“Mongolia gold-2017” чуулган өнөөдөр /2017.03.17/ Чингис зочид буудалд болж байна. Ашигт малтмалын газрын дарга Б.Баатарцогт, Алт үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал н.Цогтгэрэл чуулганыг нээн үг хэлж, алтны салбарын өнөөгийн байдал хийгээд тэдний өмнө тулгарсан зорилтыг тодорхойлсон юм.
Үндэсний статистикийн хорооны 2015 оны мэдээгээр манай улсын алтны үйлдвэрлэл ДНБ-ний 2.6 хувь, экспортын орлогын 9.1 хувийг эзэлж байгаа гэсэн дүн гарчээ. Ирэх 10 жилийн хугацаанд алтны экспортын хэмжээ 15.8-40.0 тоннд хүргэхээр төлөвлөж байгаа юм. Алтны салбарын экспортын орлого 2020 онд 1177.9 сая ам.доллар, 2025 онд 1564.7 сая ам.долларт хүрэх төлөвтэй байна. 2015 онтой харьцуулахад алтны экспортын орлого 2020 онд 26.7 хувиар, 2025 онд 68.4 хувиар тус тус нэмэгдэх төлөвтэй байна.
Алтны орд газруудыг төлөвлөсөн хугацаанд ашиглахад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгцээтэй бөгөөд эдгээрт банкны зээл, бонд болон бусад эх сурвалжийг ашиглах, алтны томоохон төслүүдэд гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг өргөнөөр татах шаардлагатай байгааг зохион байгуулагчид онцолж байна. Алтны салбарын олборлолт, үйлдвэрлэл болон борлуулалттай холбоотой хууль эрх зүйн тогтвортой орчинг бий болгох замаар алтны хайгуул болон олборлох салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэн, эрэл хайгуулын ажил эрчимжиж, алтны нөөцийн хэмжээг тогтвортой өсгөсний үр дүнд жилд олборлох алтны хэмжээ 20.0-47.7 тонн хүртэл нэмэгдэж, нийт 353.2 тонн алт олборлох тооцоо гарчээ.
Улсын хэмжээнд "Алт-2” үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлж эхлээд байгаа. Манай улс өмнө нь “Алт хөтөлбөр” болон “Алт-2000 хөтөлбөр”-ийг 1992-2000 онд хэрэгжүүлж байсан юм.
Д.ЦЭЭЛ