-Сүүлийн үед цахимаар ном унших мэдээлэл гарч, иргэд ч бухимдлаа нийгмийн сүлжээгээр илэрхийлсээр байгаа. Харин Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдээс иргэдийн цагийг хэмнэх үүднээс онлайнаар захиалга авах санал гаргажээ-
Өнөөдөр гуравдугаар сарын 24 буюу билгийн тооллын 26-ны өдөр. “Гал” тахиа жил гараад 20-иод хонож байгаа ч иргэд жилийн заслын номоо хийлгэхээр ойр хавын сүм хийдэд очиж байна. Монголчууд тухайн жилийн засал номыг заавал шинийн 15-ны дотор хийлгэхгүй бол болохгүй гэсэн ойлголттой байдаг. Гэтэл үүнийг “Сүсэгтэн олон тухайн жилийн засал номыг заавал шинийн 15-ндаа багтаан хийлгэх албагүй. Бурхны шашинд зурхайн ухаан буюу тооцооллын ухаан гэж бий. Үүний бага таван ухааны нэг нь зурхайн шинжлэх ухаан юм. Буддын шашны сургаалд хамгийн гол нь бид бүхний өөрсдийн үйлийн үр чухал байдаг. Засал гүрэм хийлгэх нь сэтгэлээ засч буй гэсэн утгатай. Тиймээс хүмүүс тухайн жилдээ тохиолдох үйлийг аятай, таатай давж гарах үүднээс засал номоо уншуулдаг” гэдгийг хэвлэл, мэдээллээр дамжуулан олон удаа хүргэсэн.
Бурхан шашны төв болох Гандантэгчинлэн ямар ч үед олны хөлд дарагддаг. Энэ хийдийн ном, засал өөр, өөрийн өртөгтэй байдаг бөгөөд 12 дацанд ном хурж, нийтийн засал номыг хүлээн авч, үйлчилж байгаа аж. Энд “Алтанганжуур” ном 20 мянга буюу хамгийн үнэтэй бол “Арван хангал”, “Вантай гүнрэг”, “Лхогтой Гүнрэг”, Лүүжин тавиулахад 10 мянган төгрөгийн үнэ ханштай байна. Ихэнх ном 500-5000 төгрөгийн үнэтэй аж. Мөн Гандангийн ойролцоо байдаг зурхайчид 20-50 мянган төгрөгт багтаан заслыг хийдэг байна.
Олны хөлд дарагддаг хийдийн нэг бол Зүүн хүрээ Дашчойлон хийд юм. Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд Содномын гудамжинд байрлах энэ хийд XX зууны эхэн үед Их хүрээний нэгэн бүрэлдэхүүн хэсэг байжээ. Уг хийдэд сүсэгтэн олон их очдог нь тодорхой заасан үнийн тарифгүй учир амар байдаг гэдгийг иргэд хэлж байв. Хийдэд заслын номоо уншуулахын тулд сүсэг бишрэлээр өргөл өгдөг. Энд хэдэн ч ном уншсан тухайн хүний өгсөн өргөлөөр тооцоог боддог байна. Тодруулбал, 10 ном уншуулах гээд 10 мянга эсвэл 1000 төгрөг ч өгөх боломжтой аж. Тиймээс шинийн өдрүүдэд болон бусад үед ч Дашчойлон хийд сүсэгтэн олон дараалал үүсэх нь элбэг байдаг байна.
Сүүлийн үед цахимаар ном унших мэдээлэл гарч, иргэд ч бухимдлаа нийгмийн сүлжээгээр илэрхийлсээр байгаа. Харин Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдээс иргэдийн цагийг хэмнэх үүднээс онлайнаар захиалга авах санал гаргажээ. Үүнийг буруу ойлгож, нийгэмд буруу ойлголт өгч байна гэж тус хийдийн олон нийттэй харилцах хэлтсээс хэлж байв. Сүсэгтэн олон зөвхөн уншуулах номоо онлайнаар захиалах юм байна.
Ч.БОЛОРЧУЛУУН
Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД