”Хамаг Монгол” иргэний хөдөлгөөнд өнгө нэмнэ гэв

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

”Хамаг Монгол” иргэний хөдөлгөөнд өнгө нэмнэ гэв

“Хамуг Монгол” эвсэл өөрийн байр­ тай болсноо хэвлэл мэдээллийнхэнд дуулгав. Эвсэл Төрийн ордны зүүн талд Хүмүүнлэгийн ухааны их сур­гуу­лийн дэргэд “Монгол хэвлэл” ком­панийн байранд тухалжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд байгуулагдсан хэдий ч өөрийн гэсэн байргүй өдий хүрсэн байна. “Хамуг Мон­гол”-ийг УИХ-ын гишүүн Ц.Шинэ­баяр тэргүүлдэг бөгөөд эвслийн үйл ажиллагаа идэвхжиж байгааг хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон.

Тэрбээр МАХН-ын дэд дарга байхаа больж иргэний хөдөлгөөнөөр улс төр хийхээр шулуудаад байгаа гэнэ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард МАН-аас гарч МАХН-д ажиллах болсон ба үүнээс хойш “Эх орон шударга ёс тусгаар тогтнол” хөдөлгөөн болон “Хамуг Монгол” эвслийг байгуулсан байна. Хэдийгээр Монголд иргэний хөдөлгөөнүүд цөөнгүй байдаг ч далайцтай үйл ажиллагаа явуулдаг нь байхгүй хэмээн Ц.Шинэбаяр үзжээ. Тиймээс “Хамуг Монгол” эвслээр дамжуулан иргэний хөдөлгөөнд цоо шинэ өнгөөр хүчтэй үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн гэнэ.

Тухайлбал, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хэд хэдэн тендер зарлаад буй. Хамгийн гол нь баруун цанхийг нь стратегийн хөрөнгө оруулагчид өгч ашиглуулах гэж байгаа нь Тавантолгойг үндсэндээ гаднын компанид өгөх гэж байгаа хэ­рэг хэмээн дээрх эвслийнхэн үзэж, үүнд гол анхаарлаа хандуулж ажил­лах”аа мэдэгдсэн юм. Мөн ашигт малт­малын лицензүүд ихэнх нь гаднын ком­паниудад алдсан нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна гэв. Тодруулбал, Монголын хөрсөн доорх баялгийг тулгуурлан гадаадын хөрөнгийн биржээс хөрөнгө босгож газар шороог минь худалдаж байна гэлээ. Мөн түүнчлэн Монгол Улсад цөмийн хаягдал булшлах тухай асуудал дэлхий нийтийн хэвлэлээр ч шуугих болсонд ч “Хамуг Монгол” анхаарлаа хандуулж, эх нутгийнхаа газар шороонд химийн хортой бодисыг булуулахгүй байхын төлөө тэмцэхээ амлав.

Норвегийн судлаач Монгол Улсад сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжсөнөөр биеэ үнэлэгчдийн тоо өссөн мэдээллийг цацжээ. Үүнийг “Хамуг Монгол” хөдөлгөөн онцгой анхааралдаа авч охид бүсгүйчүүд нь бэлгийн боолчолд орж, эрчүүд нь архичин болж байгаа нь улстөрчдийн хариуцлагагүйнх. Монголын улс төрчид өнгөрсөн 20 жилийн хугацаанд оюуны террорист үйл ажиллагаа явуулж ирсэн эрх баригч луйварчдын эсрэг тэмцэж тэдэнтэй хэзээ эвлэрэхгүй гэлээ. Энэ үеэр сэтгүүлч түүнээс өнгөрсөн 20 жил төр барьсан улстөрчдөөс  хэн хэн ямар луйвар хийсэн болохыг нэрлэж өгөхийг хүссэн боловч “Энэ бол нэг хүнийн тухай яриа биш, нийтэд нь хэлж байна” хэмээн татгалзсан юм.

Түүнчлэн Монголын улс төр гэдэг нийт ард түмний эрх ашгийг хамгаалах бус зөвхөн нэг хүн, бүлгийн ашиг сонирхлыг хамгаалсан байдлаар явж ирсэн. Харин энэ цаг мөчөөс эхлэн “Хамуг Монгол” ард түмнийхээ эрх ашгийг хамгаалахаар улс төр хийх болж байгаагаа мэдэгдлээ. Ц.Шинэбаяр гишүүн “УИХ ямар ч ардчилал байхгүй, цөөнх ч үгүй болсон” гээд тиймээс л иргэний хөдөлгөөний тэмцлээр улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хадгалж ажиллах боломж байгааг онцлов.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж