Телевизийнхэн өрсөлдөөний дүрмээ ярилцаж байна
"Монголын телевизүүдийн форум 2017" "Туушин" зочид буудалд үргэлжилж байна. "Тооноос чанарт" уриатайгаар зохион байгуулагдаж буй энэхүү форумд салбарын шилдэг менежерүүд, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, төрийн бодлого боловсруулагчид оролцож буй юм. Монголын телевизүүдийг тооноос чанарт шилжүүлэхийн тулд ямар стратеги чухал вэ, цаашид төр болон хувийн хэвшлээс ямар санаачилгатай ажиллах ёстой вэ зэрэг олон чухал асуудлуудыг хөндсөн уулзалт, панел хэлэлцүүлэг, илтгэл, танилцуулгууд дарааллын дагуу үргэлжилж байна.
Эдийн засгийн уналт медиа компаниудад хамгийн хүнд цохилт болж байна. Энэ талаар салбарынхан нь өнөөдөр хөндлөө. Зөвхөн зар сурталчилгаанаас ашиг олж, мэдээ, нэвтрүүлгийн үйлдвэрлэлийг явуулах бус чанартай, дэлхийн хэмжээний монгол контентыг бий болгож, түүнийгээ үнэд хүргэх нь чухал болжээ. “Максима”-гийн судалгаагаар Монголын үзэгчид дэлхийн хэмжээний контентыг таашааж, үздэг нь тогтоогдсон байна. Жишээлбэл, өнгөрсөн хугацаанд үзэгчдийн тоогоороо “Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг шоу”, “Монгол HD” телевизийн “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийг давж гарах монгол контент байхгүй байна. Энэ нь телевизүүд дэлхийн үзэгчдэд үнэлэгдэхүйц монгол контент үйлдвэрлэвэл эрэлт нь байна. Мөн олон ангит кинонуудын хандалт буураагүй хуучин шигээ их үзэлттэй буй аж. Тиймээс монголын толгой телевизүүд чанаргүй контент үйлдвэрлэж, цаг нөхөн үзэгчдээ хуурах бус, үзэгчдээ татах чанартай мэдээ, нэвтрүүлгийг хийдэг байя хэмээж “Тооноос чанарт” уриалгыг дэвшүүлжээ. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар /ХХМТГ/-ын тухайд 2017 оны өмнөхөн Хэвлэл мэдээллийн салбарын ажиллагааг зохицуулах Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан билээ. Хэрэв энэ хууль батлагдвал эрүүл өрсөлдөөн бий болно гэж ХХМТГ-ын төлөөлөл ярилаа.
Өнгөрсөн жилийн Монголын телевизүүдийн форумаар үйлдвэрлэсэн контентоо үнэлүүлье. Дан ганц телевизүүдийн бүтээлийг үзэгчдэд дамжуулдаг оператор компаниуд үзэгчдээс төлбөр авах бус тэр мөнгөө телевизүүдтэй хуваая гэсэн саналыг гаргаж байсан. Тэгвэл энэ санал 2017 оноос ажил хэрэг болж, тухайн телевизийн контентыг хоёр дахь удаагаа буюу нөхөж үзсэн төлбөрөөс телевизүүд хувь авдаг болжээ. Цаашид оюуны өмчийн тухай хуулиа сайн мөрдөөд явбал дур мэдэн бусдын бүтээлийг авдаг кабелийн сувгууд өрсөлдөөнөөс гарна. Эсвэл жижиг телевизүүд томтойгоо нэгдэж, нэг болоод чанартай контент бүтээж, түүнээсээ мөнгө олдог байх зарчим руу хүссэн хүсээгүй шилжинэ гэдгийг Ч.Номин захирал тодотгов. Гэхдээ маркетер, продакшнууд телевизүүдээс юу хүсч байгаа, хэрхэн хамтран ажиллах саналыг нь сонсох шаардлагатайг ч хэллээ. Бие дааж, үндэсний бүтээл үйлдвэрлэгчдийг “Хүрээлэн” төслийнхнөөр төсөөлж болно. “Хүрээлэн” амьд ертөнц нэвтрүүлгийн нэг дугаарыг бэлтгэхэд төслийн багийнхан дор хаяж, 2-3 мянган километр замыг туулдаг гэнэ. Гэхдээ томилолт бүр нэвтрүүлгийн нэг дугаар болдоггүй, нэвтрүүлгээс ашиг олохоос илүү зардал өндөртэйгөөр бүтээдэг гэдгийг ч “Хүрээлэн” төслийн захирал М.Буянбадрах ярив.
Цаашид телевизүүд тоглоомын дүрмээ тодорхой болгож, орлого хуваарилалтаа шударгаар явуулдаг байх зарчим руу шилжих шаардлагатайг салбарынхан хөндлөө. Тиймээс ч хөшигний ард сүүлийн гурван жилд ашиггүй ажиллаж буй жижиг сувгуудыг “томчууд” нь хуваан авч, телевизүүдийн төвлөрлийг бий болгох хэлэлцээр хийгдэж эхэлсэн мэдээлэл ч байлаа. Тэгвэл энэ асуудалд, медиагийн захирлууд өөрсдийн байр сууриа илэрхийлэв.
-Медиа групп, Б.Баярбат: Сонирхол бол байна. Угаасаа ингэж төвлөрөх нь зөв гэж харж байгаа. Барууны жишиг ч гэсэн тийм шүү дээ. 5-6 том компани байдаг. Төрөлжөөд чаддаг чаддаг зүйлээ хийгээд явдаг. Энэ жишиг рүү манайх ойрын үед явна гэж би бодож байгаа. Манай хэрэглэгч нар төрөлжөөд эхэлчихсэн. Өнөөдөр хэрэглэгчдийн 60-70 хувь нь 10-хан телевизийг үзэж байгаа. Хэдий удаан тэсэх вэ дээ. Тиймээс хэдэн маркетингийн компаниуд хэнд нь рекламаа өгөх вэ гэдгээ мэдэж байгаа. Зах зээлийн жишгээр 70 телевиз чинь нэгдэх нь нэгдэж, байхгүй болох нь байхгүй болж, зарагдах нь зарагдаад явна. Энэ бол ойлгомжтой. Магадгүй таван жилийн дараа монголд 6-7 ийм том групп л үүсэх байх. Манай хувьд үйл ажиллагаа аль болох өргөжүүлэхийг хичээж байгаа.
–Монгол контент, Г.Гантуяа: Монгол контентын хувьд бид телевизийн сувагтай больё гэж зарчмын хувьд бодож байгаа. Авчих бол амархан. Өнөөдөр ч юм уу энэ сард авчихна. Гол нь гурван жил, таван жилийнхээ төлөвлөлт дээр нэлээд сайн суух хэрэгтэй. Хэрвээ би 3-5 жилд эргэн төлөлтөө нөхөх боломжгүй бол буцаад авахгүй гэдэг шийдвэртээ зогсож болно. Тэгэхээр бизнес талаасаа харж байгаа.
-Монгол масс медиа групп, А.Амундра: Ер нь нэмж хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй байгаа. Жишээ нь, залуучууд руу чиглэсэн контенттой суваг хов хоосон байна. Гэтэл нэг сая фэйсбүүк хэрэглэгчийн 400 мянга нь тэр 15-23 насны хязгаарт хамрагдаж байна. Бид тэр чиглэл рүү Монгол HD телевизтэй хамтраад хөрөнгө оруулалт хийхээр ярилцаж байна. Мөн үндэсний агуулга бүхий сувгийн телевиз үгүйлэгдэж байна. Монгол бөхийн лиг, хурдан морины бооцоот тэмцээн, хөөргийн дуудлага худалдаа хэрэгтэй байна. Малын тэжээл зармаар байна. Бидний нийтийн дуу гэж нэрлээд байгаа дуу буцаад модонд орж байна. Тэгэхээр энэ контентууд нийлүүлэлт бага байна. Тэр чиглэл рүү хөрөнгө оруулалт хийхээр ажиллаж байгаа. Зах зээл дээрээс бэлэн суваг, телевиз авъя гэхээр өнгөрсөн хугацаанд хийсэн бүх мөнгө, алдагдлыг нийлүүлээд таван тэрбум гэж тоо хэлээд байдаг. Тэр бол бололцоогүй. Телевизийн камер гэхэд л жилийн дараа хэрэгцээгүй болж байгаа. Тэгэхээр юуг үнэлж, яаж худалдаж авах вэ гэдэг их эргэлзээтэй болсон.
Зураглаач Э.ЭНХБАТ