БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ энэ долоо хоногийн Мягмар гаригт прокурорт мэдүүлэг өгсөн. Өглөө 09.30 цагт эхэлсэн мэдүүлэг 14 цаг үргэлжилж, үдшийн 23.40-д дууссан бөгөөд үүний дараа Пак Гын Хэ мэдүүлэгтэйгээ долоон цаг танилцжээ. Нийтдээ тэрбээр Сөүлийн Прокурорын байранд 21 цаг байсан юм.
Ерөнхийлөгч асан Пакыг авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан зэрэг нийт 13 төрлийн гэмт хэрэгт буруутгаж байгаа боловч Пак өөрийгөө буруугүй хэмээн мэдүүлжээ. Түүнд тулгаж байгаа хэргүүдэд оноох хуулийн ялыг тооцох юм бол Пак Гын Хэ дээд тал нь 45 жилийн хорих ял авна хэмээн хуульчид тооцжээ.
Одоо прокурорын гаргах шийдвэрээс Пакын хувь заяа хамаарна. “Бид бүх зүйлийг нарийн хянаж үзээд, хуулийн дагуу шийдвэр гаргана” хариултыг Прокурорын газраас өглөө хэмээн Korea Times мэдээлсэн. Сэтгүүлчдийн таамаглаж байгаагаар энэ амралтын өдөр гэхэд прокурор шийдвэрээ гаргах ажээ.
Энэ хэрэгт туйлын няхуур хандаж байгаа Ерөнхий прокурор Ким Су Нам хэвлэлд бөгөөд баривчлах эсэх талаар эцсийн шийд гараагүй гэжээ.
Мэдүүлгийн явцад прокурорууд Пакын найз Чой Сун Шилийн үүсгэн байгуулсан сангуудаар дамжсан мөнгөний гүйлгээнүүдэд ихээхэн анхаарал хандуулсан байна. Пакыг буруутгаж байгаа хэргүүдээс Самсунг компанитай холбоотой хэрэг хамгийн ноцтой нь юм. Самсунг компанийн гурав дахь үеийн үе залгамжлагч И Жэ Юун корпорацидаа эрх мэдлээ тогтоохын тулд хоёр лхин компаниа нийлүүлэх шийдвэрт нөлөөлүүлэхээр Чой Сун Шилийн санд 43.3 тэрбум вон буюу 39 сая ам.доллар өгсөн гэдгийг хуулийнхан тогтоосон И Жэ Юун одоо баривчлагдаад байгаа юм.
Мэдүүлэг өгсөний дараа Пакын өмгөөлөгчийн нэг Сын Бум Кю “Зорилготойгоор өдөөсөн шуугианы дараа үнэн илрэх цаг ирж байх шиг байна, үнэнийг илрүүлэхийн төлөө прокурорууд ч шургуу ажиллалаа” хэмээн сэтгүүлчдэд мэдэгджээ.
Ерөнхий прокурор Ким Су Нам нь 2015 онд Пак Ерөнхийлөгчийн шийдвэрээр томилогдсон хүн бөгөөд зориуд шийдвэр гаргахгүй цаг хожиж байна гэсэн шүүмжийг Пакыг эсэргүүцэгчдээс сонссод байгаа.
А.ТУЛГА