Эмнэлэгт үзүүлнэ гэхээр хүмүүс өглөө эртхэн очихгүй бол амжихгүй гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл сар гаруйн өмнөөс улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг томоохон эмнэлгүүдийг уртасгасан цагаар ажиллуулах болсон байна. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өчигдөр /2017.03.16/ эмнэлгүүдийн удирдлагуудтай уулзаж уртасгасан цагийн үр дүн болоод цаг үеийн асуудлаар мэдээлэл сонссон байна.
Улсын нэгдсэн төв эмнэлэг /УНТЭ/ олны нэрлэдгээр нэгдүгээр эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг /УГТЭ/ хуучнаар Шастиний нэрэмжит гуравдугаар эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/, Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-үүд хоёр ээлжээр уртасгасан цагаар ажиллаж байна. Эдгээр эмнэлгүүд амбулаторийн үзлэгээ үдшийн 20.00 цаг хүртэл үргэлжлүүлж байгаа юм.
Ийнхүү уртасгасан цагаар ажиллаж буйн үр дүнгийн талаар УГТЭ-ийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир “Манай эмнэлэгт сард 15 мянга орчим хүн амбулаториор үйлчлүүлж, 1500 орчим хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний хагас нь орон нутгаас ирж үйлчлүүлдэг. Бид эмнэлгийн тусламж үйлчилгээгээ хоёр ээлжээр, уртасгасан цагаар үзүүлснээр эмчилгээ, үйлчилгээний хүлээгдэл эрс буурсан” гэв.
Цус сэлбэлт, судлалын үндэсний төв /ЦССҮТ/-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр танилцуулгадаа, сорьц тээвэрлэх ажлыг эрчимжүүлж, үйл ажиллагаа жигдрээд байна. Одоогоор найман аймгаас сорьц ирдэг. Сүүлийн жилүүдэд донорын тоо хоёр дахин нэмэгдэж 25 мянга гараад байна. Иймээс сувилагчийн тоог нэмэгдүүлэх саналтай байгаагаа илэрхийлжээ.
Д.ЦЭЭНЭ