ӨЧИГДӨР /2017.03.22/ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Ажлын гэрээний визэнд орох цаг нь хойшлогдож, хүлээлгийн жагсаалтад орсон иргэд өчигдөр Чехийн Элчин сайдын яамны гадаа цуглаж эсэргүүцлээ илэрхийлжээ. Чехийн элчинд цаг авч орохын тулд иргэд 650 евро, ажлын гэрээгээ авахын тулд 750 евро төлдөг аж. Тиймээс дээрх мөнгийг төлчихөөд визэнд орж чадалгүй, хасагдаж байгаадаа иргэд гомдолтой байгаа аж. /Дэлгэрэнгүй/
"Баянхонгор аймагт их хэмжээний цас орсны улмаас нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрч болзошгүй байна" хэмээн Авто тээврийн Үндэсний төвөөс өчигдөр мэдэгдлээ. Тиймээс Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудын чиглэлд ажил үйлчилгээнд гарах байсан долоон тээврийн хэрэгслийн 107 зорчигчийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ. /Дэлгэрэнгүй/
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” боловсруулсныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан юм. Уг хөтөлбөрийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. /Дэлгэрэнгүй/
Баруун аймгуудын нутгаар их хэмжээний цас орсны улмаас төөрч алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг өчигдөр зохион байгууллаа. Увс аймгийн Улаангом сумын Баянхайрхан багийн “Хэрцийн-Овоо” гэдэг газраас мал тууж авчрахаар яваад сураггүй болсон иргэн О /33 настай, эрэгтэй/, Р /50 настай, эрэгтэй/ нарыг, мөн аймгийн Тариалан сумын “Шар бүрдийн хөдөө” гэдэг газраас малтайгаа уруудаж, төөрсөн иргэн Я-гийн 10-15 насны гурван хүүхэд, Өмнөговь сумаас Холбоо баг руу дуудлагад яваад сураггүй болсон сум дундын эмнэлгийн их эмч Д, жолооч А нарыг эсэн мэнд олсон байна. /Дэлгэрэнгүй/
“Циркиус Монголиа” компанийн циркчин, монгол охин гуравдугаар сарын 15-ны өдөр АНУ-д амиа алдсан хэрэг гарчээ. Гадаад харилцааны яамнаас ар гэрийнхнийх нь зөвшөөрөлгүйгээр хэргийн талаар хэвлэлд ямар нэгэн тайлбар хийх боломжгүйг өчигдөр мэдэгдэв. Гэхдээ АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамныхан талийгаачийн амиа алдсан шалтгаан нөхцөл, талийгаачийн шарилыг эх орон руугаа зөөж, тээвэрлэх зэрэг холбогдох бүх асуудлыг зохицуулан ажиллаж буй гэдэг мэдээллийг өгөөд байна. /Дэлгэрэнгүй/
Монголбанкнаас өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр зарим статистик мэдээллийг Монгол банкны судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир өгөв. Тэрбээр нүүрсний үнэ өсч, худалдааны тэнцэл ашигтай гарч байгаа талаар мэдээлсэн. Тодруулбал, нийт гадаад худалдааны эргэлт энэ оны хоёрдугаар сарын байдлаар 1.3 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнийг экспорт, импортоор нь салгавал 825 сая ам.долларыг экспорт, үлдсэнийг импорт эзэлсэн байна. Ингэснээр нийт худалдааны тэнцэл 334 сая ам.долларын ашигтай гарчээ. Ингэж ашигтай гарахад нөлөөлсөн гол хүчин зүйл бол экспортын өсөлт гэнэ. /Дэлгэрэнгүй/
Казах зоны хаврын баяр, Наурызын баяр өчигдөр боллоо. Энэ баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ахмад эрдэмтэн, багш Кылышийн Аксолтаныд зочилжээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийт казах түмэнд хандаж “Өнөөдөр Наурызын баяраа тэмдэглэж байгаа нийт иргэддээ, казах түмэндээ хаврын баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе" гэсэн мэндчилгээ дэвшүүлэв. /Дэлгэрэнгүй/
БНСУ-ын огцорсон Ерөнхийлөгч Пак Гын Хэ 14 цагийн турш прокурорт мэдүүлэг өглөө. Тэрбээр прокурорын зарлан дуудсаны дагуу өнгөрөгч Даваа гаригийн /2017.03.21/ өглөөний 09.30 цагт Сөүлийн Прокурорын төв байранд очсон юм. Korea Times-ийн мэдээлснээр мэдүүлэг оройн 23.40 цагт мэдүүлэг авч дууссан бөгөөд үүний дараа Пак Гын Хэ долоо цагийн турш мэдүүлэгтэй танилцан өчигдөр /2017.03.22/ өглөө гэртээ харьжээ. /Дэлгэрэнгүй/