“Траншейнийнхан”-д ч гэсэн туслах хүмүүс бий

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

“Траншейнийнхан”-д ч гэсэн туслах хүмүүс бий

Гудамжны хаа нэгтээ өнхрөөд уначихсан, машин зам яг голлоод хэвтэж байгаа тэнэмэл архичдыг бид “Ээж аав, ах дүүгээс минь ялгаагүй, бидэн шиг хүн шүү дээ” гэх нүдээр харуусан харахаа болиод уджээ. Арга ч үгүй биз дээ, ажил амьдрал, үр хүүхэддээ хүртэл хүрэлцэхгүй байгаа үнэт цагаа хажуугаар нь өнгөрхөд л толгой өвдөм эвгүй үнэр ханхийлгэж, хэл ам, ааш авир нь тааварлахад ч хэцүү болсон эдгээр хүмүүст зориулж байхаар харсан ч хараагүй мэт нүдээ анин холуур тойроод өнгөрсөн нь ч дээр. Тэгээд “Ар гэр, ах дүү, хууль цагдаа, төр засаг нь энэ архи гээч хорт зуршлаас салгаж чадахгүй байхад ардаа ажил, амьдралтай бид яах билээ” гэж өөрсдийгөө зөвтгөнө. Үр дүнд нь архичид улам хүрээгээ тэлсээр цөөхөн монголчуудын маань олонхи нь архинаас ямар нэг хамааралтай болж гэр орон, гэргий хүүхдээ үл тоох болжээ.

Тэгвэл энэ байдалтай бага ч атугай тэмцэж, цөөн ч гэсэн хүнийг ажил амьдралд нь эргүүлэн оруулахаар Монголын өрх толгойлсон эмэгтэйчүүдийн “Заюу тайж” нийгэмлэг 2000 онд байгуулагдаж, үүнээс хойш 11 жил тасралтгүй үйл ажилгаа явуулж байгаа юм байна. Тус нийгэмлэг өрх толгойлсон ядуу, нэн ядуу эцэг эхчүүдэд туслах, архинд донтсон орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэн архинаас гаргах гэсэн чиглэлээр ажилладаг. Архинд донтсон орон гэргүй хүмүүсийг дэргэдээ авч байрлуулан нийгэмшүүлээх ажлыг хийгээд таван жил болж байгаа гэнэ. Түүнчлэн өрх толгойлсон, нэн ядуу эцэг эхчүүдийг зээл авахад нь зуучилж, бичиг баримтыг нь хөөцөлдөж өгөх, эмнэлэгт үзүүлэх гэх мэт хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг байжээ.

Харин одоо бол тус нийгэмлэг хамтран ажиллаж, хүмүүсээ үзүүлдэг эмнэлэгтэй болж, “Энэрэл” эмнэлэгтэй хамтран ажлаад гурван жил болж байна. Архинд донтсон тэнэмэл, траншейний хүмүүсийг өөрсдөө байр хоолоор ханган эмчийн үзлэгт хамруулж, бичиг баримтыг нь бүрдүүлж өгөөд өөрт нь тохирсон ажил ч хөдөлмөр эрхлүүлдэг болсон байна. Ингэснээрээ тэр хүмүүс “архигүйгээр амьдрах боломжтой” гэдгийг ухааран нийгэмшиж, амьдралд эргэж хөлөө олоход нь гүүр болж өгч байгаа юм. Тиймээс Монголын өрх толгойлсон эмэгтэйчүүдийн “Заюу тайж” нийгэмлгийг анхлан санаачилж, одоог хүртэл ажиллуулж буй Ц.Тамара гуайтай уулзлаа.

-Та яагаад ийм хүнд хүчир ажлыг сонгсон юм бэ?

-Би өөрөө өрх толгойлсон эмэгтэй. Тэдний зовлон бэрхшээлийг илүү сайн ойлгох юм шиг санагдаад энэ ажлыг эхлүүлсэн. Тэгж ажиллах явцддаа өрх толгойсон ээж нараар зогсохгүй, өрх толгойлсон аав нар, траншейний хүмүүст ч бас яагаад тусалж дэмжиж болохгүй билээ гэж бодсон юм. Намайг хамгийн их эмзэглүүлж байгаа зүйл бол энэ хүмүүсийн цаг бусын үхэл. Тэгээд л зөвхөн өрх толгойлсон эмэгтэйчүүдээр хүрээгээ хязгаарлаж болохгүй юм байна, энэ хүмүүсийг ч гэсэн нийгэмшүүлж, хэвийн амьдралд нь оруулья гэсэн зорилго тавиад ажиллаж байна.

-Архинд донтсон, траншейнд очсон хүмүүсийг эргээд нийгэмшүүлэхийн тулд та яг юу хийдэг юм бэ, хэр урт хугацаа орж байна?

-Хүнийг нийгэмшүүлэхэд шат дараалсан таван зүйл хийх хэрэгтэй болдог. Эхлээд эрүүл мэндийг нь сайжруулах, орчинг нь өөрчлөх, соён гэгээрүүлэх, хөдөлмөрт сургах, бичиг баримтын зөрчилгүй болгож, Монгол Улсын иргэн хүний зиндаанд аваачих гэхчилэн. Энэ таван зүйл цогцоороо нийлж байж хүнийг нийгэмшүүлэх суурь тавигддаг. Энд ирж байгаа хүмүүс ихэнх нь яр шархандаа баригдаж, зарим нь бүр шокийн байдалтай ч ирдэг. Тэгээд л гайгүйг нь эмчлээд, яр шахыг нь цэвэрлэж, хооллож ундлан тамиржуулж авна. Өмнө нь манайх нэг доор 50-70 хүн авах түрээсийн байртай байсан. Тэндээ бол архинд донтох өвчнөөр мэргэшсэн эмч, мэргэжилтнүүдийг авчирч, ухуулга суртчилгаа хийдэг байсан. Одоо бол бид гэрт байрлаж байгаа болохоор тийм боломж алга байна. Хүн л болохоор хаяа тоглоом наргиа, аялал зугаалга зохион байгуулна, баяруудыг ч хамтдаа тэмдэглэдэг. Бараг л нэг гэр бүл шиг байдаг болохоор ирж байгаа хүмүүс энэ бүгдийг их сайхан хүлээж авдаг. Хамгийн гол нь архигүй орчинд амьдарч, архигүйгээр баярлаж цэнгэж, тоглож наадаж, ажиллаж болдог юм байна гэсэн сэтгэхүйг суулгах их чухал.

-Нэг хүнийг нийгэмшүүлэхэд ойролцоогоор хэдий хэр хугацаа шаардах вэ?

-Доод талд нь 3-5 жил шаардагддаг. Тухайн хүний юмыг хүлээн авах ухамсар, архинаас хэр хамааралтай байсан зэргээс шалтгаалан өөр өөр байдаг. Эхний 10 хоног бол шокийн байдалтай, шинэ юм хүлээж авч чаддаггүй л дээ.

-Өвчтэй, тэр тусмаа халдварт өвчтэй хүн ирдэг үү? Тэднийг яаж эмчилдэг вэ?

-Өвчтэй хүмүүс ирнэ ээ. Хавдартай, харавчихсан, тахир дутуу, хөл гараа хөлдөөчихсөн хүмүүс ч ирнэ. Харин халдварт өвчтэй хүмүүс ховор, сүреэтэй  хүмүүс бол байдаг. Энэ хүмүүсээ “Энэрэл” эмнэлэгт л хэвтүүлнэ дээ. 5-6 сарын дараа сайхан болихчоод л хүрээд ирдэг дээ.

-Архинд донтогсдын дотор эмэгтэйчүүд хэр олон байдаг вэ? Насанд хүрээгүй хүүхдүүд ирэх үү? Хэдэн хувь нь хөдөлмөрийн чадвартай хүмүүс байдаг бол?

-Энэ талаар судалгаа хийсэн. Манай нийгэмшүүлэх ажиллагаанд орсон хүмүүсийн 12 хувь нь эмэгтэй, 88 хувь нь эрэгтэйчүүд байгаа. Тэдний 66 хувь нь хөдөлмөрийн чадвартай, эрүүл саруул залуус байдаг. Үлдсэн 34 хувь нь тахир дутуу хүмүүс, хүүхэд, өндөр настан, группийн хүмүүс.

-Тусламж хэрэгтэй байгаа энэ хүмүүс таныг яаж олж ирдэг юм? Та өөрөө тэднийг олж авчирдаг уу?

-Эхний 10 хүнээ би өөрөө олж авчирч байсан. Одоо бол өөрсдөө л олоод ирдэг юм. Нэг нэгнээсээ сураг сонсдог юм шиг байгаа юм. Миний эхний авчирсан хүмүүсийн ихэнхи нь одоо амьдралд хөлөө олоод, хүний зэрэгтэй явж байгаа. Энэ нь надад их урам өгдөг. Намайг гээд зориод ирсэн хүмүүсийг би түлхэж чаддаггүй. “Өө, миний хүү” гээд л, ээж нь байсан бол энэ хүнд яаж хандах байсан, түүн шиг л хандахыг хичээдэг. Угааж цэвэрлэнэ, уур хүргээд байвал бас загнана шүү дээ. Гудамжинд гарахын ирмэгт тулаад байсан гурван айлд өөрийнхөө эд зүйлийг барьцаалан зээл авч өгсөн. Бүгд л миний итгэлийг алдалгүй, одоо болтол жижиг дунд бизнэс эрхлээд, монгол гутал, гар урлал хийгээд, өөрсдийгөө болгоод л амьдарч байгаа.

-Ер нь танайд ирж байгаа хүмүүс боловсролын хувьд ямархуу байдаг вэ?

-Янз бүрийн л хүмүүс ирдэг. Ихэнхи нь бүрэн дунд боловсролтой, наймаачин, замчин гээд янз бүрийн мэргэжилтэй. Дээд боловсролтой хүмүүс 15 хувь орчим байдаг.

-Бүгдээрээ л бичиг баримтгүй, тэр гэж итгэх тэмдэггүй хүмүүс ирнэ биз дээ?

-Бүгд бичиг баримтгүй ирдэг. Олонхи нь хаяж гээсэн, зарим нь огт бичиг баримт авч байгаагүй хүмүүс ч ирдэг. Тэдэнд архиваас шүүлгээд бичиг баримт олж өгнө л дөө. Гэхдээ ганц нэг хүмүүсийн хувьд архиваас шүүгээд ч олдохгүй л байна.

-Тэнэмэл, хараа хяналтгүй хүүдүүд ч бас цөөнгүй байгаа. Тэдгээр хүүхдүүдийг нийгэмшүүлэх нь ирээдүйд илүү хэрэгтэй юм бишүү? Та яагаад хүүхэд авдаггүй юм бэ?

-Монгол улсад маань нийт 50 гаруй хүүхдийн асрамжын газар байдаг. Харин насанд хүрэгчдийн хувьд бол манайх анхдагч байгуулга л даа. Гэхдээ бас хүүхэд авдаг аа. Ээж, аавтайгаа явж байгаа хүүхдүүдийг салгаж болохгүй. Тэр ч байтугай манайд жирэмсэн ирээд нярайлчихаад явсан хүн ч бий.

-Хамаатан садангаас нь асууж зөвлөн, тусламж гуйх юм уу? Ер нь тэдэнтэйгээ холбоотой хүмүүс хэр олон байдаг вэ?

-Хамаатан садантай нь утсаар холбоо барьдаг л даа. Зарим нэг нь ч тоохгүй, нөгөө хэсэг нь “Эгчээ, та битгий явуулаарай. Бид наад хүнийг чинь архинаас гаргах гээд огт дийлэхгүй байгаа” гээд учраа хэлээд гуйх ч хүмүүс байна.

-Ажил хийлгэнэ гэхэд энэ хүмүүс хэр хүлээж авдаг бол?

-Дургүйцэх хүн гардаггүй ээ. Сэтгэл зүйн хувьд наашилж байгаа хүмүүс бол өөрсдөө л санаачилдаг. Зарим нь хөдөө орон нутаг руу яриад, бусдыгаа дуудан ажил санал болгодог.

-Ажлын бүтээмж хэр байна? Ямар ажил хийж, цалин мөнгө нь хүрэлцдэг үү? Нэг хүн ойролцоогоор сард хэдэн төгрөгийн цалин авах бэ?

-Үгүй дээ, тийм ч их ажил гардаггүй. Олуулаа байвал хот тохижилттой хамтраад ажил хийдэг. Хамгийн муу ажлийг хамгийн бага цалингаар хийлгэдэг л дээ. Гэхдээ ажлыг бол сайн хийдэг. Манайхан 4 замаас Саппоро орох төв замын хот тохижилтыг, 3-4-р хорооллын замын голын тохижилтыг хийж гүйцэтгэсэн. Олон хүн байвал “ажил хийлгэе” гээд ярисан ч хүмүүс өөрөөр хүлээж авна л даа. Одоо байргүй байгаа болохоор ажил хийх гурван хүн л байна. Нэг хүн ойролцоогоор 5500 төгрөг өдөрт авдаг. Цалинг нь бөөгнүүлж байгаад цувдайгаар хооллож, бичиг баримтыг нь хөөцөлдөхөд хүрдэггүй л юм.

-Төрөөс эдгээр хүмүүст, эсвэл танай нийгэмлэгээр дамжуулан ямар нэгэн тусламж дэмжлэг болохоор зүйл хийдэг үү?

-Үгүй дээ. Энэ талаар яриад очихоор “та илүү юм хийгээд, яриад байна” гээд халгаахгүй юм аа. Ядаж энэ хүмүүсийг ингэж хичээж ажиллаж байгаа дээр нь дэмжээд тогтвортой цалинтай ажлын байртай болговол ч…

-Одоо танайд нийт хэдэн хүнтэй байгаа юм. Ер нь энд ирсэн хүмүүс бүгд нийгэмшиж чадаж байна уу. Өнгөрсөн хугацаанд их л олон хүнийг нийгэмшүүлж, зөв замд нь оруулсан байх даа?         
 
-Одоо бол 10 хүн байна, дээр нь манай гурван хүн эмнэлэгт байгаа. Уул нь байр байшинтай бол бүгдийг нь нийгэмшүүлэх боломж байгаа юм. Өвөл ид хүйтэн үед гэртээ багтахгүй болохоор ирж хэд хоночихоод явах хүмүүс ч бий. Би ойролцоогоор 70-аад хүнийг нийгэмшүүлж, 400-гаад хүнийг өвлийн хүйтэнд амь нас эрүүл мэндийг нь хамгаалсан.

-Энэ хүмүүсийн өмнөөс танд баярлалаа гэж хэлээд ажлын амжилт хүсье дээ. Удахгүй тав тухтай сайхан байртай болох болтугай.

Энд хүмүүжиж байгаа хүмүүсийн нэг, архинд ороод удсан ч тус нийгэмлэгт ирээд 10 хонож байгаа Г.Алтангэрэлтэй уулзлаа.

-Та яагаад энд ирэх болсон юм бэ? Хамаатан садан, гэр бүл, үр хүүхэд бий юу?

-Ах нь уушигны өвчтэй, яалт ч үгүй хүний гарт орчихоод энд ирж байна. Газар дээр ганц охинтой, тэр маань Завханд байдаг. Хамаатан садан хотод бий л дээ, даанч намайг хүн гэж тоож авч үзэхгүй юм. Тэгээд хүн гэж харж үзэж байгаа газар нь ирж байна.

-Гэр оронгүй хэдэн жил явж байна, архи уудаг уу?

-Би Завханд төрсөн, одоо бол хотын иргэн болсон. Гэр оронгүй 10-аад жил болж байна. Ах нь тийм ч их биш ч хааяа ууна аа.

-Бичиг баримттай юу? Ямар эмчилгээ, арга хэмжээ авч байна?

-Бичиг  баримт байгаа, маргааш “Энэрэл”-д хэвтэнэ. Одоо бол энд сульдсан гээд ядаргааны эмчилгээ хийж байна.


“Заюу тайж” нийгэмлэг дээр байрлаж байгаа зарим хүмүүстэй уулзлаа.

-Намайг Б.Энхтуяа гэдэг, энд ирээд гурван жил болох гэж байна. Сүхбаатар аймгийн иргэн, тал цус харваад “Энэрэл”-д хэвтэж байгаад энд ирсэн. Гэр орон, хамаатан садангүй учир эмнэлгийнхэн надад энд ирэхийг санал болгосон юм. Би энд ирэхдээ ярьж, гараа хөдөлгөж ч чаддаггүй байсан. Одоо бол зүгээр, харин хүнд юм өргөж чаддаггүй. Бичиг баримт байхгүй. Гудамжинд харваад унахдаа бичиг баримтаа алчихсан, одоо архиваас хайгаад олдохгүй байгаа. Энд уг нь сургалт явагддаг л даа, одоо харин завсарлаад байна. Бие нь гайгүй хүнийг ажил хийлгэдэг.

-Намайг Б.Цэнгэлбаяр гэдэг, одоо 32 настай. Энд ирээд дөрвөн жил болж байна. Гэр бүл хамаатан садан байхгүй. 2006 онд Эрдэнэтээс орж ирээд ганзагын наймаа эрхэлж шатаад архинд орсон. Бичиг баримт авч өгсөн. Архинаас гаргах сургалт ч явагддаг. Нэг эгч ирж архинаас гарахын ач холбогдлын талаар ярьдаг байсан, сүүлийн үед харин ирсэнгүй. Би одоо хот тохижилтод ажиллаж байгаа. Архи уулгүй долоон сар шахам болж байна. Саяхан нэг жаахан уучихсан юм аа, одоо бол уухгүй гэж бодож байгаа.

“Заюу тайж” нийгэмлэгт хүмүүжиж, бас эмчлүүлж байгаа хүмүүс ингэж ярьж байна. “Энэрэл” эмнэлгийнхэн ч тэднийд эмчлүүлээд гарч байгаа гэр оронгүй, очих газаргүй хүмүүсээ Тамара гуайн луу явуулдаг болжээ. Ямар ч гэсэн нийгмээс тусгаарлагдаж, харж хандах хүнгүй хаягдаад байсан “траншейнынхан, гудамжны архичид” нэртэй хүмүүсийг харж хандаж сэтгэлтэй, ажил амьдралдаа эргээд ороосой гэсэн чин хүсэлтэй, буянтай ажил хийж байгаа хүн бидний дотор байдаг л юм байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Н.ДЭЛГЭРЖАРГАЛ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж