Америкийн засаг захиргааны төлөөлөгчийн мэдээнээс ишлэн, АНУ-ын ерөнхийлөгчийн охин Иванка Трампыг Цагаан ордонд ажлын өрөөтэй болж байгаа талаар Reuters агентлаг дамжуулжээ.
Албан ёсны төлөөлөгчийн хэлснээр, Трампын 35 настай охины ажлын өрөө ордны баруун жигүүрт байх ба тэрбээр Засгийн газрын холбоо, нууц бичиг баримтай ажиллах эрхтэй болж байгаа гэнэ. Гэхдээ түүнд тогтсон тушаал болон цалин байхгүй ажээ. Иванка Ерөнхийлөгчийн буюу аавынхаа гол зөвлөхөөр ажиллах өөрийн нөхөр Жаред Кушнерт туслах юм байна.
Сонирхуулахад, Хятадад Иванка Трамптай адилхан болох гоо сайхны мэс засал эмэгтэйчүүдийн дунд ихэд дэлгэрч байгаа тухай Daily Mail сонин бичжээ. Гоо сайхны мэс засалчдад Иванкатай ямар байдлаар адилхан болохыг хүссэн захиалга их ирэх болсон талаар сониын мэдээнд онцолсон байв. "Foshan Yiwanka Medical Management" эмнэлэг АНУ-ын Ерөнхийлөгчийн охины төрхийг ашиглан, хятад бүсгүйчүүдийн анхаарлыг татах болсон гэж мэдээнд дурьджээ.
Daily Mail сонинд бичсэнээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Техас мужийн хоёр эмэгтэй Иванкатай төстэй болохын тулд олон мянган ам.доллараар мэс засал хийлгэсэн байна.
Ш.МЯГМАР