ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудлаар шинжээчид өнөөдөр Дархан-Уул аймагт ажиллалаа. Тэд ОХУ-ын газар ашиглалтын эрхийн асуудлаар солилцох нот бичигт тус объектуудыг тусгах үндэслэлийг тодорхойлохоор ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий консулын төлөөлөгчидтэй хамтран Дархан хот дахь Оросын объектуудыг тойрч үзлэг хийжээ. Мөн 938 метрийн урттай хэд хэдэн хэсэг газруудын нутаг дэвсгэрийн байршил, техникийн нөхцөл байдлыг тодотгох зорилгоор хаалт хийх, сургуулийн нутаг дэвсгэр дээрх биеийн тамирын талбайг үзэн биеийн тамирын тоног төхөөрөмж байгаа эсэх болон түүний техникийн нөхцөл байдлыг тодорхойлох зэргээр хэд хэдэн асуудлыг судалсан байна. Улмаар аймгийн Засаг дарга С.Насанбат болон аймгийн удирдлагуудтай хэлэлцээрт оруулах асуудлууд, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэр дээрх Оросын үл хөдлөх хөрөнгийн асуудалтай байгаа хэсгүүдийг зохицуулахаар хамтран ажиллах талаар уулзалт хийлээ.
Уулзалтаар Оросын үл хөдлөх хөрөнгийн объектууд баригдсан газруудыг бүртгэх, газар ашиглалтын гэрээний нөхцөлүүд объектын зориулалтаас шалтгаалан хөнгөлөлт үзүүлэх асуудал, газар ашиглалтын төлбөрийн хэмжээний асуудлаар санал солилцлоо.
ОХУ-ын эзэмшилтэй 3, 4 дүгээр орон сууцыг Монголын талд үнэ төлбөргүй шилжүүлэх хэлэлцээр хийх гэж байгаатай холбогдуулан тус байрнуудын хүчингүй болсон гэрчилгээг сэргээх асуудлаар ярилцлаа. Харин 6 дугаар байрны оршин суугчид болон түрээслэгч “Гобитекс” компанитай үүссэн асуудлыг зохицуулах, Жигүүр цогцолбор сургуулийн түрээсийн төлбөрийн хэмжээний талаарх зөрүүтэй ойлголтыг шийдвэрлэх зэрэг дөрвөн чухал асуудлаар санал солилцсон юм. Дээрх асуудлуудаар хэлэлцэх дараагийн уулзалтыг ирэх сарын эхээр буюу 4 дүгээр сарын 3ны үеэр манай аймагт хийхээр товлов. Тус уулзалтад ОХУ-ын эзэмшилтэй байранд амьдардаг иргэд оршин суугчдыг оролцуулах юм байна.
ЭХ СУРВАЛЖ: DARKHAN.GOV.MN