Дэлхийн томоохон хотуудын жил тутмын чансааг гардаг Economist Intelligence Unit (EIU) ээлжит "Worldwide Cost of Living 2017" нэртэй илтгэлээ саяхан гаргажээ. Энэхүү тайланд хотуудын өртгийг голчлон тооцдог юм. Бараа таваар, хувцас хунар, хүнсний бүтээгдэхүүн, ундаа, ахуйн бараа, ариун цэврийн бараа болон үйлчилгээний үнэ хөлсийн харьцуулалтаар хотуудын өртгийг тооцсон байна.
Дэлхийн хамгийн үнэтэй хотуудын тал гаруй нь Азийнх. Гэхдээ Азид хямдхан зардалтай хотууд бас олон бий. Жижиг хотуудад эдийн засаг, улс төр ба дэд бүтцийн тогтворгүй байдал ажиглагдаж байна. Сүүлийн нэг жилийн дотор чансаагаар дээшилсэн хотууд нь хөгжиж буй орнуудынх юм. Тухайлбал, Сан-Паулу ба Рио-де-Жанейро чансааны 29 ба 27 байраар дээшлэн 78, 86 дугаар байранд бичигдсэн нь тухайн орны үндэсний валютын сэргэлт, инфляцийн өсөлттэй холбоотой байжээ.
Харин Британийн Манчестер ба Лондон чансааны байрнаасаа ухарсан байна. Манчестер 25 байраар, Лондон 18 байраар ухарсан нь Брекситийн дараах фунт стерлингийн ханш унаснаар тайлбарлагдаж байна.
Ингээд дэлхийн амжиргааны өртөг өндөртэй ТОП-10 хотыг нь танилцуулья.
1. Сингапур
Хот улс Сингапур Зүүн өмнөд Азийн арлууд дээр байрладаг. Хөрөнгө оруулагч нарт таатай уур амьсгалтай, өндөр төвшний өрсөлдөөний орчин, өндөр боловсрол, сахилга дэг журамтай хүн ам, амжиргааны тансаг төвшний өсөлт зэрэг нь тус хотын давуу тал болдог. Сингапур нь зах зээлийн эдийн засагтай, бага татвартай, үндэстэн дамжсан корпорациуд чухал үүрэг бүхий өндөр хөгжилтэй улс юм. Татвар багаараа Сингапур хөрөнгө оруулагчдыг татдаг. Зүүн Азийн бар улсуудын тоонд багтдаг бөгөөд хөгжлийнхөө төвшнөөр өндөр хөгжилтэй улсуудын хэмжээнд хүрсэн байгаа. Тэнд цахим төхөөрөмж, хөлөг онгоцны үйлдвэрлэл, санхүүгийн үйлчилгээ дээд зэргээр хөгжжээ.
2. Хонгконг
Газар зүйн байрлал ба түүхэн хөгжлийн онцлогоор Хонгконгийн эдийн засаг хөгжсөн байгаа. Азийн санхүүгийн томоохон төв ба Өмнөд Азийн худалдаа, тээврийн чухал зангилаа болон хөгжиж байгаа.
Хонгконг Азийн хамгийн том хот бөгөөд дэлхийн гурав дахь том санхүүгийн төв юм. Хувьцаа, даатгал, банк, хувийн хөрөнгийн үйлчилгээ зэрэг салбарт Хонгконг тэргүүлсээр байна.
3. Цюрих
Швейцарийн зүүн хойд хэсгийн Цюрих нь даяарчлалын хот гэсэн ангилалд хамрагдана. Даатгал, банкны төвүүд энэ хотод байрладаг. Мөн энд Швейцарийн хөрөнгийн бирж, Төв банк нь байрладаг. Бас Цюрихийг шинжлэх ухааны томоохон төв гэж нэрлэдэг.
4. Токио
Японы нийслэл нь тус улсын санхүү, соёл, аж үйлдвэр, улс төрийн төв юм.
Токиод Японы сонин, хэвлэлийн газруудын 80 хувь байрладаг. Токиогийн агломераци (agglomero – нэгтгэлээ, хураалаа гэсэн латин үгнээс) нь хөрш гурван мужийг оруулаад 37,1 сая хүнтэй.
Токио олон улсын томоохон төв ч тэнд ажиллаж амьдардаг гадаад иргэд харьцангуй цөөн. Дэлхийн хөрөнгө оруулалт, даатгалын компаниуд, олон улсын санхүүгийн төвүүд мөн бий.
5. Осака
Осака хот Хонсю арлын өмнөд хэсэг дэх хүн ам ихтэй Японы гурав дахь том хот. Өмнө нь Японы худалдааны нийслэл байсан түүхтэй. Одоо Японы аж үйлдвэр, боомтын үндсэн төв юм. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Осака бараг тэр чигтээ сүйрч, түүх соёлын дурсгал бүрэн устаж байсан.
Харин одоо Осака нь аж үйлдвэрийн чухал төв, орчин үеийн хот болсон. 417 тэрбум ам.долларын дотоодын нийт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.
6. Сөүл
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл нь тус орны онцгой эрх бүхий цорын ганц хот. 25 районоос бүрэлддэг, БНСУ-ын улс төр, эдийн засаг, соёлын төв бөгөөд Зүүн Азийн санхүүгийн гол төв болдог онцлогтой.
Өдгөө Сөүлд Өмнөд Солонгосын хүн амын дөрөвний нэг амьдардаг, 20 мянган үйлдвэртэй. Тэнд Samsung, LG, Hyundai, Kia, SK корпорацийн төв байрлана. Хот Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийн 0,6 хувийг эзлэх авч тус орны дотоодын нийт бүтээгдэхүүний 21 хувийг бүтээдэг.
7. Женева
Дөнгөж 198 мянган хүн амтай Женева нь улсынхаа хоёр дахь том хот юм. Хотод НҮБ-ын Европын салбар, Улаан загалмайн нийгэмлэг, Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага зэрэг маш олон олон улсын байгууллагууд байршдаг. Гадаадын иргэд нь хотын хүн амын 44 хувийг эзэлдэг. Женева нь дэлхийн санхүүгийн төв ба хотын эдийн засаг голчлон үйлчилгээний салбараас бүрэлдэнэ. Санхүүгийн үйлчилгээний чухал төв бөгөөд эртний түүхтэй хот юм.
8. Парис
Францын улс төр, эдийн засаг, соёлын төв болсон Парисыг даяарчлалын хот гэж нэрлэх нь бий. Парист тус орны ДНБ-ний 10 хувийг үйлдвэрлэдэг. Үйлвэрүүдийн дөрөвний нэг нь энд оффис, төв байраа нээсэн байдаг. Хотод ЮНЕСКО болон бусад олон улсын байгууллагууд байрладаг.
Хотын ажлын байрны 85 хувь нь үйлчилгээний салбарынх бөгөөд хотоос үйлдвэрүүдийг гаргаж байгаа ч 100 мянга орчим ажлын байр нь тэнд үлджээ.
Мөн төдий тооны ажлын байр жижиг үйлдвэрүүдэд ноогддог. Үйлчилгээний салбарт нийт ажилтан, ажилчдын 35 хувь, үйлдвэрлэлд 30 хувь, барилгын салбарт 20 хувь, нийтийн хоолны салбарт 15 хувь нь ажилладаг.
9. Нью-Йорк
Нью-Йорк бол дэлхийн худалдаа, санхүү, улс төрийн болон соёлын чухал төв юм. АНУ-ын эдийн засгийн гол төв төдийгүй Лондон, Токиогийн хамт дэлхийн эдийн засгийн гурван тулгуур болдог. Хотын эдийн засагт уламжлалт үйлдвэр чухал үүрэгтэй ч энэ салбарын ажилтнуудын тоо буурсаар байгаа. Машин үйлдвэрлэл, химийн болон нэхмэл, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэр хотын эдийн засгийн чухал хэсэг. Хотод биотехнологи, программ хангамж, интернэт бизнесийн салбарууд эрчимтэй хөгжиж байна.
10. Копенгаген
Копенгаген Данийн соёл, эдийн засаг, засаглалын гол төв бөгөөд тус улсын хамгийн том хот нь юм. Хотын эдийн засаг нь үйлчилгээний, шинэ технологи, эмийн үйлдвэрийн болон цэвэр технологийн салбарт тулгуурлан эрчимтэй хөгжиж байна. Хойд Европын санхүүгийн төв гэж нэрлэх нь бий. Энд Копенгагений хөрөнгийн бирж чухал үүрэгтэй. Alm. Brand, Danske Bank, Nykredit, Nordea Bank Danmark зрэг санхүүгийн том компаниудын төв Копенгагенд байрладаг.
Копенгагены хөрөнгийн бирж (CSE) 1620 онд байгуулагдсан ба одоо OMX-т хамрагддаг. A.P. Moller-Maersk Group, Novo Nordisk, Carlsberg, Novozymes зэрэг гадаадын том компаниудын орон гэр нь энэ хот болжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР