Ю.Балжидмаа: Би магтуулах, бас шүүмжлүүлэх дуртай

Хуучирсан мэдээ: 2017.03.17-нд нийтлэгдсэн

Ю.Балжидмаа: Би магтуулах, бас шүүмжлүүлэх дуртай

“Miss Mongolia” 2014 тэмцээний тэргүүн мисс, “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн шилдэг гурван оролцогчийн нэг Ю.Балжидмаатай ярилцлаа.


-Урилга хүлээн авч, студид хүрэлцэн ирсэнд баярлалаа.

-Та бүхэнд ч бас баярлалаа.

-Хэдэн жил загвар өмсч байна вэ? Та их гоё өндөр нуруутай, зөв төрхтэй бүсгүй юм?

-Анх 14 наснаасаа загварын карьераа эхлүүлсэн гэж хэлж болно. Яагаад гэхээр тэр үед загвар өмсөгчийн дамжаанд явж эхэлсэн. Тэр үеэс л загвар үзүүлэх дуртай болсон доо.

-14 насандаа хэр өндөр байсан бэ?

-Тухайн үед би 176 см өндөр байсан. Ер нь бага ангидаа нэг их өндөр байгаагүй. Дунд ангиасаа л хурдацтай өссөн. Манай ангид надаас өндөр эрэгтэй хүүхэд байдаггүй. Өндөр гэдгээсээ санаа зовдог байсан. Харин одоо бол баярлаж явдаг шүү.

-Зарим хүмүүс өндөр болохын тулд дасгал сургуулилт хийдэг. Зарим нь өндөр болохын тулд витамин хэрэглэдэг. Харин таны хувьд удмын санагдсан?

-Өндөр болоход гадны нөлөө байхгүй. Манай ээжийн тал нэлээд өндөр хүмүүс байдаг. Аавын тал болохоор дундаж нуруутай хүмүүс. Ээжийн минь талын ген илүү давамгайлсан юм шиг байна лээ.

-Өмнө нь Сингапур, Хятад улсад загвар өмсч байсан гэж сонссон. Ер нь багаасаа загвар өмсөөд, олон улсад ажиллаад ирэхээр биеэ дааж эхэлдэг байх, тийм үү?

-Энэ бол миний хувийн бодол л доо. Би багаасаа өөрөө өөрийгөө бий болгочихсон гэж боддог. Яагаад гэхээр 14 настай байхдаа загварын агентлагт суралцахаар хотод ирж байлаа. Тэр үед манайх Өвөрхангай аймагт амьдардаг байсан юм.

Загвар өмсөнө, сурна гээд хотод хүрч ирээд, хамаатныдаа амьдарсан. Багаасаа биеэ даагаад сурчихсан болохоор эрт төлөвшсөн байж магадгүй.

-Тэгээд гэрийнхэн чинь хотод нүүж ирсэн үү?

-Тийм. Би бараг гэрийнхнийгээ “чирээд” ирчихсэн. Охин хүүхэд хол байх хэцүү гээд, надад их санаа зовдог байсан. Намайг анх хотод ирснээс хойш хоёр, гурван жилийн дараа манайхан нүүж ирсэн.

-Амьдрал дээр хамгийн их дэмждэг, тусалдаг, ойр дотны хүн чинь хэн бэ?

-Би их эмзэг хүн юм шиг байгаа юм. Сэтгэл эмзэглүүлсэн хэцүү үед хүнтэй ярилцаж байж тайвширдаг. Эсвэл миний эргэн тойрны хүмүүст хэцүү зүйл тохиолдвол, ярилцаж тайвшруулдаг. Тэр утгаараа сэтгэл судлаач мэргэжлийг сонгоход нөлөөлсөн байх. Ганцаараа шийдвэр гаргаж, ганцаараа бүх зүйлийг даван туулахад хэцүү л дээ. Тиймээс гэр бүлийнхэнтэйгээ ярилцдаг. Бусдын үгийг сонсож, өөрийнхөө алдаа дутагдлыг олох, өөрийгөө магтуулах, шүүмжлүүлэх дуртай. Ингэснээр өөртөө дүгнэлт хийх боломж олддог.

-Айлын хэд дэх хүүхэд вэ?

-Би айлын том хүүхэд. Нэг эрэгтэй дүүтэй.

-Тодорхой хэмжээгээр олонд танигдсан бүх хүнд тохиолддог нийтлэг нэг зүйл бол олон нийтийн хандлага. Хүмүүс сайн муу сэтгэгдлийг сошиалаар илэрхийлж, коммент бичдэг. Энэ болгонд эмзэглэдэг үү?

-Сөрөг хандлага бага зэрэг байдаг ч ерөнхийд нь бодоод үзэхээр гайгүй ээ. Ер нь надад хүчтэй нөлөөлсөн зүйл байхгүй. Анх загварын ертөнцөд хөл тавьж байхад бага байсан болохоор ганц нэг сөрөг зүйлд эмзэглэж, уйлдаг байсан. Одоо бол тийм ч хүчтэй нөлөөлдөггүй. Гэхдээ хүн өөрөө зөв явахад сөрөг яриа, сөрөг нөлөөнд автаад байхгүй байх.

-Тэгвэл хүнтэй харилцаж байхад сөрөг хандлага ирвэл хэрхэн даван туулдаг бэ?

-Би хэр баргийн юман дээр дугараад байдаггүй юм. Үнэхээр тэсвэр алдах үед тэр хүнтэйгээ ярилцахыг хичээдэг.

-Чи өөрийгөө хэр зэрэг сайн талыг агуулсан хүн гэж боддог вэ? Хүн өөрийгөө магтаад байх утгагүй л дээ. Гэхдээ найз нөхөд ойр дотнын хүмүүс чинь чамд магтаал, сайшаал хэлдэг байх. Түүнээс нь дурдахгүй юу?

Хүнийг найзаар нь дүгнэ гэдэг үг байдаг. Манай найзууд надтай л адилхан хүмүүс байдаг. Бид уулзаад суухаараа хэзээ ч хүн муулдаггүй. Хүмүүс намайг нэлээд “түс тас” гэдэг. Шулуухан хэлчихээр зарим үед надад гомддог юм шиг байна лээ. Тэр үед нь би өөрийгөө зэмлэдэг.

-Ю.Балжидмаагийн бага нас хэрхэн өнгөрсөн бэ. Мэдээж хэрэг 14 наснаас эхлээд загварын ертөнцөд хөл тавьсан. Үүнээс өмнөх үе Өвөрхангай аймагт хэрхэн өнгөрсөн бэ?

-Би тэр үеэ ярих их дуртай. Яагаад гэхээр миний амьдралын хамгийн аз жаргалтай үе. Хүүхэд насны минь аз жаргалыг гүйцэх аз жаргал надад байхгүй. Яагаад гэхээр тэр үед би элэг бүтэн байсан. Бүх хүний бага нас бодож санах юмгүй гоё өнгөрдөг байх. Би дандаа эрэгтэй хүүхдүүдтэй нийлдэг байсан. Одоо дүүтэйгээ ярилцахаар “та эршүүд байсан. Дандаа эрэгтэй хүүхдүүдтэй нийлдэг байсан. Би таныг дагаад тоглож явахдаа нэлээн их бэртэж гэмтдэг байсан” гэдэг. Хүүхэд насандаа гар хөлөө гэмтээгээд үлдсэн сорив одоо ч бий шүү. Хөдөлгөөнтэй хүүхэд байсан.

-Сэтгэл судлаач мэргэжлийг яагаад сонгох болсон бэ?

-Энэ салбарыг шинжлэх ухааны үүднээс судлаад үзэхээр гоё л доо. Дээр нь би хүнтэй ярилцах дуртай. Хүнд хэцүү үед хүмүүстэй ярилцаад, ямар нэгэн гарц арга замыг олдог. Би өөрөө ярилцах дуртай болохоор бусад хүмүүст ч ярилцах хүн хэрэгтэй байх гэж бодоод энэ мэргэжлийг сонгосон.

-“Mongolia’s next top model” нэвтрүүлгээс хойш олон улсын загварын агентлаг санал тавьсан уу? Хэрэв тавьсан бол хэрхэн хүлээж авсан бэ?

-Би багаасаа загварт дуртай байсан. Хүн өөрийнхөө юунд дуртай, юуг хийж чадах вэ гэдгийг олж мэдэх хэрэгтэй юм шиг санагддаг. Би 17,18-тайдаа загварыг орхиж үзсэн. Гэтэл хүн нэг зүйлдээ тууштай байгаад эцсийг нь үзвэл хүний санаа амардаг юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Өмнө нь гаднын агентлагт ажиллах нөхцөл боломж байсан. Нэг шийдээд явах юм бол гурав, дөрвөн жилийг зарцуулах шаардлагатай болдог. Гэр бүлээсээ хол, ажил хөдөлмөр хийгээд амьдарна гэхээд зориг тэвчээр их шаардана. Ийм нөхцөл байдал тухайн үед хараахан бүрдээгүй байсан.

Сая “Mongolia’s next top model” нэвтрүүлэгт орсноор загварын ертөнцийн хүсэл мөрөөдлөө илүү тодорхойлж чадсан.

Тэмцээний дундуур Сингапурын “Look models” агентлагаас мэйл ирсэн. “Бид чамд сайн сайхныг хүсэж байна. Хэрэв чи түрүүлэх юм бол чамайг баяртайгаар хүлээж авна” гэсэн байсан. Тэмцээн явагдаж байхад санаа зовсон, дэмжсэн хандлага илэрхийлсэнд би хувьдаа талархаж байгаа. Шоу дууссаны дараа “Манай агентлаг хэзээд чамтай хамтарч ажиллахад бэлэн. Амарч дуусаад, Сингапурт ирээрэй. Хамтарч ажиллахад таатай байх болно” гэсэн. Ийм санал тавьсанд баяртай байгаа. Сингапураас ирсэн саналыг хүлээн авч, хамтарч ажиллана. 

-Загварын ертөнцөд цахиур хагалж явсан мисс бүсгүйчүүд багш болж, шинэ залуу үеийг бэлтгэж эхэлсэн. Чи ч бас шинээр төрөн гарч байгаа цахиур хагалах бүсгүйчүүдийн нэг нь байх. Монголд загварын салбар хэр зэрэг хөгжиж байна вэ?

-Загварын салбар хурдацтай хөгжиж байгаа гэж боддог. Үүний тод жишээ нь Милан, Парист загвар өмсөж байгаа Энэрэл, Ялгуун нар юм. Дэлхийн том тайз гэж хэлдэг Channel, Dior, Victoria secret гэх мэт загварын том тайзан дээр монгол охид тун удахгүй алхана гэж боддог. Би монгол моделиудаар маш их бахархдаг.

-Залуучууд дунд хоббигоо олоогүй, олсон ч зав зай муутай байдгаас болоод хаячихдаг тохиолдол бий. Харин Ю.Балжидмааг snowboard, хана хаданд авирах дуртай гэж сонссон.

-Snowboard-өөр хичээллээд удаагүй байгаа. Манай улс жилийн дөрвөн улиралтай. Гэтэл Snowboard-ийг зөвхөн өвлийн улиралд хичээллэдэг. Одоогоор хоёр улирал хичээллэж байна. Дээр нь би аялах дуртай, зураг авах дуртай. Монголдоо хоёр мянган км аялсан. Аяллын сүүлийн цэг болох Хөвсгөл аймагт очиход Snowboard-өөр хичээллэж байгаа тамирчинтай таарсан. Тэр үеэс л энэ спортод дурласан. Надад маш сонирхолтой, гоё санагдсан.

-Чиний арьс чинь их гоё юм. Арьсаа хэрхэн арчилдаг бэ?

-Ээж маань “Жаахан байна, янз бүрийн зүйл битгий хэрэглээрэй” гэж захидаг. Саяхан нэвтрүүлгийн дундуур бид арьсны эмчид үзүүлсэн. Тэр үед эрүүл арьстай байна гэсэн. Эрүүл арьстай байхын тулд цэвэрлэгээ, хоол хүнс их нөлөөлдөг. Би багаасаа л арьсаа маш сайн цэвэрлэдэг байсан. Нүүрээ цэвэрлээд, араас нь хөөсөн цэвэрлэгчээр угаадаг. Ихэвчлэн Азийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Аль болох ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийг хичээдэг.

“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн зураг авалт хоёр сар үргэлжилсэн. Тэр хугацаанд утас, зурагт үзээгүй. Хүнд амьдралын зөв хэвшил их нөлөөлдөг юм байна лээ. Бид нар орой 22.00 цаг гээд унтдаг. Өглөө эрт сэрдэг, байнга ус уудаг байсан. Охидууддаа зөвлөхөд, гар утсаа байнга ашиглах нь арьсанд сөргөөр нөлөөлдөг юм байна лээ.

-Ер нь “Mongolia’s next top model” нэвтрүүлэгт яагаад оролцохоор болсон бэ?

Би “America’s next top model” нэвтрүүлгийг үзэх дуртай байсан. Энэ нэвтрүүлгийг Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр бэлтгэж, гаргасан “Боловсрол” суваг телевизийн хамт олонд баярладаг. Хамгийн гол нь шоунд орсноор өөрийгөө хэн гэдгийг ард түмэнд таниулах боломж олдсон. Дээр нь өөрийгөө сориод үзье гэж шийдээд орсон. Энэ нэвтрүүлэгт орсноор өөрийгөө өөр өнцгөөс харж, би юу чаддаг, юу мэддэг, хэн бэ гэдгээ олж мэдсэн. 24 цагийн камерын хяналтад олон охидуудтай амьдарна гэдэг бол амаргүй зүйл. Тэр утгаараа хүний зан чанарын илрэл нь тодорхой харагдсан байх гэж бодож байна.

-Тэмцээний явцад өөрийн чинь насны талаар маргаан өрнөөд байсан. Энэ тэмцээнд орохдоо насаа хассан, нэмсэн гэх мэт маргаан олон нийтийн дунд өрнөж байсан. Уг асуудалд тайлбар өгөөч.

-Насны асуудал яригдаж байсан. Би 14 настай байхдаа хоёр нас нэмж тэмцээнд оролцсон юм. Түүнийг зохион байгуулагчид бүгд мэдэж байсан. Гол нь тэмцээнд орохын тулд насаа нэмсэн. Тэр үед хүмүүсийг хуурах бодол байгаагүй. Зөвхөн хүсэл мөрөөдлийнхөө төлөө, тэмцээнд орохын тулд хийсэн алхам юм л даа.

-Тэмцээний үеэр хамгийн хэцүү, эсвэл сайхан, сургамжтай сэтгэлд үлдсэн зураг авалт ямар дугаар дээр болж өнгөрсөн бэ?

-“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн бүх дугаар сэтгэлд тодоор үлдсэн. Тэр дундаас Хөвсгөл аймагт авсан зураг авалт гоё байсан. Мөн цирктэй зураг авалт сургамжтай байсан. Яагаад гэвэл цирктэй зураг авалт дээр хасагдах хоёр хүний нэг нь болж үлдсэн. Миний сонгосон хэрэгсэл маань маш хэцүү юм байна лээ. Би өөрийгөө дайчилж оролцсон боловч 100 хувь сэтгэлд хүрээгүй. Тэр үед яагаад ч юм хайрцаглагдаад, сөрж чадахгүй байсан. Ингээд л шүүлтийн үед хасагдах хоёр хүний нэг нь болчихсон. Тэр дугаарын дараа Хөвсгөл явсан. Би өөрөө аялах дуртай болохоор маш гоё мэдрэмж авсан. Ингээд дараагийнх нь дугаар дээр түрүүлсэн.

-Сүүлийн шатанд төрсөн сэтгэгдлээ хуваалцаач. Тайзан дээр Б.Цэрэндолгортой хамт зогсож байхад ямар мэдрэмж төрсөн бэ?

-Энэ тэмцээнд оролцсон бүх охид өөрийгөө нээсэн амьдралынх нь чухал мөч байх гэж бодож байна. Миний хувьд өөрийгөө мэдэрсэн, ойлгосон, голсон тийм мэдрэмжүүдийг авсан. Тэр утгаараа шалгаруулалтын үед сандарсан. Шууд нэвтрүүлгийн үед мессеж саналын дүнг сонсох завгүй, хувцсаа солиод гүйж явсан. Харин тайзны ард байсан охидуудаас мессежний саналын тоог сонсоод үзэгчид тийм их санал өгсөнд нь би итгээгүй. Яагаад гэхээр шалгаруулалтын өмнө Ю.Балжидмаа түрүүлчихсэн, энэ нэвтрүүлгийг шууд дамжуулаагүй гэсэн мэдээлэл их цацагдсан. Тэр утгаараа үзэгчдийн санал тийм их ирнэ гэж бодоогүй. Гэтэл хол тасархай байсанд баярласан. Гэхдээ сүүлийн мөчид шүүгчид намайг магтаад ирэхээр нь би түрүүлээгүй юм байна гэдгээ шууд ойлгосон.

-Мисс, сайхан бүсгүйтэй уулзсан юм чинь асуухгүй өнгөрч болохгүй байх. Найз залуутай юу?

-Одоогийн байдлаар найз залуу байхгүй.

-“Opozit” хамтлагийг хэр сонсох дуртай вэ?

-Opozit хамтлагийг сонсдог. Хоёр гурван дуунд нь дуртай.

-Магадгүй чамд зориулсан дууг нь сонсох дуртай юу?

-Тийм. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. “Opozit” хамтлагийн дуучин А.Гантулга бид хоёрын хувьд үерхэж нөхөрлөсөн үе бий. Магадгүй үерхлээр дамжуулж өөрийгөө олж авдаг хүмүүс байдаг. Хүний амьдралд юу ч тохиолдож болно шүү дээ. Бид үерхсэн, хэсэг хугацааны дараа холдсон. Яагаад салсан бэ гэхээр насны зөрүү их байсан. Дээр нь тэр хүний амьдрал зохиох нас нь ирчихсэн. Миний хувьд бол зорилгоо тодорхойлж, хийж бүтээх гээд явж байгаа үе шүү дээ.

-Одоо хэсэг хугацаанд амраад, цаашдын ажлаа төлөвлөх байх. Хичээл номондоо илүү анхаарах уу, эсвэл Сингапурын “Look models” агентлагт очиж ажиллах төлөвлөгөөтэй байна уу?

-Энэ нэвтрүүлэгт оролцохдоо олон нийтээс хамгийн их санал авсан нь надад илүү ихийг хийх урам зориг өгсөн. Тиймээс цаашид өөрийгөө юу хийж чадах вэ гэдгийг харуулахын төлөө хичээх болно. Сингапурт загварын улирал есдүгээр сараас эхэлнэ. Тэр болтол Монголдоо байж, биеэ хөгжүүлэх, хэлний мэдлэгээ сайжруулахад анхаарна. Монголоороо аялна. Сингапурт очоод нэг их удаан ажиллахгүй гэж бодож байна. Цаашид Европт загварын чиглэлээр сурах, ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Одоогийн байдлаар хичээлээсээ жилийн чөлөө авчихсан. Гэхдээ сэтгэл судлаач мэргэжлээрээ Монголд сурах эсэхийг тодорхой шийдээгүй л байна. Бүх зорилго маань гадагшаа чиглэсэн гэж хэлж болно.


ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 

Сэтгүүлч Т.ДАВААНЯМ, Зураглаач Н.БАТМӨНХ, Э.ЭНХБАТ, Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж