Дөрвөн сарын турш Башар Ассадын дэглэмээс шинэчлэл шаардаж байгаа 700 мянган хүнтэй Хама хотод Сирийн армийн танкууд жагсагчдыг зэрлэгээр дайран хөнөөв. Хотын төвийг дайрах шалтгаан нь баасан гаригийн мөргөлийн дараа Хамагийн гудамжнаа 500 мянган хүн жагссан явдал болжээ. Гэрч нарын яриагаар танкууд өглөөний 5.30 цагт хэд хэдэн чиглэлээр хот руу оржээ. Хотын оршин суугчид танкийн замд саад босгон түүнийг чулуу ба шатаагч бодистой шилээр шидлэн эсэргүүцэл үзүүлэхийг оролдлоо. Олон нийтийн сүлжээгээр идэвхтнүүдийн дамжуулсан зурагт Хама хотод хэд хэдэн газар түймэр шатан утаа нь хотыг бүрхжээ. Засгийн газрын цэргийн дайралтын улмаас янз бүрийн эх сурвалжийн мэдээгээр 80-100 хүн амиа алдсан байна.
Сирийн хүний эрхийн төлөө тэмцэгчид түүнээс арай бага тоо хэлсэн нь 95 хүн амиа алдсан гэжээ. Хэрэв гэрч нар болон жагсагчдад талтай эмч нарын мэдээг цуглуулбал Сирийн бүх хохирогчдын тоо 142 хүн болно гэж Сирийн хүний эрхийг хамгаалах лигийн дарга Абдель Карим Рихауи AFP агентлагт хэлжээ. Түүний мэдээгээр 100 орчим хүн Хама хотноо үрэгдсэн байна.
Уламжлал болсон баасан гаригийн эсэргүүцэл ням гаригт үргэлжлэв. Хама хотын жагсагчдыг дэмжиж, Хомс ба Алеппо хотынхон жагссан бөгөөд Алеппо-Дамаскийн авто замыг хэдэн газар хаасан байв. Долдугаар сарын дундуур томоохон жагсаал болсон Дейр-эз-Зора хотноо жагсагчид цагдаагийнхантай мөргөлдөх үеэр 19 хүн, өмнөд хэсгийн Херака хотод зургаа, Хомст тав, баруун хойд Идлиб мужийн нэг хотод гурван хүн тус тус алагдсан байна. Нийслэлээс баруун тийшэх Муадхамийя хотыг цэргийнхэн гурван талаас нь бүслэн хаажээ. Тэнд баривчилгаа явагдаж, одоогоор 300 орчим хүнийг саатуулсан гэнэ.
Зүүн Сирийн Аль-Букамаль хотыг Сирийн армийнхан наймдугаар сарын 1-ний өдөр танк, хуягтын дэмжлэгтэйгээр дайран довтолсон тухай Reuters мэдээлэв. Энэ хот нь Иракийн тайван биш суннитийн хэсгээс дөнгөж 10 км-ийн зайтай.
Сирийн зүүн хэсгийн Аль-Букамаль ба бусад хотуудад дэглэмийн эсрэг эсэргүүцэл хэдэн сарын турш явагдаж байна. Цэргийнхэн хотод орохоос болгоомжилж байсан юм. Учир нь тэр нутагт өөрийн хуулиар амьдардаг зэвсэглэсэн омгийнхон амьдардаг.
Сирийн улсын телевизээр тусгай ажиллагаа явуулж байгааг үгүйсгээгүй бөгөөд түүний зорилго нь “хүн амыг дарамталж байгаа зэвсэгт бүлгээс” цэвэрлэх явдал гэжээ. Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Рим Хаддад гэдэг эмэгтэй Al Jazeera телевизид мэдээлэхдээ цэргийнхний оролцоо зайлшгүй байсан, Хама хотод сүүлийн үед хэвийн амьдрал тасалдсан гэж хэлсэн байв. “Энд тэндгүй саад хаалт, хүмүүс хэвийн байдлаар ажиллах аргагүй болсон, шалгалт шүүлгээ ч өгч чадахгүйд хүрээд байна. Үүнийг хүлээн авах аргагүй” гэж тэр хэлжээ. Улсын хэвлэлээр нь Хама хотод найм, Дейр-эз-Зорад хоёр цагдаа үрэгдсэн гэв.
Хамагийн үйл явдал нь Ассадын дэглэмийн шинэчлэлээр эсэргүүцлийг намжаахад биш, тусгай албаныхандаа найдах цаг болсон байна гэж Катарын Al Jazeera тэмдэглэжээ.
Гуравдугаар сарын 15-нд эхэлсэн хувьсгалын явцад 1583 энгийн иргэд, 369 цагдаагийн ажилтнууд алагджээ. Шоронд сөрөг хүчний 10 мянган хүнийг хорьж байгаа.
Бямба гаригт дэглэмийн эсрэг тэмцэгчидтэй хурандаа Рияд аль-Асаад өөрийн хүмүүсийн хамт нэгдсэн байна. AFP агентлаг армийн командлалд хандсан боловч аль-Асаад армийн албан хаагч мөн эсэхийг тодруулж чадсангүй. Гэсэн ч Туркийн хилийн ойролцоо нутагт Чөлөөт Сирийн арми байгуулж байна гэсэн түүний үгийг тус агентлаг дамжуулсан байлаа.
Хама хот сүүлийн сар бараг бүслэлтэд байгаа юм. Тайван биш хотыг арми бүслээд замуудад нь харуул хамгаалалтын цэг байгуулжээ. Энэ хот нь Ассадуудын дэглэмийн эсрэг тэмцлийн бэлгэдэл. Хама хот 1982 онд өнөөгийн ерөнхийлөгчийн эцэг Хафез Ассадын армитай “Мусульман ахан дүүс” радикал хөдөлгөөний хийсэн тулааны талбар болсон байлаа. Тэр үед хотыг их буугаар буудан танкаар дайрч, бүхэл бүтэн хорооллоор нь газартай тэгшилсэн байв. Балгас дор 17-40 мянган хүн дарагдан амь үрэгдсэн гэдэг.
Хама хотын үйл явдал дэлхийн хамтын нийгэмлэгийг Сирийн хэрэг явдалд оролцох ёстой гэсэн яриа гаргахад хүргэв. Өмнө нь Москва, Бээжин хоёр НҮБ-аас Сирийн талаар ямар нэгэн арга хэмжээ авахад нь хориг тавьсан байв.
Аймшгийн хүчирхийллийн талаар мэдсэн АНУ-ын ерөнхийлөгч “үймэрсэн” байв. Обама “ойрын өдрүүдэд Сирийн дэглэмд үзүүлэх шахалтаа бусад орнуудын хамт нэмэгдүүлэн Ассадын Засгийн газрыг тусгаарлан шахаж Сирийн ард түмэнд тусална” гэсэн байв.
Европын холбооны Гадаад хэргийн сайд нар даваа гаригт цуглан Сирийн дэглэмийн эсрэг авах хориг арга хэмжээнийхээ жагсаалтыг өргөтгөж, өөр таван өндөр тушаалтныг Европын холбоонд орж ирэхийг хоригложээ. Ийм арга хэмжээ Ассад ба түүний хүрээний 12 хүнд үйлчилж байгаа.
Даваа гаригт шилжих шөнө Герман одоо Аюулгүйн зөвлөлийг даргалж байгаа Энэтхэгт Сирид цус урсч байгаа асуудлыг Аюулгүйн зөвлөлөөр авч хэлэлцэх яралтай зөвөлгөөн явуулахыг санал болгов. Аюулгүйн зөвлөлийн үндэсний төлөөлөгчдийн гишүүд даваа гаригт зүүн Америкийн цагаар 12.00 цагт уулзахаар болжээ.
Сирийн дэглэмд хамгийн ойр байсан Турк албан ёсоор Дамаскийг буруутгажээ. “Раманданы ариун сараар өнөөгийн энэ хэрэг өрнөж буйд гүнзгий гуниглан зовинож байна” хэмээн Тайип Режеп Эрдоганы Засгийн газар мэдэгджээ.