Өрсөлдөөнгүй сонгууль

Хуучирсан мэдээ: 2017.03.19-нд нийтлэгдсэн

Өрсөлдөөнгүй сонгууль

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүнийг тодруулах сунгаа зарим тойрогт өрсөлдөгчгүй өрнөх боллоо. Учир нь 380 суудлын төлөө 511 гишүүн өрсөлдөх юм.

Нийт 380 суудлын төлөө дор хаяж 760 гишүүн өрсөлдөхөөр бүртгүүлж байж гэмээнэ сонгууль зохион байгуулах нөхцөл бүрдэх ёстой. Гэтэл 511 гишүүн бүртгүүлсэн үед сонгууль хийх болж буй нь шударга өрсөлдөөний зарчмыг алдагдуулжээ.

Үндэсний бодлогын хороонд өрсөлдөх гишүүдийн тоо хангалтгүй байгаа нь дэнчин, хураамжтай холбоотой аж. Энэхүү том мөнгөн дүнг Ардчилсан намын гишүүд нь өөрсдөө тогтоочихсон бол “Хохь нь” гэж хэлж болохоор. Гэтэл Дотоод сонгуулийн хороо нь өөрт байхгүй эрх үүргийг эдэлж, гишүүдээсээ ч асуулгүй зөвхөн Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхөд дэнчин нь гурван сая, хураамж нь гурван сая төгрөг гэх тоо тавьсан нь мөнгөгүй гишүүдийн хувьд бусдын халаасанд багтах эс бол нэр дэвшихгүй байх гэсэн сонголтын өмнө авчирсан аж. Үүнээс болж, зарим тойрогт огт нэр дэвшигч бүртгүүлээгүй, зарим тойрогт зөвхөн нэг нэр дэвшигч бүртгүүлжээ.

Өрсөлдөгчгүйгээр буюу зөвхөн нэг нэр дэвшигч бүртгүүлэн Үндэсний бодлогын хороонд сонгогдох болсон нийт 20 гаруй тойрог байна. Үүнд: Төв, Ховд, Хөвсгөл аймгийн тойргуудад тус бүр нэг тойрог, Увс, Хэнтий аймгуудад тус бүр хоёр тойрог, Орхон аймаг, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт тус бүр дөрвөн тойрогт зөвхөн нэг нэр дэвшигч бүртгүүлсэн бол Баянгол дүүргийн гурван тойрогт тус бүр нэгхэн нэр дэвшигч бүртгүүлжээ. Дархан-Уул аймгийн бүх тойрогт зөвхөн нэг нэр дэвшигч бүртгүүлсэн байна. Энэ бол алдарт ах, дүү “Даш”-уудын тойрог гэж хэлж болно.

Дээр нь Баянгол дүүрэг бол Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, өмнөх экс дарга  З.Энхболдын тойрог. Энд зөвхөн нэг тойрогт нэг нэр дэвшигч бүртгэгдсэн нь гишүүдийнх нь анхаарлыг хамгийн их татаж эхэллээ.

Уг нь Баянгол дүүрэгт нэр дэвших сонирхолтой гишүүд цөөнгүй байжээ. Гэвч зургаан сая төгрөг төлөөд зүтгэхэд С.Эрдэнийн багийнхан “польдоод” тус хонхорт гаргаж ирэхгүй нь дэндүү ойлгомжтой тул нэрээ дэвшүүлээгүй аж. Үүнийг нь “Шонхор”-ынхон өлгөж аван гурван ч хүнээ өрсөлдөөнгүйгээр гаргаж ирэх боломжтой болжээ.

Нэгхэн нэр дэвшигчтэй эдгээр тойргийн сул тал нь таван гишүүн санал өгөхөд л шууд ногоон гэрлээр Үндэсний бодлогын хороонд сонгогдоно.  Сонгуулийн хураамж болгож гурван сая, дэнчингийн гурван сая төгрөг төлсөн учраас  таван гишүүний саналаар сонгогдсон гэж үзэхгүй. Сонгуульд нэрээ дэвшүүлсэн, таван гишүүн саналаа өгсөн, гүйцээ. Хэл ам хийгээд ч нэмэргүй.

Зургаан сая төгрөгөө төлөөд давуулаад арван гишүүний санал авахгүй яасан юм бэ гэдэг ганц л болзол тулгана.

Харин нэг ч нэр дэвшигч бүртгүүлээгүй тойрог нь Сонгинохайрхан дүүргийн хоёр ч тойрог, Төв аймгийн нэг тойрог нэрлэгдэж байна.  Энэ нь мөн л зургаан сая төгрөг гэх босготой холбоотой аж.

Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын шинэчлэлийг мөнгө гэж харсан хэсэг бүлэг хүмүүсийн харалган бодлоор бодлого тодорхойлох Үндэсний бодлогын хороонд зөвхөн мөнгөтэй, хөрөнгөтэй нь орж ирэх болж буй нь хамгийн том алдаа дагуулах болж буйг гишүүд нь шүүмжилж байна.

Ардчилсан нам өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд дотоод ротаци хэд, хэд зохион байгуулсан. Гэхдээ өнөөдрийнх шиг дэнчин хураамж нь ахадчихсан, шударга өрсөлдөөн нь хангагдаагүй, мөнгөний сонгууль болж байсан тохиолдол үгүй аж.

Энэ удаагийнх цахиур хагалж, анхных нь болох юм. Гол нь ийм сонгууль зохион байгуулчихаад “Ардчилсан нам шударгаар Үндэсний бодлогын хорооны гишүүдээ тодрууллаа” гэж зарлах нь шударга өрсөлдөөний зарчимд хэр нийцэх юм болдоо.

Бодлогын шинэчлэл хийхээ больж, мөнгөний шинэчлэл хийж байна гэж зарлавал илүү шударга лоозон биш үү. Хайран нам ч яйран нам болж байна даа.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж