Дөрвөн настай охиноо хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдсан Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарын шүүх хурал өнөөдөр /2017.03.17/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13.30 цагт болно.
Эргэн сануулахад Г.Маралмааг дагавар охиноо зодож, биед нь хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хөнөөсөн хэмээн үзэж 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, Т.Цогт 24 жилийн хорих ял оноосон юм. Гэвч давж заалдах шатны шүүхээс Г.Маралмаагийн ялыг хэвээр үлдээж, Т.Цогтын хэргийг хэрэгсэхгүй болгож байсан юм.
Харин уг шийдвэрийг эсэргүүцсэн Г.Маралмаа гомдол гаргаж, Т.Цогттой холбоотой шинэ баримтуудыг хуулийн байгууллагад өгсөн аж. Ингээд Нийслэлийн Давж заалдах шатны шүүх хоёрдугаар сарын 9-ны өдөр хуралдаж Г.Маралмаад оноосон 23 жилийн хорих ялыг хүчингүй болгосон билээ.
Улмаар УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ хэрэгтэй холбоотой шинэ баримт олдсон хэмээн дахин сэргээж, нягталж шалгасан. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан учраас хэргийг прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Т.НОМИН