Сүхбаатар дүүргээс өчигдөр /2017.03.03/ Сүхбаатарын талбайд 16:00 цагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтыг зохион байгууллаа. Энэхүү иж бүрэн сургалтад ойролцоогоор 450 орчим мэргэжилтэн, албан хаагч оролцож, иргэдэд гамшгаас хамгаалах эрсдэлийн талаар заавар, зөвлөгөө өгч, ажиллалаа.
Удаан хугацаанд дугаарлан, ажиллах виз хүссэн иргэдийг санаатайгаар бүртгэлээс хасаагүй гэж Чехийн ЭСЯ-наас хариу мэдэгдэл гаргалаа. Тэд визний бүртгэлтэй холбоотой үүссэн асуудлаа монголчуудтай холбон тайлбарлаад, гомдол гаргасан иргэдийг ЭСЯ-ны ажлыг нь ойлгож, хамтран ажиллахгүй бол Консулын хэлтсээ түр хугацаагаар хаана. Мөн виз олгох үйл ажиллагааг бүрэн зогсоохоос өөр аргагүй байдалд орно гэж мэдэгджээ. Тиймээс монголчуудад хохиролтой зохицуулалт хийх хүртэлх алхамд хүргэхгүй байхыг виз хүсэгчдэд санууллаа.
Ардчилсан намын Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан орон тооны нарийн бичгийн дарга О.Магнай өчигдөр/2017.03.23/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар жилийн 5.75 хувийн хүүтэй байсан бондыг 8.75 хувийн хүүтэй бонд гаргаж төлсөн боллоо. Өрийг өрөөр төллөө. Зөв зүйл биш. Зөвхөн хүний зөрүүнд Монгол Улс 358 сая ам.доллар илүү төлөх тооцоо гарч байгаа. Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдаад долоон сарын хугацаа өнгөрлөө, бодитой шийдвэр гаргасангүй. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа “Субботник хийлээ” гэж Ерөнхий сайд өөрөө дүгнэсэн байна. Энэнд туйлын харамсаж байна” гэжээ.
Ерөнхий сайд тэргүүтэй УИХ Засгийн газрын гишүүд уржигдар /2017.03.22/ Ховд аймгийн төв дэх Баруун бүсийн оношлогооны төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Барилгыг өргөтгөх шаардлагатай техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж дутагдалтай байгаа зэрэг хүндрэл учирч байсныг Засгийн газрын дэмжлэгээр шийдвэрлэхээр болсноо Ерөнхий сайд хэлсэн байна.
Дөрвөн жил тутамд хуралддаг Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны чуулган өнөөдөр хуралдана. Зуны олимпийн наадам зохион байгуулагдсаны дараа жилийн эхний улиралд багтаан хуралдуулах дүрмийн дагуу уг чуулганыг товлосон хугацаанд зохион байгуулж, МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох гэж байна. Монголын үндэсний олимпийн хорооны VII чуулганд МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшсэн Я.Батсуурь , МҮОХ-ны дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн Х.Баттулга МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлд нэр дэвшсэн Ж.Хатанбаатар нар нэрээ эргүүлэн татсан талаар чуулганы Сонгуулийн комисс өчигдөр /2017.03.23/ мэдээлжээ.
“Байгаль нуурын цутгалан Сэлэнгэ мөрөн дээр монголчууд УЦС барихгүй” хэмээн ОХУ-ын Байгаль орчин, эколог, тээврийн сайд Сергей Иванов “Россия-24” сувагт өгсөн ярилцлагадаа мэдэгдсэнийг РИА Новости өчигдөр /2017.03.23/ дамжууллаа.
Лондон хотын парламентын ордны ойролцоо өнгөрсөн шөнө /2017.03.23/ халдлага гарлаа. Халдлагын улмаас 5 хүн амь үрэгдэж, 40 хүн гэмтжээ. Тодруулбал, Уэстминстерийн гүүрэн дээр явж байсан явган зорчигчдыг автомашинтай этгээд дайрч, хоёр хүний аминд хүрсэн байна. Дараа нь гэмт этгээд парламентын ордны дэргэдэх хашлагыг мөргөн зогсжээ. Алуурчин машинаас бууж, парламентын ордон руу гүйхдээ цагдаа нартай тулжээ. Тэрбээр хутгатай явсан ба энэ үедээ нэг цагдааг хутгалан хөнөөж, удалгүй цагдаагийн бууны суманд өртөн, алагдсан байна Халдлага болох үеэр гүүрэн дээр аялж явсан Францын дунд сургуулийн сурагчид болон Өмнөд Солонгосын жуулчид гэмтжээ.