Дөрвөн жил тутамд хуралддаг Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны VII чуулган өндөрлөлөө.
“Шангрила” зочид буудлын хурлын танхимд өнөөдөр 10:00 цагаас эхэлсэн хуралдаан дөнгөж сая дуусч, тайлангаа хэлэлцэн, ирэх дөрвөн жилд МҮОХ-г удирдах ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн 11 гишүүнийг сонголоо.
МҮОХ-ны чуулганы төгсгөлд шинээр сонгогдсон Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн даргаар "Бээжин-2008" олимпийн аварга Э.Бадар-Ууганыг томиллоо.
МҮОХ-ны дүрэмд "Ерөнхийлөгчийн санал болгосноор Ерөнхий нарийн бичгийн даргыг Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас томилох буюу чөлөөлнө" гэж заасан байдаг. МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Соёлын Гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан ийнхүү үүрэгт ажлаа олимпийн аварга Э.Бадар-Ууганд шилжүүлж байна.
МҮОХ-НЫ ШИНЭ УДИРДЛАГЫГ ТАНИЛЦУУЛЪЯ
Ерөнхийлөгч: Д.Загдсүрэн
Тэргүүн дэд ерөнхийлөгч: Б.Баттүшиг /Бадминтоны сонирхогчдын холбооны ерөнхийлөгч/
Дэд ерөнхийлөгч: Ц.Дамдин /Олимпод оролцогчдын холбооны ерөнхийлөгч/
Ерөнхий нарийн бичгийн дарга: Э.Бадар-Ууган /Монголын боксын холбоо/
Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд:
- Д.Загдсүрэн /МҮОХ-ны ерөнхийлөгч, дүрмийн заалтаар сонгогдсон/
- Б.Баттүшиг /МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, дүрмийн заалтаар сонгогдсон/
- Ц.Дамдин /МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, дүрмийн заалтаар сонгогдсон/
- Ш.Магван /ОУОХ-ны гишүүн, дүрмийн заалтаар сонгогдсон/
- Д.Отгондалай /Тамирчдын төлөөлөл, Дүрмийн заалтаар сонгогдсон/
- Б.Бат-Эрдэнэ /УИХ-ын гишүүн, Дархан аварга, Спортын менежментийн холбооны ерөнхийлөгч, 71 санал/
- Ц.Сандуй /НИТХ-ын дарга, Триатлоны холбооны ерөнхийлөгч, 70 санал/
- Ж.Түмэн-Аюуш /, Софт теннисний холбооны ерөнхийлөгч/
- Ч.Амарсанаа /”Talk Talk English” төвийн захирал, Ширээний теннисний холбооны гадаад харилцааны албаны дарга, 66 санал/
- Т.Амаржаргал /Байт харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, 53 санал/
- А.Ганбаатар /Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, 52 санал/
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛ ХУРААЛТ
МҮОХ-ны VII чуулганд 167 төлөөлөгч оролцох ёстойгоос 146 төлөөлөгч мандатаа бүртгүүлж, санал өглөө.
Чуулганы хэлэлцэх гол асуудал болох МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд анх долоон хүн өрсөлдөхөөр нэр дэвшсэн тухай МҮОХ-ноос зарласан ч Шагайн харвааны холбооны ерөнхийлөгч Я.Батсуурь, Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар, Гимнастикийн холбооны хүндэт ерөнхийлөгч Л.Халтар нар чуулганы өмнө нэрээ татаж, дөрвөн нэр дэвшигч өрсөлдсөн юм. Ингээд ерөнхийлөгчийг сонгох санал хураалт эхлэхийн өмнө Даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Бат-Эрдэнэ нэрээ татаж, дараах гурван нэр дэвшигч өрсөлдсөнөөс одоогийн ерөнхийлөгч Д.Загдсүрэн хамгийн олон буюу 81 төлөөлөгчийн саналаар МҮОХ-ны ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо. Санал өгсөн хүмүүсийн 55.47 хувь нь түүнд итгэл хүлээлгэв. Санал хураалтаар Э.Мөнх-Очир 51, Ц.Бат-Энх 14 гишүүний санал авчээ.
- Д.Загдсүрэн /Хүндийг өргөлтийн холбооны ерөнхийлөгч/
- Э.Мөнх-Очир /Биатлоны холбооны ерөнхийлөгч/
- Ц.Бат-Энх /Волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/
ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛ ХУРААЛТ
МҮОХ нь дүрмэндээ хоёр дэд ерөнхийлөгчтэй байхаар заасан ба сонгогдсон хоёр дэд тэргүүний хэн олон санал авсныг тэргүүн дэд ерөнхийлөгч, нөгөөг нь дэд ерөнхийлөгч байхаар зохицуулсан байдаг.
МҮОХ-ны VII чуулганы өмнө дэд ерөнхийлөгчид зургаан хүн өрсөлдөж байгааг зарласан ч Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нэрээ татсан байсан юм. Ингээд дараах хүмүүс дэд ерөнхийлөгчид өрсөлдөж, Б.Баттүшиг 85, Ц.Дамдин 69 төлөөлөгчийн саналаар тус тус сонгогдлоо. Дэд ерөнхийлөгчийг сонгох санал хураалтад 137 гишүүн санал өгчээ.
Дэд ерөнхийлөгчийн сонгуульд 137 хүн санал өгснөөс 85 нь Б.Баттүшигт, 69 нь Ц.Дамдинг сонгосон байна. Ийнхүү МҮОХ-ны дэд ерөнхийлөгч нар сонгогдлоо. Нэр дэвшигчдийн авсан саналыг энд жагсаав.
- Б.Баттүшиг /Бадминтоны сонирхогчдын холбооны ерөнхийлөгч, 85 санал/
- Ц.Дамдин /Олимпод оролцогчдын холбооны ерөнхийлөгч, 69 санал/
- Ч.Зоригтбаатар /Хөнгөн атлетикийн холбооны ЕНБД, 43 санал/
- Ч.Отгонбаатар /Орчин үеийн таван төрөлтийн холбооны ерөнхийлөгч, 41 санал/
- Ж.Хатанбаатар /Спортын эмнэлгийн холбооны ерөнхийлөгч, 34 санал/
ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН САНАЛ ХУРААЛТ
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл гишүүдийн хурлын хоорондох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чухал үүрэгтэй бүтэц. Чуулганы бүх гишүүдийн хурлаар Гүйцэтгэх Зөвлөлийг 11 хүнийг сонгодог. Гэхдээ чуулганаас зургаан гишүүнийг санал хураалтаар тодруулдаг бөгөөд дүрэм ёсоор МҮОХ-ны ерөнхийлөгч, 2 дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны хүндэд гишүүн, олимпийн медальт тамирчин шууд сонгогддог юм.
Шинэ Гүйцэтгэх зөвлөлд 21 хүн нэр дэвшиж, 139 төлөөлөгч санал хураалтад оролцлоо.
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, НИТХ-ын дарга Ц.СандуйХудалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ц.Даваасүрэн, /“Хасу Мегаватт” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш, “Talk Talk English” төвийн захирал Ч.Амарсанаа нарын спортын зүтгэлтэн, хүчтэй өрсөлдөгчид нэр дэвшсэнээс дараах зургаан хүн олонхийн саналаар сонгогдлоо.
- Б.Бат-Эрдэнэ /УИХ-ын гишүүн, Дархан аварга, Спортын менежментийн холбооны ерөнхийлөгч, 71 санал/
- Ц.Сандуй /НИТХ-ын дарга, Триатлоны холбооны ерөнхийлөгч, 70 санал/
- Ж.Түмэн-Аюуш /Софт теннисний холбооны ерөнхийлөгч/
- Ч.Амарсанаа /”Talk Talk English” төвийн захирал, Ширээний теннисний холбооны гадаад харилцааны албаны дарга, 66 санал/
- Т.Амаржаргал /Байт харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, 53 санал/
- А.Ганбаатар /Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, 52 санал/
МҮОХ-ны чуулган, гишүүдийн хурал нь МҮОХ-ны эрх барих дээд байгууллага юм. МҮОХ нь 1956 онд байгуулагдаж, 1962 онд Олон улсын олимпийн хороонд элссэн бөгөөд өдгөө Азийн олимпийн зөвлөл /OCA/, Үндэсний олимпийн хороодын холбоо /ANOC/-ны гишүүн юм.
Олимпийн чуулган өмнө нь 1990, 1995, 1999, 2004, 2008, 2012 онд хуралдсан байдаг.
Б.БАДМАА