Зөвшөөрөлгүй барилгуудын тусгай зөвшөөрлийг цуцална

Хуучирсан мэдээ: 2017.03.17-нд нийтлэгдсэн

Зөвшөөрөлгүй барилгуудын тусгай зөвшөөрлийг цуцална

Улаанбаатарын хэмжээнд зөрчилтэй гэгдэж буй 23 барилга бүртгэгдсэнээс Баянзүрх дүүрэгт 5, Хан-Уул дүүрэгт 4, Сонгинохайрхан дүүрэгт 2, Баянгол дүүрэгт 12 байна. Иймд дээрх 23 барилгын барилга угсралтын ажил гүйцэтгэсэн аж ахуй нэгж байгууллагын “Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл”-ийг цуцлуулах саналыг Барилга хот байгуулалтын яамд хүргүүлэхээр болжээ. Энэ талаар НМХГ-ын ДБХХ-ын дарга Н.Гантулгаас тодруулахад “Нэгэнт баригдсан байгаа зөрчилтэй барилга байгууламжийн асуудлыг шүүхээр шийдвэрлэнэ. Мөн тухайн орон нутгийн Засаг дарга нар маань олгосон захирамжаа хүчингүй болгох эрхтэй. Зарим аж ахуй нэгжүүд барилгын хууль, стандартыг судлаагүйгээс, харин зарим нь илт хууль зөрчсөн байдаг. Тухайлбал зарим компани зөвшөөрөлгүйгээр барилгын ажлаа хийж эхэлдэг. Дараа нь бичиг баримт зөвшөөрлөө авна гэсэн ойлголттой байдгаас дээрх зөрчлүүд гарч байна” гэлээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль, тогтоомж зөрчиж барилга угсралтын ажил эхлүүлсэн барилга байгууламжид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ хийсэн хяналт, шалгалтын хүрээнд барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй, техникийн нөхцөлгүй, батлагдсан ажлын зураггүй, гүйцэтгэгч нь тодорхой бус, суурийн нүх ухаад орхидог зэрэг зөрчил гарсан байна.

Түүнчлэн барилгын газар шорооны ажил гүйцэтгээд 2 буюу түүнээс дээш жил ямар нэг ажил гүйцэтгээгүй, нийслэлийн өнгө үзэмжид сөрөг нөлөөтэй, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг алдагдуулж байгаа 4 аж ахуй нэгж, 3 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгох саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн байна.

Иймээс зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажил болон барилга угсралтын ажил эхлүүлсэн зөрчилтэй барилга, байгууламжид нөхөж зөвшөөрөл олгохгүй байх үүргийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт өгч байгаа гэнэ.

Г.БАТТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж