Би Н.Энхбаярын рейтинг өсгөх гэж ажиллаагүй

Хуучирсан мэдээ: 2011.08.03-нд нийтлэгдсэн

Би Н.Энхбаярын рейтинг өсгөх гэж ажиллаагүй

БИ Н.ЭНХБАЯР ГЭДЭГ ХҮНИЙ РЕЙТИНГИЙГ ӨСГӨХ ГЭЖ АЖИЛЛААГҮЙ

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяртай ярилцлаа. Тэр Монголын улс төрд “цоо шинэ” өнгөөр орж ирж буй нэгэн. Удтал маргаантай байсан МАХН-ыг үүсгэн байгуулахад хүчин зүтгэсэн ч ҮДШ-д албан ёсоор бүртгүүлснийх нь дараа гэнэт намын дэд даргын албан тушаалаа өгсөн нь олныг гайхшруулаад амжсан. Харин сүүлийн үед иргэний хөдөлгөөний тэмцэлд хүчээ өргөх болж, “Хамуг Монгол” эвсэлд нэгдэн “Улс төр гэдэг цөөн олигархийн хэрэг биш, нийт ард түмнийх байх учиртай” хэмээн тунхаглаад байгаа түүнтэй өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын дараа уулзлаа. УИХ-ын гишүүн, МАХН-ын гишүүн, “Хамуг Монгол” эвслийн тэргүүн Ц.Шинэбаярын ярилцлагыг уншигчиддаа хүргэе.


-Та МАХН-ыг байгуулахад оройлон оролцсон хүн. Яагаад намын дэд даргынхаа албан тушаалаас гэнэт татгалзах болсон юм бэ?

-Монголын улс төрд аливаа хүмүүс албан тушаал эрх мэдлийн төлөө улс төр хийдэг. Харин би бол улс төрд оролцохдоо ард түмний төлөө, Монголын төрийг цэвэр байлгахыг зорьсон. Тиймдээ ч УИХ-ын гишүүний ажлаа, “Хамуг Монгол” эвслийн ажлыг эрчимжүүлэхээр МАХН-ын дэд дарга хэмээх сонгуульт ажлаасаа сайн дураараа татгалзсан.

-Өнгөрсөн хагас жилийн хугацаанд УИХ-ын гишүүний үүргээ төдийлөн хангалттай биелүүлж чадаагүй. Чуулган тасалсан гишүүдийн нэрсийн жагсаалтад нэлээд дээгүүр зогссон байна лээ?

-Ерөнхийдөө УИХ-ын чуулганы үйл ажиллагаанд оролцох боломж бага байсан. Энэ намрын чуулганд илүү идэвхтэй оролцох болно. Учир нь энэ чуулганаар Монгол Улсын өмнө тулгамдсан нэлээд чухал асуудлуудыг авч хэлэлцэх байгаа. Тухайлбал, Тавантолгойн асуудал, Газрын тосны тухай хууль, ирэх оны төсөв гэх мэтээр маш хариуцлагатай асуудлуудыг хэлэлцэх чуулган болно. Тиймээс би энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацааны хамгийн сүүлчийн бөгөөд нэлээд чухал стратегийн чухал асуудлуудыг шийдвэрлэх чуулганд идэвхтэй оролцоно.

-УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцсэн асуудалд оролцож чадаагүй. Танхимын гишүүдийн тань гаргасан шийдвэрт санал зөрүүтэй юм байдаг уу?

-Олон байсан. Гэхдээ хамгийн гол нь УИХ-ын хариуцлага сахилга бат их муу байгаа. УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргачихаад мөрдөж чаддаггүй. Ерөнхийдөө УИХ хэлэлцэх асуудлыг хугацаанд нь бүгдийг нь хэлэлцэж чаддаггүй, дараалал дотор оруулах асуудлыг оруулдаггүй. Газрын тосны тухай хуулийг Дорнодын гурван гишүүн, Дорноговийн хоёр гишүүнтэй бид тавуулаа нийлж санаачлаад хамгийн түрүүнд өргөн барьсан. Үүнийг Засгийн газрын боловсруулсан хуулийн төсөлтэй нэгтгэе гэж хэлээд өнөөдрийг хүртэл хариугүй, таг чиг. УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтад орж ирэхгүй байна. Энэ юу вэ гэхээр УИХ гол асуудлаа барьж авч хэлэлцэхгүй, тооны хойноос хөөцөлдөөд байгаа юм.

-Өнгөрсөн хугацаанд танай тойргийн сонгогчид таныг УИХ дахь ажлаа орхиж, нам хөдөлгөөний амьдрал хөөж буй энэ байдалд тань яаж хандаж, хэрхэн хүлээж авч байв?

-Маш сайн дэмжиж байгаа. Яагаад гэвэл сүүлийн үед Монголын улс төрд шударга ёс тогтооё, авлигыг таслан зогсооё гэсэн дуу хоолой цөөн гарч байсан. Үүнийг гаргаж ирж байгаа чинь сайн хэрэг гэж манай сонгогчид дэмжиж хүлээж авдаг.

-Тэгвэл МАХН-ыг шинээр байгуулсныг тань? Танай тойрог, Дорнод аймагт жишээ нь МАХН-ын салбар хороо байдаг уу?

-Байдаг.

-Гэхдээ та энэ намынхаа дэд даргын албан тушаалаа өгчихлөө шүү дээ?

-Миний энэ нам дахь албан тушаалын байдал тойргийн сонгогчдод огт хамаагүй. Харин ч 1990 оноос хойш ардчилсан үйл явцад манай иргэд сонгогчид хүний итгэл үнэмшлийг хүндэтгэж хүлээж авахад суралцсан байна. Тухайн хүн байр сууриа илэрхийлэхэд өөрөөр хүлээж авах нь харьцангуй багасчээ. Тойргийн сонгогчид маань намайг МАХН-ын дэд даргын албан тушаалаа өгснийг хэвийн хүлээж авсан. Харин ч намайг дэмжиж байгаа.

-МАХН-ын бусад дарга нар ч ажлаа өгчихлөө. Ю.Атар, Өнөрбаяр хоёр намын нарийн бичгийн даргаас татгалзсан, Л.Молор-Эрдэнэ намаасаа гарчихсан. Танай нам дотор гарч байгаа энэ үйл явц юутай холбоотой вэ?

-Үүнд ямар нэгэн холбоотой зүйл байхгүй. Монголын иргэний хөдөлгөөнүүд сүүлийн үед өргөн хүрээг хамарсан далайцтай үйл ажиллагаа явуулахгүй байна шүү дээ. Тиймээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд “Хамаг Монголын тунхаг”-ийг гаргасан, тунхагийн дагуу байгуулагдсан “Хамуг Монгол” эвслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай болчихжээ гэдгийг би олж харсан. Тиймдээ ч намынхаа албан тушаалаас татгалзсан.

-Тэд шинэ нам байгуулахаар ажиллаж эхэлсэн. Та тэдний энэ санаачлагыг хэр дэмжиж байгаа вэ?

-Хувь хүний шийдвэрийг хүндэтгэж үзэх ёстой шүү дээ. Тиймээс тэр хүний дотоод итгэл үнэмшилд халдах боломжгүй. Тэр хүн өөрөө ямар шийдвэр гаргасан байна, тэр шийдвэрийг нь хүндэлж ажиллана.

-Өнгөрсөн намрын Онц их хурлаас хойшхи үйл явц, улстөрчдийн рейтингийг харахад МАХН-ын дарга Н.Энхбаяр нэлээд дээгүүр жагсч, харин таных нэлээд хойгуур байрт орсон байдаг. Гэтэл та МАХН-ыг байгуулахад хамаг “хар бор” ажлыг нь хийсэн хүн. Энэ танд хохиролтой биш үү?

-Би тэр хүний рейтингийг өндөр байлгахын төлөө ажиллаагүй л дээ. Ерөөсөө энэ нийгэмд ямар үйл явдал байна, юу болж байна, түүнд зохицож л ажилласан. Түүнээс судалгааны дүнтэй өөрийгөө харьцуулдаггүй.

-МАХН ирэх сонгуульд яаж орвол оновчтой гэж та боддог вэ. Тохиролцож чадвал МАН-тай нэгдэж болох талаар танай намын дарга хэлсэн байдаг. Энэ танай намын анхны байр суурь мөн үү?

-Улс төрийн намууд сонгуульд эвсэх үү, үгүй юу гэдэг чинь аль ч намын хувьд нээлттэй шүү дээ. Гэхдээ одоо Сонгуулийн тухай хууль батлагдаагүй болохоор үүнийг ярих эрт байна л даа.

-Эвсэх эсэхэд л асуудал байна л даа. Энэ нь МАН-ыг хүчтэй шүүмжилж гарч ирсэн танай намын анхны байр суурь, зарчим мөн үү гэж?

-Энэ чинь тийм шулуухан хэлчихдэг юм биш шүү дээ. Яагаад гэвэл тухайн үед улс төрийн нөхцөл байдал хаашаа эргэхэв, тэдний мөрийн хөтөлбөрт ижил төстэй зүйл юу гарч ирэх нь вэ, хамтарч ажиллах нөхцөл бололцоо ямар байх нь уу зэргээс шалтгаална. Өнөөдөр Сонгуулийн тухай хууль батлагдаагүй байхад, хоёр нам ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлэх нь тодорхойгүй байхад эвсэх тухай ярих эрт шүү дээ.

-Жижиг намуудын тухайд УИХ-ын сонгуулийн тогтолцоо ямар байвал тохиромжтой вэ. Та аль тогтолцоог дэмжиж байгаа вэ?

-Ерөнхийдөө улс төрийн сонгуульд жижиг том нам гэхээсээ илүү сонгуулийг яаж ил тод шударга явуулах вэ гэдэгт анхаарал хандуулах ёстой. Сонгуулийн системд бол нэг их буруу байхгүй шүү дээ.

-Сонгуулийн тогтолцоог яаж сайжруулах вэ, сонгуулийг яаж шударга явуулах вэ гэдэг дээр улс төрийн хоёр том намтайгаа хэлэлцээр хийж үзсэн үү?

-Бүх нам сонгуулийн системийг шударга байлгахын төлөө ажиллах ёстой шүү дээ. Харин хоёр том нам өөрсдөдөө тааруулж сонгууль явуулж болохгүй.

-Таныг Адуунчулууны уурхайг хууль бусаар өөрийн болгосон хэмээн хэсэг хугацаанд нэлээд шуугисан. Ялангуяа Онц их хурал хуралдуулж, МАХН-ыг байгуулж явахад тань. Энэ яг юу болсон юм бэ?

-Өнөөдөр сонгодог утгаараа бизнесийг хөлсөө гаргаж, гараа цэврүүтүүлж байгаад хийсэн шударга хүмүүсийг энэ олигархууд янз бүрээр дайрч давшилж байна. Өөрсөдтэйгээ ижилхэн болгохоор намайг гүтгэж байгаа юм.

-Та тэгээд Адуунчулууны уурхайг яг өөрийн болгосон юм уу, яаж өөртөө авсан юм бэ?

-Шударгаар, төрийн өмчийг худалдах дуудлага худалдаагаар авсан. Шударгаар үнээ хэлээд, төлбөрөө төлөөд авсан. Бусад хүн бэлэн мөнгө төлөөгүй, хуурамч чекээр худалдаж авсан шүү дээ. Тэд нарын тухай ярихгүй байж бэлэн мөнгөө төлөөд авсан хүнийг ингэж яриад байгааг гайхаж байна.

-Дуудлага худалдаа хэдэн онд болсон юм бэ, тэр эд энэ уурхай ямар үнэ хүрсэн гэж?

-1999 онд болсон. 872 сая төгрөгөөр худалдаж авч байсан юм.

-Онц их хурлыг зохион байгуулах, талбай дээр суулт, жагсаал хийх, МАХН-ыг байгуулахад ч гэсэн нэлээд хэмжээний зардал, хөрөнгө санхүү орсон байх. Үүний санхүүжилт хэнээс, хаанаас байсан бэ? Та үүнийг сонирхож байсан уу?

-Энэ олигархууд бүх зүйлийг зардалтай болгочихлоо. Итгэл, сэтгэлээрээ явуулж байгаа улс төрийн арга хэмжээг зардал багатайгаар зохион байгуулах боломж байдаг. Санхүүжилт болон зардлын тухайд манай Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалд байгаа.

-“Хамуг Монгол”-ын гол зорилго юу вэ?

-Монгол хүнийг эрхэмлэсэн, шударга төртэй улс болох. Хаа сайгүй монгол хүний эрх зөрчигдөж, боолын хөдөлмөр эрхэлж байна. Анхнаасаа санал нийлсэн хэдэн залуучууд энэ эвслийг байгуулсан. Анх тунхаг гаргаж, мэдэгдэл гаргасан, амлалтөгсөн зэрэг маш олон баримт бичиг гаргасан. Үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа, цаашид ч улам идэвхжүүлнэ.

Б.БЯМБАСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж