Э.Мөнхтөрийн “Миний дуу хоолой”-д шинэлэг зүйл их бий

Хуучирсан мэдээ: 2017.03.18-нд нийтлэгдсэн

Э.Мөнхтөрийн “Миний дуу хоолой”-д шинэлэг зүйл их бий

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дуучин Э.Мөнхтөр “La Mia Voce” анхны бие даасан тоглолтоо энэ сарын 22-нд толилуулах гэж байна. Анхны бие даасан тоглолтоо толилуулах гэж байгаа уран бүтээлчтэй танилцаарай.


Э.МӨНХТӨР 2011 ОНООС ДУУРИЙН ТЕАТРЫН ДУУЧНААР АЖИЛЛАЖ БАЙНА

Э.Мөнхтөр Өвөрхангай аймгийн Бүрд сумынх. Тэрбээр Ардын жүжигчин Б.Жавзандуламын үүсгэн байгуулсан “Опера” дээд сургуульд 2006 онд дуурийн дуучнаар элсэн орж, Гавьяат багш, дэд профессор Ц.Ерөө багшийн удирдлага дор 2011 онд төгсжээ. Сургуулиа төгсдөг жилийн нэгдүгээр сард Дуурь, бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажиллаж эхэлнээс хойш өнөөг хүртэл найрал дууны ангид найрал дуучнаар ажиллаж байна. Дуурийн дуулаачийн мэргэжлээр суралцаж, сонгодог урлагт үнэнчээр зүтгэж яваа уран бүтээлч маань энэ жил анхны тайлан тоглолтоо хийхээр бэлтгэж байна. Түүний тоглолтын нэр “La Mia Voce” буюу “Миний дуу хоолой”.

Э.МӨНХТӨР БАСС БАРИТОН ХООЛОЙТОЙ Ч ТЕНОР ХООЛОЙТНУУДАД ЗОРИУЛСАН ДУУГ ДУУЛНА

Э.Мөнхтөрийн анхны бие даасан тоглолт цэвэр сонгодог тоглолт гэдгээрээ онцлог болжээ. “La Mia Voce” тоглолтод саатан ирсэн та бүхнийг Монгол болон Дэлхийн сонгодог бүтээлүүдээр бэлэг барих юм. Итали, Орос, Монголын нэртэй хөгжмийн зохиолчдын мэргэжлийн дуунууд багтсан төдийгүй В.А.Моцартын “Фигарогийн хурим” дуурийн Бартоло, Дж.Вердийн “Эрнани” дуурийн Сильвагийн ариг дуулах аж. Э.Мөнхтөр басс баритон хоолойтой ч тенор хоолойтнуудад зориулсан Италийн шилдэг дуунуудыг дуулах юм байна. Энэ тоглолт шинэ содон, шинэлэг зүйлийг хүргэж байгаа гэдгээрээ онцлог гэдгийг уран бүтээлч хэлсэн юм. Мөн Өвөрхангай аймгийн харьяат тэрбээр нутгийн Домогт бөх Их Монгол хэмээх Хасын Шаравжамц аваргад зориулсан “Их Монгол аварга” дууг Дуурь, бүжгийн эрдмийн театрын симфони оркестртой дуулах аж.

ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН Ө.УЯНГА, "КОНСОНАНС" ПОП ОПЕРА ХАМТЛАГААС ГАДНА АНУ-ЫН ДУУЧИН УРИЛГААР ДУУЛНА

Монгол Улсад найрал дуу үүсч хөгжсөний түүхт 70 жилийн ой ирэх тавдугаар сард болно. Энэхүү түүхт ойн жил театрын найрал дууны ангийн дуучин Э.Мөнхтөр өөрийн бие даасан тоглолтоо сонирхуулж байгаа нь түүний нэгэн хүсэл тэмүүлэл биелэлээ гэж билигшээж байв. “La Mia Voce” тоглолтын найруулагчаар ДБЭТ-ын найруулагч, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Е.Сарантуяа, удирдаачаар Урлагийн Гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, тайзны зураачаар Урлагийн Гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар нар ажиллаж байна. Мөн төгөлдөр хуурчаар Б.Алуунгоо ажиллаж байгаа бол АНУ-ын “Lyric Opera of Chicago” театрын дуучин, тенор хоолойтой Robert Cunningham урилгаар дуулах аж. Үүнээс гадна “La Mia Voce” тоглолтын хүндтэй зочид бол Гавьяат жүжигчин Ө.Уянга, "Авьяаслаг монголчууд" шоуны финалд шалгарч байсан "Консонанс" поп опера хамтлаг, ДБЭТеатрын найрал дуучид, симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм.

КИМ БАЗАРСАДАЕВЫН НЭРЭМЖИТ УРАЛДААНД БЭЛТГЭЖ БАЙНА

Дуучин Э.Мөнхтөр олон уралдаанд амжилттай оролцож байсан юм. Тэрбээр 2010 онд оюутан байхдаа ОХУ-ын Валадивосток хотод зохиогддог олон улсын дуурийн дуулаачийн уралдаанд оролцож, өөрийгөө нээж, хөгжүүлж чаджээ. Түүний хувьд Монголдоо болдог бүхий л уралдаанд авьяас чадвараа сорьдог байна. Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн нэрэмжит үндэсний ари романс дуулаачдын улсын уралдаанд оролцож, тусгай байр эзэлж байжээ. Уран бүтээлийн анхны тайлан тоглолтоо хийж байгаа Э.Мөнхтөр дараагийн уралдааны бэлтгэлдээ хэдийн гарчээ. Тэрбээр ирэх дөрөвдүгээр сард ОХУ-ын Улаан-Үд хотноо зохиогдох Ким Базарсадаевын нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанд оролцохоор болсон байна.

Ч.БОЛОРЧУЛУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж