Нефть олборлогчдын холбоо болох ОПЕК-ийн гишүүн Кувейт эдийн засгийн бүтэцдээ эрс өөрчлөлт хийхээр зэхэж байна. Нефтийн том олборлогч энэ улс 2035 он гэхэд түүхийн эдээс хамааралтай улс байхаа больж, аялал жуулчлал хөгжсөн, гадаадын хөрөнгө оруулалт давамгайлсан улс болох зорилт тавьж байна.
Кувейт бол дэлхийн газрын тосны нөөц ихтэй улсын нэг. Газрын тосны нөөц энэ улсыг 200 жил ч тэжээж чадна.
Кувейт улс энэ оны эхээр “Шинэ Кувейт” гэсэн хөтөлбөрийг баталсан бөгөөд энэ хөтөлбөрт эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хэрхэн хийхээ тусгажээ. Уг баримт бичигт тусгаснаар түүхий эдийн экспортоос хамааралтай байдлыг аажмаар багасгаж өндөр технологид суурилсан салбар мөн аялал жуулчлалын кластерийг хөгжүүлэх юм. Өнөөдрийн байдлаар Кувейтийн эдийн засгийн 90 хувь нь газрын тосны экспортоос хамаарч байгаа. Гэсэн ч энэ оны төсвийн алдагдал нь 32 тэрбум ам.долларт хүрэх таамагтай байгааг Bloomberg мэдээлсэн.
Олон улсын аялал жуулчлалын зөвлөлийн мэдээгээр 2016 онд Кувейтийн аялал жуулчлалын салбарт 452 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ. Мөн тус байгууллагын мэдээгээр 2018-2020 онд Кувейтэд олон улсын сүлжээ бүхий хэд хэдэн зочид буудал нээгдэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд ингэснээр жуулчдын тоог 2024 он гэхэд 440 мянгад хүргэж чадна гэж тооцож байгаа юм. Өнөөдрийн байдлаар Кувейтэд зорчиж байгаа жуулчдын тоо 270 мянга байгаа юм.
Аялал жуулчлалаас гадна дэд бүтцийн хөгжилд Кувейтийн шейх нар ихээхэн анхаарч байна. Тухайлбал, 2018 онд Кувейтийн хойд хэсэг “Торгоны хот” хэмээн нэрлэгдсэн дүүрэг ашиглалтад орох бөгөөд одоогоор энэ дүүргийн ажлын 70 хувь хийгдээд байгаа ажээ. Энэ төслийн хүрээнд 37 метр урт далан босгож Шувайх боомтыг Субия хоттой холбох юм.
Кувейт улс улс төрийн хувьд тогтвортойгоос гадна санхүүгийн нөөц боломжтой учраас тэдний төлөвлөгөө амжилттай биелэх боломжтой.
А.ТУЛГА