Шинэ үг үүсгэхэд чадал нь хүрээгүй ч уг шинжээ хадгалж хоёр үгийг холбох албыг нэр төртэй хааж байгаа өнөө цагийн үгсийг “өөд”, “уруу” хоёроор төлөөлүүлэн тайлбарлая.
Өөдөө, дээшээ утгатай “ӨӨД”-д бүх нэрийг үйлтэй холбоход бие нь дутсан тул “-аад, -ээд, -оод, -өөд” гэсэн хувилбартай болж, уулаад мацах, гэрээдээ гүйх, оргилоод мацах, өвөлөжөөгөөд нүүх гэж “уул”, “гэр”, “оргил”, “өвөлжөө”-г зүглэх үйлтэй нь холбож үүргээ сайн гүйцэтгэж байна.
Яг одоо “доошоо” гэсэн утгатай “уруу” гэдэг үгийн хэрэглээ нэмэгдсээр “төрд хэрэгтэй зайран” болж, зүг чиг заасан “Чиглэхийн тийн ялгал” болж байна. Яалт ч үгүй бид сургуулируу, өргөөрүү, гэрлүү гэж ярьж бичээд байгаа юм. Иймд Өнөрөө багшийн хэлснээр монгол хэлний “Тийн ялгал” гэх айл -руу, -рүү, -луу, -лүү гэсэн хувилбартай “Чиглэхийн тийн ялгал”–аар бүл нэмээд байна.
Үүний баталгаа нь дунд сургуульд “Монгол хэл найман тийн ялгалтай шүү!” гэж зааж байгааг бодоход ерөнхий боловсролын сургуульд лав хэрэгжээд эхэлсэн бололтой. Харин монгол хэл долоон тийн ялгалтай байх үед дунд сургуулиа төгсөгчдөд найм дахь тийн ялгалаа заачихвал монголчууд “Монгол хэл найман тийн ялгалтай.” гэж нэг ярьж, бичдэг болмоор байна.
“Егөөтэй 99 тайлбар” номын “Зэрэг нэмэх болзол хангасан үгс” өгүүллийн хэсгээс