Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон Монгол, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалтаар гурван улсыг холбосон “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөр батлагдсан. 2016 оны 6 сард батлагдсан энэхүү хөтөлбөрт 32 хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тусгагдсан ба Хятад улсаас Орос/Европ руу дамжин өнгөрөх ачаа барааг тээвэрлэх “Төмөр замын хойд коридор” нь Эрдэнэт-Овоотын төмөр замаар нээгдэх нь. Эрдэнэт-Овоотын төмөр замын төслийг хэрэгжүүлэгч, Монгол улсад бүртгэлтэй “Нортерн рэйлвэйс” ХХК нь “Аспайр майнинг” ХХК-ийн охин компани юм байна.
Манай хоёр хөршийн төмөр замын хэтийн бодлогод Монгол улсын хойд чиглэлд тавих энэхүү төмөр зам анхаарлын төвд байгаа бөгөөд “БНХАУ-ОХУ-Европын хооронд хийгдэх худалдаа, тээврийн хамгийн дөт зам мөн” гэж Европын логистикийн “Transcare” компанийн судалгаагаар батлагдаад байна. Иймдээ ч БНХАУ-ын “Нэг бүс – нэг зам” болон гурван улсын “Эдийн засгийн коридор хөтөлбөр”-т тусгалаа олжээ. Эрдэнэт-Овоотоор эхлэх Төмөр замын Хойд коридор нь Курагино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Овоот-Эрдэнэт-Салхит-Замын-Үүд-Эрээн-Улаанцав-Жанчхүү-Бээжин-Тьянжин гэсэн чиглэлд холбоно. Нөгөөтэйгүүр, ОХУ-тай хамтран олон хэрэглэгчийн төмөр замын шинэ сүлжээ үүсгэх ажил мөн Эрдэнэт-Овоотоор эхэлж байгаа юм.
Төсөл гурван үе шаттай үргэлжилнэ. Нэгдүгээр үе шат нь Эрдэнэт-Овоот, хоёрдугаар үе шат нь Овоот-Арц суурь (Туватай хиллэдэг хилийн боомт), гуравдугаар үе шат нь Арц Суурь-Кызыл юм. Тува орчмын ордууд энэхүү төмөр замыг хүлээж байгаа нь цаанаа учиртай. ОХУ-ын Тувагийн нутаг дахь Улуг Хэмийн бүлэг ордод коксжих нүүрсний дөрвөн том төсөл тээврийн асуудлаа нэг мөр болгохоор хүлээгдэж байна. Элегест (895 сая тонн), Межегей (765 сая тонн), Центральный (639 сая тонн), Каа-Хемский (200 сая тонн) гэсэн дөрвөн том төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 47 сая хүртэл тонн коксжих нүүрс олборлоно. Овоот-Арц суурийн төмөр замтай Арц суурь-Кызылийн 330 км төмөр зам холбогдсоноор энэ бүлэг орд хөдөлгөөнд орох аж. Кызылийн төмөр замыг нааш нь холбоход манай талаас хоёр асуулт урган гардаг. Нэгд нь, цааш нь холбохгүй, яагаад заавал манай төмөр замтай гэж? Хоёрт, манай нүүрстэй өрсөлдөөд, үнэ унагах аюул бий юу?
Эхний асуултын хариулт энгийн. Улуг Хэмийн бүлэг ордоос хойд чиглэлд Курагинотой холбон төмөр зам тавихаас урагш Арц суурьтай холбох нь зардлын хувьд бага, замын урт, хугацаа нь ч богино болно. Хоёрдугаар асуултын хувьд, 330 орчим км алсаас тээвэрлэгдэж ирж байгаа нүүрс, БНХАУ-ын зах зээл рүү хүртэл нийтдээ 1000 гаруй км замыг туулах учир өндөр үнээр борлуулагдана. Иймд манай харьцангуй хямд нүүрстэй өрсөлдөж чадахгүй.
Эдийн засгийн Хойд коридорын бүтээн байгуулалт хурдацтай урагшилж байна. ОХУ-ын Тувагийн эрчим хүчний үйлдвэрлэлийн корпораци, Хятадын төмөр замын барилгын корпорацитай 2015 оны 5 дугаар сард Кызыл-Курагино төмөр замын төслийг барьж байгуулах тухай харилцан ойлголцох санамж бичгийг зурчихаад байгаа юм. “Нортерн рэйлвэйс” ч Овоот-Арц суурь-Кызылийг холбосон төмөр замын урьдчилсан судалгааг хийж гүйцэтгэжээ. Эдийн засгийн Хойд коридороор зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн төдийгүй хөдөө аж ахуй, газар тариалан, барилга орон сууц, зорчигч тээвэр, өргөн хэрэглээний бараа хүртэл нааш, цааш тээвэрлэгдэнэ.
“БНХАУ-ОХУ-Европын хооронд хийгдэх худалдаа, тээврийн хамгийн дөт зам мөн” хэмээгдэж байгаа гэж дээр дурдсан. 2016 оны 6 сарын байдлаар Хятад, Европын хооронд ачаа тээврийн 1881 галт тэрэг аялж, 17 тэрбум ам.долларын өртөгтэй экспорт, импортын бараа тээвэрлэжээ. Харин Хятадын Хөгжил шинэтгэлийн хорооны гаргасан төлөвлөгөөний дагуу 2020 он гэхэд Хятад болон Европын хотуудын хооронд жилдээ ачааны 5000 галт тэрэг явуулна гэсэн зорилт тавилаа. Энэ нь Хятад-Европын хооронд төмөр замын тээврээр жилд 50 тэрбум ам.долларын ачаа тээвэрлэгдэнэ гэсэн үг юм. Энэхүү их мөнгөний урсгалын нэг гол зам нь “Эдийн засгийн Хойд коридор” гарцаагүй болно. 5000 галт тэрэг ачааны тодорхой хувийг манай улс өөртөө татсанаар монголчууд мөнгөний уутны амаа тосоод сууж болно гэсэн үг юм.
“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн шинэчлэл, хөгжлийн хөтөлбөр-2030 төсөл бэлээд болоод байна. Хөтөлбөрийн зорилтод “Ази-Европыг холбосон олон улсын тээврийн коридоруудын хөгжилд, Монгол Улсын ачаа тээврийн ажлын цар хэмжээгээр голлох байр суурьтай оролцон, 2030 онд ачаа тээвэрлэлтийн хэмжээг 73.7 сая тонн (их хувилбар) хүртэл өсгөнө” гэж тусгасан байгаа. Энэхүү хөтөлбөрийн зорилтыг хангахад Эдийн засгийн Хойд коридорын төмөр замын төсөл ихээхэн жин дарах нь гарцаагүй. Мөн хос зам, цахилгаан замтай болох хэтийн ирээдүйд ч Эрдэнэт-Овоотын төмөр зам хувь нэмрээ оруулна.
Эрдэнэт-Овоотын төмөр замын чигийг Монгол Улсын Засгийн газар энэ оны 1 дүгээр сард баталсан. Тус төмөр зам гурван аймгийн 11 сумын нутгаар 542км үргэлжилнэ. Тээвэрлэлтийн хүчин чадал жилд 30 сая тонн. Төмөр замын төслийн нийт хөрөнгө оруулалт болох 1.3 тэрбум ам.долларыг “Аспайр майнинг” компани санхүүжүүлнэ. Төмөр зам баригдан, Овоот төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл шинээр 1850 ажлын байр бий болно. Концессийн гэрээ дууссаны дараа төмөр замыг 100 хувь, үнэ төлбөргүй Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгөх юм байна.
Д.ТӨВ