн хөгжлийн төв”-ийг байгуулж хүүхэд, эмэгтэйчүүдийн боловсролд чиглэсэн чухал үйл ажиллагааг эхлүүлж байв.
Эминэ Эрдоган, Турк Улсын зарим бүс нутаг дахь эмзэг сэдэв болох эмэгтэй хүүхдийн сургуулиас завсардах асуудлын эсрэг Үндэсний боловсролын яамтай хамтран улсын хэмжээнд том аянг эхлүүлжээ. “Алив охидууд аа сургуульдаа” кампант ажлаар дамжуулан 300 мянган эмэгтэй хүүхдийг бичиг үсэгт сурган сургуульд хамруулжээ.
Боловсролын салбар дахь түүний хүчин чармайлт “Ээж-охин сургуульдаа” кампант ажлаар улам өргөжиж бичиг үсэг тайлагдаагүй ээж нарын энэхүү асуудлыг шийдэхэд чухал алхам болсон байна.
Эминэ Эрдоган хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн хөдөлмөр эрхлэлттэй тэмцэж “7 нас маш орой” зэрэг хүүхдийг бага наснаас нь боловсрол эзэмшүүлэх нь чухал ач холбогдолтой гэдгийг уриалж энэ төрлийн олон ажлыг дэмжсээр иржээ. Тэрээр боловсролын салбар дахь үйл ажиллагаандаа гадаад улс орнуудын тэргүүн хатагтай нарыг ч урьж оролцуулснаараа нөлөөллийн хүрээгээ улам бүр тэлж чадсан байна. Турк Улсад олон түмний өргөн дэмжлэгийг хүлээсэн “Ах дүү гэр бүлүүд” төслийн санаачлагч нь ч мөн Эминэ Эрдоган байв.
Нийгэмд сайн дурын үйл ажиллагааны соёлыг нэмэгдүүлэх, нийтийн үйлчилгээний зохистой ажиллагааг хангах чиглэлээр Гэр бүл, нийгмийн бодлогын яамны “Нийгмийн хөгжилд сайн санааны элчийн оролцоо” төслийг ивээлдээ авч хэрэгжүүлжээ. Турк Улсын 81 мужийн захирагч нарыг гэргий нарын хамт эмэгтэйчүүд, ахмад настнууд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад дайчид болон дайнд амь эрсдэгсдийн гэр бүлийнхэн, ядуус болон хар тамхинд донтогсод зэрэг олон өөр бүлгийнхний амьдралыг сайжруулах зорилгоор сайн дурын хөдөлгөөнийг эхлүүлжээ. Уг хөдөлгөөн нь олон нийтийн салбар дахь Оскарын шагналд тооцогдох “Алтан луужин” шагнал хүртсэн бөгөөд НҮБ-аас бусад улс орнуудад хэрэгжиж болох үлгэр жишээ төслөөр шалгарчээ. Энэхүү төсөл нь 2012 оноос эхлэн Эминэ Эрдоганы ивээл дор хэрэгжиж байна.
Хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн идэвхитэй байр суурийг дэмжих зорилгоор бүс нутгийн улс орнуудын төр, засгийн тэргүүний гэргий нарын хамтаар “Хөдөлмөрийн салбар дахь эмэгтэйчүүд” сэдэвт олон улсын хурлыг зохион байгуулж байв. Турк Улсад эмэгтэйчүүдийг зөвхөн хөдөлмөр эрхлээд зогсохгүй улс төрд ч мөн адил идэвхтэй оролцохыг уриалж улс даяар эмэгтэйчүүдийг улс төрийн карьер эхлүүлэх урам зориг өгсөн билээ.
Эминэ Эрдоган нь нийгмийн хамгийн чухал асуудал болоод буй хар тамхинд донтохын эсрэг нийгмийн ухамсрыг нэмэгдүүлэх, донтолтын эсрэг тэмцлийн үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор олон төрлийн кампант ажилд дэмжлэг үзүүлжээ.
Боловсролоос эрүүл мэнд, эмэгтэйчүүдээс хөгжлийн бэршээлтэй иргэдийн асуудлууд хүртэл төрөл бүрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудын кампант ажлыг ивээлдээ авч дуу хоолойгоо хүргэхэд нь хувь нэмрээ оруулсаар байна.
Эминэ Эрдоган нь Турк Улсыг олон салбарт хурдацтай бүтцийн шинэчлэл хийхэд Европын холбоонд гишүүнээр элсэх нь чухал ач холбогдолтой гэдгийг үргэлж илэрхийлсээр ирсэн. Нөгөө талаас дэлхийн өнцөг булан бүрээс ирж буй дуу хоолойг сонсож ядуурал болон дарамт, шахалттай тэмцэж буй ард түмний талд байж хүний эрхийн зөрчлийг хүчтэй эсэргүүцэж иржээ. Газийн зурвас, Мьянмар, Пакистанд болсон эмгэнэлт үйл явдалыг үл тэвчин олон улсын арга хэмжээнүүдийг зохион байгуулж байв. 2009 онд Газийн зурваст болсон халдлагын дараа Арабын ертөнц болон барууны орнуудын төр, засгийн тэргүүн нарын гэргий нарыг нэгтгэж дэлхий нийтэд хандаж “Дайныг зогсоо” хэмээн уриалж байв. 2012 онд Мьянмарт болсон эмгэнэлт явдлын үеэр амь насанд эрсдэлтэй гэх анхааруулгыг үл тоон өөрийн биеэр тэр бүс нутагт айлчилж хүмүүнлэгийн тусламжыг хүргэсэн. Олон сая ээжүүдийн асуудлыг дэлхий нийтийн анхаарлын төвд авчирч тусламжын аяныг эхлүүлж байв.
Бүгд Найрамдах Турк Улсын түүхэнд анхны удаа ард түмнээс шууд сонгогдсон Ерөнхийлөгчийн гэргий Эминэ Эрдоган нь Бүгд Найрамдах Турк Улсын тэргүүн хатагтайн хувьд хилийн чанад дахь айлчлалуудын үеэр бусад улс орны тэргүүн хатагтай нартай төрөл бүрийн нийгмийн хариуцлагын төслүүдийн талаар санал солилцдог. Шаардлагатай тохиолдолд тэднийг урьж өөрийн орноо таниулахад хувь нэмрээ оруулдаг билээ.
Нөгөө талаас энэхүү айлчлалуудын үеэр соёл, урлагийн үйл ажиллагааг сонирхож боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудаар зочилдог. Тэрээр уламжлалт анагаах ухаан сонирхдог. Эрүүл амьдрах, эрүүл хооллох дадал зэрэг асуудалд анхаарлаа хандуулахын зэрэгцээ энэ чиглэлээр нийгмийн ойлголтыг нэмэгдүүлэх ажилд ач холбогдол өгч байна.
Эминэ Эрдоган нь дотоодод болон гадаадад нийгмийн салбарт идэвхитэй ажиллахын сацуу чөлөөт үедээ ном уншиж, дэлхийн улс орнуудын дуу хөгжмийг сонсдог аж.